МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуулийн доктор, тэргүүлэх профессор Б.Сувдтай ярилцлаа.
-Танай сургуулиас хэрэглэгчдийн дунд эдийн засгийн итгэл үнэмшил ямар байгааг судлаад халалттай байна гэж дүгнэсэн. Энэ бол хэрэглэгчдийн судалгааны дүн. Харин та судлаач хүний хувьд Монгол Улсын эдийн засаг ямар байна гэж үзэж байна. Цаашид ямар байхаар төсөөлж байна вэ?
-Судалгаагаар хэрэглэгчид их өөдрөг хүлээлттэй байгаа нь харагдсан. Эдийн засаг өснө, өргөн хүрээг хамарч, иргэддээ хүрсэн байдлаар өргөжнө гэсэн хүлээлт хэрэглэгчдэд байна. Би ч ялгаагүй Монгол Улсын эдийн засаг цаашид илүү хөгжих, өсөх ирээдүй байна гэж үзэж байгаа. Үүнийг зөвхөн тооны өсөлтийн хувьд хэлж байгаа юм биш шүү. Өсөлт гэдэг зөвхөн үзүүлэлт. Түүний цаана ажил эрхлэлт нэмэгдэж, ядуурал буурч, иргэдийн аж амьдрал дээшилнэ гэсэн тийм эерэг хүлээлт байгаа юм. Санамсаргүй сэтгэлийн хөөрлөөр ингэж хэлсэнгүй. Судалгаанынхаа үр дүнг харьцуулаад үзэхээр эдийн засаг өснө гэсэн хүлээлт тогтвортой явж ирлээ. Нөгөө талаас Улаанбаатар хотын хэмжээнд ажил эрхлэлт нэмэгдэж, ядуурал буурч байна. Энэ бол том ололт шүү дээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийн үр дүн гарч эхэлж байна гэсэн үг.
-Ажилгүйдэл, ядуурал буурч байгаа тоон мэдээлэл бий. Гэхдээ эдийн засгийн өсөлт ядуу өрхүүдэд хүрч, тэдний амьжиргааг сайжруулсан гэдэгт эргэлзэх хүн олон байна шүү дээ?
-Эдийн засгийн өөрчлөлт өрхүүдэд жигд биш ялгаатай хүрч байна. Жишээ нь, өрхийн тэргүүн нь ажил эрхэлдэг үү, үгүй юу, боловсролын төвшин, эрэгтэй, эмэгтэй хүн байна уу гэдгээс эхлээд л ялгаа үүснэ. Өөрөөр хэлбэл, орон сууцанд амьдардаг, өрхийн тэргүүн нь ажил эрхэлдэг гэр бүл эдийн засгийн эерэг өөрчлөлтийг илүү түргэн мэдэрч байгаа юм. Харин гэр хороололд амьдардаг, өрхийн тэргүүн нь ажилгүй, өрх толгойлсон эмэгтэйтэй өрхийн хувьд байдал муу гэсэн үг. Тийм хүмүүст боломжийн ажил олдох нь хэцүү учраас эдийн засгийн хувьд өөрчлөлт гарч ирэхгүй байх жишээтэй. Гэхдээ ямар нэг байдлаар ядуурал буурч, ажил эрхлэлт нэмэгдэж байгаа нь тодорхой. Үүнийг ганц манайх ч бус статистик болон бусад судалгаа мэдээлэл харуулж байна. Энд нэг сайхан олзуурхууштай зүйл дурдъя. Хэдийгээр өнөөдөр ядуу өрх байгаа ч гэлээ бидний асуусан бэлэн мөнгө тараах нь зөв үү гэсэн асуултад ажил эрхлээгүй иргэд хүртэл “буруу юм аа, өөрийн идэвхи чармайлтад тулгуурлан хөгжих ёстой” гэж хариулсан байгаа юм. Олонхи нь ийм бодолтой байна. Үүнийг судлаачид олзуурхаад зогсохгүй бодлого боловсруулагчид анхаарч, үйл хэрэгтээ тусгаасай гэж бодож байна.
-Эдийн засаг өссөн, цаашид ч өснө гэсэн хүлээлт иргэдэд бас эдийн засагч танд ч байна. Гэвч энэ өсөлтийг зүгээр л хөөс гээд байгаа шүү дээ. Хөөсийг хөөс биш болгох арга зам нь юу байж болох вэ?
-Эдийн засаг өснө гэдэг нэг ойлголт. Тэр өсөлтийг яаж хүртээмжтэй болгох вэ гэдэг нь арай өөр асуудал. Орлого хуваарилалтын тухай яригдаж байна гэсэн үг. Орлого хуваарилалт жигд биш байна гэж их ярих болсон. Нэг талд хэт баян цөөн тооны өрх байхад, олонхи өрх ядуу эсвэл дундаж төвшинд байсаар байгаа юм. Тэгэхээр орлого хуваарилалтын бодлогод өөрчлөлт оруулж байж гэмээнэ үр дүнг нь өөрчилнө. Гэхдээ зүгээр мөнгө тараах утгаар хэлээгүй шүү. Тэгш бус хуваарилалтыг өөрчлөхийн тулд ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажил эрхэлж байгаа хүмүүсийн бүтээмжийг дээшлүүлэх ёстой. Бүтээлч үйл ажиллагаанд оролцож байж орлого нэмэгдэх учиртай. Хэрэв, нэг хэсэг нь хөдөлмөрийн бус орлого олоод байгаа бол түүний эсрэг шударга өрсөлдөөн өрнүүлэх, шударгаар тэмцэх хэрэгтэй. Энэ мэт олон зүйл яригдана. Ганц цалин хөлс өсгөх эсвэл мөнгө тараах замаар өөрчилнө гэвэл бас л өрөөсгөл. Тийм болохоор олон талаас нь эцсийн үр дүн нь нэг байхаар бодож тооцох хэрэгтэй.
-Сонгогчдод их хэмжээний мөнгө амлах нь буруу гэж эдийн засагчид үзэж байсан. Энэ жил цалин тэтгэвэр нэмэх, халамж, эх орны хишгийг түгээхэд нэлээд их хэмжээний мөнгө төсөвлөсөн. Та дөрвөн жилийн өмнө хэлж байсан үгээ өнөөдөр ч хэлэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Бүх нийтээр нь бэлэн мөнгө тарааж халамжилж болохгүй. Ийм сэтгэлгээнээс татгалзах ёстой. Үнэхээр өнөөдөртөө ажил эрхлээгүй, өөр орлого байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу айл өрх байгаа л даа. Тэдэнд мэдээж тодорхой хугацаанд халамж хэрэгтэй. Түүнээс ажил эрхлэх чадвартай иргэдэд халамж өгч болохгүй. Нийтэд нь бус харин тухайн өрхийн онцлог байдлаас хамааран ялгавартай зорилттой бүлэгтээ хандаасай гэж бодож байна.
-Өнөөдөр гэхэд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөг тарааж эхэллээ. Ямар үр дагавар авчрах бол?
-Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмж, сая саяар нь тараасны эцэст нөгөө л инфляц чинь өснө гэсэн үг. Тэгмээргүй байна л даа. Цалин хөлс өсгөх бол давхар хөдөлмөрийн бүтээмжээ өсгөнө, тэгж үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж яривал арай өөр байж магадгүй.