Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Ази тивийн боксын шилдгүүдийг тодруулдаг "Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн" Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, “Аса” аренад албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Азийн 25 орны 230 гаруй шилдэг тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Азийн боксын холбооны Ерөнхийлөгч Пичай Чунхаважра, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, тэмцээнийг Зохион байгуулах хорооны дарга Х.Нямбаатар, Монголын Боксын холбооны Ерөнхийлөгч М.Баянмөнх тэргүүтэй гадаад, дотоодын хүндэт зочид, төлөөлөгчид оролцлоо.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ: "1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн энэхүү нэр хүндтэй тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Монгол Улс энэхүү тэмцээнд тогтмол оролцож ирсэн бөгөөд манай баг тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 20 гаруй алт, 30 гаруй мөнгө, 60 гаруй хүрэл медаль хүртсэн нь бидний хамтын хичээл зүтгэлийн бодит илэрхийлэл юм. Монгол Улсын Засгийн газраас спорт, тэр дундаа олимпын төрлийн спортыг дэмжих, олон улсын тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулах, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж байна" хэмээн онцлон тэмдэглэв.

Мөн Азийн боксын холбооны Ерөнхийлөгч Пичай Чунхаважра болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар үг хэлж, тивийнхээ шилдэг тамирчдад спортын өндөр амжилт хүслээ. Энэхүү тэмцээний нээлтийн үйл ажиллагаа нь Монгол Улсын түүх, өв соёл, орчин үеийн хөгжлийг илтгэсэн тусгай найруулгатайгаар зохион байгуулагдсанаараа онцлог байв. Нээлтийн ёслолыг эхлүүлж морьт цэргийн жагсаал "Аса" аренад хүндэтгэлтэйгээр хүрэлцэн ирсэн бөгөөд үүний дараа 22 улсын баг тамирчид туг далбаагаа мандуулан парадаар алхан орж ирсэн юм.

Урлагийн тоглолтын салхийг "Анир" поп оркестр "Эзэнт гүрэн" хөгжмийн бүтээлээр эхлүүлж, "Хатан чуулга"-ын бүжигчид "Монгол аялгуу - Монгол хатан" бүжиг бүжиж, "The HU" хамтлаг уран бүтээлээ толилуулсан бөгөөд дуу, бөмбөр, гэрлийн тусгай эффект хосолсон үзүүлбэрүүд нь тэмцээний сүр жавхааг нэмж байв.Бокс нь залуу үеийг сахилга бат, тэсвэр хатуужилд төлөвшүүлж, улс үндэстнүүдийн найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлдэг спортын чухал төрөл бөгөөд энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн нь бүс нутгийн спортын дипломат харилцааг өргөжүүлэх чухал индэр болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан