Өчигдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод 18 мм аадар бороо орсон. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд хэд хэдэн байршилд борооны ус тогтсон талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.
Тэрбээр “Өчигдөр хотод аадар бороо орж, зарим байршилд ус тогтсон. Гэвч ус тогтсон байршлуудад ус зайлуулах шугам байхгүй гэдэг нь худал мэдээлэл. Бид одоо УИД-ийн урд талын авто зам дээр ажиллаж байна. Өчигдөр энэ хэсэгт ус тогтсон, иргэд алхаж явахад хүндрэл үүссэн.
Гэвч Улаанбаатар хотод 18 мм тархмал үер бууж, Зурагт, Дэнжийн 1000, Баянбүрд зэрэг газраас УИД орчим руу урсаж буусан. Улмаар энэ хэсэгт тодорхой хугацаанд ус тогтсон. Тиймээс 40:80 хэмжээтэй шүүрт худгийг 50 метр тутамд, шаардлагатай тохиолдолд 5 метр тутамд байрлуулсан боловч, өчигдрийнх шиг нөхцөл байдалд их хэмжээний усыг нэгэн зэрэг зайлуулах боломжгүй юм.
Иймд, өчигдрийн энэ хэсэгт тогтсон ус бороо намдсанаас 20 орчим минутын дараа зайлагдаж дууссан. Бусад ус тогтсон байршилд нэмэлтээр дөрвөн машин механизм ус соруулж ажилласан” гэв.
Мөн энэ онд ГУББГ-аас нийслэлийн хэмжээнд хамгийн их ус тогтдог эрсдэлтэй 24 байршлын зургийг гаргасан. Энэ хүрээнд эхний долоон байршлыг эрэмбэлж, ус зайлуулах шугам угсрах бөгөөд зургаадугаар сарын 2-ноос есдүгээр сарын 1-ний дотор дуусгахаар ажиллаж байна.
Өнгөрсөн онд 15 байршилд 5.1 км ус зайлуулах шугам угсарсан. Энэ оны хувьд тухайн долоон байршилд мөн 15.6 км ус зайлуулах шугам угсрах юм. Жишээлбэл, Вокзал, Энхтайваны гүүрний дор, Бөмбөгөр, Саппоро зэрэг байршилд шинээр ус зайлуулах шугам угсрах ажлыг үе шаттайгаар хийж байна.
Улаанбаатар хотын шугам сүлжээ нь харьцуулбал аалзны тор шиг буруу төлөвлөлттэй учраас шууд шугам хоолой угсрах боломжгүй буюу кабель, цахилгаан, бохир, цэвэр усны шугамтай огтлолцдог. Тиймээс нарийн төлөвлөгөөний дагуу зураг гаргаж, ажлыг гүйцэтгэж байгааг Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан онцоллоо.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ