УИХ-ын Байгаль орчин хөдөө аж ахуйн болон Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.06.24/ хуралдав.
“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлтийн сонслоо.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтуяа танилцууллаа. Тэрбээр, ажлын хэсэг энэ хугацаанд гурван удаа хуралдаж, “Тавантолгой түлш” ХХК-аас ирүүлсэн үйлдвэрлэл, технологитой холбоотой 23 багц материал, 5 стандарт, 6 боть санхүүгийн мэдээлэл, дэмжих бүлгийн ажлын явцын тайлан мэдээллүүдтэй танилцаж ажилласан.
2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан гээд ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг онцоллоо.
“Тавантолгой түлш” ХХК-ийн “Сайжруулсан шахмал түлш”-ний одоо мөрдөж байгаа MNS 5679:2022 стандарт нь ахуйн хэрэглээний шахмал түлшний олон улсын нийтлэг жишгийг хангахгүй байгаа тул “Ахуйн хэрэглээний шахмал түлш: Техникийн шаардлага” нэршлээр шинэ стандарт нэн даруй боловсруулж батална.
- Стандартыг хэрэглээнд нэвтрүүлж, аж ахуйн нэгжүүд энэхүү стандартын дагуу зах зээлийн зарчмаар чөлөөтэй өрсөлдөх боломж бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгох,
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас эргэн төлөгдөх нөхцөлтэй, зээлээр санхүүжүүлсэн 1.5 их наяд төгрөгийг эргүүлэн төлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хохирол, алдагдлыг барагдуулах арга хэмжээ авахыг “Тавантолгой түлш” ХХК-д үүрэг болгох,
- Засгийн газрын шийдвэрээр тодорхойлогдсон зорилтот үр дүндээ хүрээгүй, цаашид хүрэх эсэх нь тодорхойгүй, 905.8 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай, санхүүгийн болон үйлдвэрлэл технологийн чадваргүй, энэ байдлаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй “Тавантолгой түлш” ХХК-ийн өмчлөл, бүтэц, менежментийн оновчтой хувилбарыг судалж, олон нийтийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгож өөрчлөн байгуулах,
- эсхүл татан буулгах хувилбаруудаас аль үр дүнтэйг сонгон шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгох,
- улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой Нүүрс баяжуулах үйлдвэр, Хагас коксын үйлдвэр, Нунтаг кокс бэлтгэн нийлүүлэх төсөл гэх мэтээр санхүүжүүлсэн нийт хөрөнгийн зарцуулалтыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж,
- улс, байгууллагад эд хөрөнгө, санхүүгийн аливаа хохирол, алдагдал, өр төлбөр учруулсан нь тогтоогдвол буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх дүгнэлт гаргасан байна.
“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, шахмал түлш руу шилжилт хийж, тодорхой үр дүнд хүрсэн. Тухайн үед түүхий нүүрсийг хот руу оруулахгүй байх төрийн хяналт маш сайн байсан. Харин сүүлийн хоёр жил түүхий нүүрсний хэрэглээ өсч, нийслэлийн утаа ихэссэн.
Өнөөгийн нөхцөл байдалд нэг шат ахиж, түлшний чанарыг сайжруулахын тулд хагас коксжсон нүүрс рүү шилжих эрдэмтдийн дүгнэлт гарсан.
Энэ нүүрсийг БНХАУ-аас импортлох судалгаа хийх талаар холбогдох байгууллагаас үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар урд хөршөөс хөх нүүрс буюу хагас коксжсон нүүрс авч, ирэх өвөл нийслэлчүүдийг хангана гэсэн шийдвэр гарсан. Үйлдвэрлэлийн технологи энгийн буюу үндсэн түүхий эд 95 хувь, 5 хувь нь барьцалдуулагч шаарддаг. Түүхий эд хангалтгүй учраас түлшинд үр дүн гарах боломжгүй байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, технологийн алдаанаас болж 779 хүн нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс энэ үйлдвэрийг цаашид ажиллуулах боломжгүй юм гээд “Таван толгой түлш” компанид 1,4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг эргэн төлөгдөх нөхцөлөөр хийсэн.
Үүнийг хэрхэн шийдэх вэ, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, “Таван толгой түлш” компанид өнөөдөр хэчнээн хүн ажиллаж байгаа талаар зөвхөн төрийн өмчит компаниар бус хувийн хэвшлийнхнээр түлш үйлдвэрлүүлж боломж буй талаар асуулаа.
Ажлын хэсгээс хариулахдаа, УИХ-ын 27 дугаар тогтоолоор 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл өрийг барагдуулах үүрэг өгсөн. Хагас коксжсон нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай “Ян сарьдаг” компани энэ жил 10-20 тонн үйлдвэрлэх бол ирэх жилээс 100-150 тонн үйлдвэрлэх боломжтой. Бид үндэсний үйлдвэрлэлээ нэн тэргүүнд дэмжиж байна.
“Таван толгой түлш” компани 1000 орчим ажилтантай. Засвар хийж, ажилтнуудаа амраасан гэх зэргээр хариулав.
Байнгын хорооны гишүүд “Таван толгой түлш” компанийн байгуулсан дэд бүтцийг ашиглаж, дараагийн алхам руу шилжих нь зүйтэй, тус компанийн харьяаллыг тодорхой болгох талаар болон ирэх өвөл утаагүй өвөлжье гэвэл яаралтай технологийн шийдлээ гаргах хэрэгтэй гэх зэргээр санал хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.