Компанийн тухай хуулийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрэм, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
А. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хангалттай ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
2. Компани эсхүл түүний хараат, охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын (зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч гэх мэт) ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
3. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;
4. Тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх (нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал “томоохон харилцагч” гэж үзнэ);
5. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;
6. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
7. Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх;
8. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх;
9. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
10. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
11. Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаггүй байх;
12. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
13. Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх (2 ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно);
14. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
15. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
Б. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
1. Мэргэжлийн чиглэл:
Бизнесийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, уул уурхай, санхүү, нягтлан бодох бүртгэлийн аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан байх;
2. Менежментийн туршлага:
Томоохон бизнесийн байгууллагын Гүйцэтгэх захирал, дэд захирал, чиг үүрэг хариуцсан захирал, газрын захирлын түвшний албан тушаал 5-аас дээш жил эрхэлж байсан туршлагатай, бизнесийн стратегийг тодорхойлох, санхүүжилт татах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
3. Мэргэжлийн туршлага:
Стратеги, бизнес төлөвлөлт, менежмент, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжилгээ, эрсдэлийн удирдлага, аудит комплайнс, бизнесийн эрх зүй, компанийн засаглал, манлайлал, төслийн удирдлагын чиглэлээр амжилттай ажилласан туршлагатай байх;
4. Хувь хүний шинж чанар:
Бүтээлч, ажлын идэвх санаачилгатай, шударга, өндөр ёс зүйтэй, харилцааны чадвартай, хараат бусаар бие дааж шийдвэр гаргах болон багаар хамтарч ажиллах чадварууд эзэмшсэн байх. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргээ биелүүлэхэд хангалттай цаг зарцуулах боломжтой байх.
5. Бусад мэдлэг, чадвар
Байгаль орчин, нийгэм, засаглал, тогтвортой хөгжлийн бодлого, уур амьсгалын эрсдэлийн удирдлага, нөхөн сэргээлтийн хяналт, орон нутгийн харилцааны стратегийн талаар зохих мэдлэгтэй байх;
6. Давуу тал болох шалгуур (зайлшгүй биш)
- 6.1. Олон улсын туршлага:
Олон улсын нэр хүнд бүхий уул уурхай, хөрөнгө оруулалт, банк, санхүү, аудитын компанид ажиллаж байсан туршлагатай;
- 6.2. Менежмент, эдийн засгийн чиглэл:
Үнэт цаас, хөрөнгө оруулалт, даатгал, санхүүгийн зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй;
Компанийн хувьцааг олон нийтэд санал болгох, нээлттэй болгох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;
- 6.3. Санхүү, аудит, нягтлан бодох бүртгэлийн чиглэл:
Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх эсхүл татварын мэргэшсэн зөвлөхийн, аудиторын эрхтэй;
- 6.4. Хууль, эрх зүйн чиглэл:
Хуульчийн гэрчилгээтэй, компани, бизнес, иргэний эрх зүйгээр мэргэшсэн, хууль зүйн сургалт, эрх зүйн туслалцаа, өмгөөллийн этгээдэд удирдах албан тушаалд ажилласан;
- 6.5. Уул уурхайн чиглэл:
Үндсэн орд ашиглаж олборлох үйл ажиллагаа явуулдаг компанид удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх бөгөөд уул уурхайн томоохон төсөл, үндсэн ордод геологи судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно.
ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бөглөх, цээж зураг наасан байх);
3. Ажил байдлын хоёроос доошгүй тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4. Нийгмийн даатгалын лавлагаа;
5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
6. Иргэний үнэмлэхний хуулбар;
7. Хараат бус гишүүнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох материалууд.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 16.30 цаг хүртэл Улаанбаатар хот-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байр 102 тоот, Төлөөлөн удирдах зөвлөлийн Ажлын алба, Нэр дэвшүүлэх хороонд хүлээн авна.
АНХААРАХ ЗҮЙЛС:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ.
- Нэг дугтуйнд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг хийнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй болно.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Хараат бус гишүүнд нэр дэвшигчийг “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

























