Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, уг зөрчлийг шалган шийдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар шалгах, шийдвэрлэх эрх бүхий ажилтнууд өнөөдөр (2026.04.07) хэлэлцлээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Сангийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол банк, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монополын эсрэг газар, Улсын бүртгэлийн газар, Татварын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагын төлөөлөл, албан хаагчид оролцсон юм.
Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэг, зөрчил шалгах албаны Зөрчил шалгах мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Эрдэнэлхагва Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гомдол, мэдээлэл, түүнийг шийдвэрлэсэн тоон баримт танилцуулж, тулгамдсан асуудал, эрх зүйн орчинд тусгах саналаа хэлсэн юм.
Тухайлбал, Харилцаа холбооны зохицуулах хороо болон цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын хооронд цахим орчинд явуулж буй сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд мэдээлэл солилцох хугацаа, журам, хамтын ажиллагааны механизмыг тодорхой болгож, хуурамч цахим хаягийг шуурхай тогтоох, хаах боломжийг бүрдүүлэх чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг санал гаргав.
Харилцаа холбооны зохицуулах хороо сонгуулийн сурталчилгаа явуулахдаа хүртээмжтэй байдлыг хангах зохицуулалтыг нийтлэг шаардлага болгох болон эрх зүйн орчныг боловсронгуй болгохдоо техникийн боломжийг харгалзах шаардлагатайг тодотгосон юм.
Нам эвсэл, нэр дэвшигч, сонгогчдод хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг урьдчилж өгөх, сонгуулийн боловсрол хамтарч шаардлагатайд оролцогчид санал нэгдлээ.
Эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар гаргасан эрх бүхий байгууллагуудын саналыг Сонгуулийн ерөнхий хороо нэгтгэж, хууль санаачлагчид хүргүүлэх юм.
Эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо

























