Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Гэтэл даяарчлалын эринд зарим хүн ийм өдөр гэж байхгүй, зөвхөн социализмын үед Зөвлөлт Орос хүчээр тулган хүлээлгэсэн ёс бус зүйл, ер нь Америк тэргүүтэй өндөр соёлтой өрнөдөд ийм өдрийг огт тэмдэглэдэггүй гэх.
Түүхийн худас сөхөн үзвэл энэ өдрийг онцгойлон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэхэд олны анхаарлыг татах сэдлийг Америкчууд хамгийн анх гаргасан байх юм. 1908 оны гуравдугаар сар буюу март нэртэй сарын 8-нд Нью-Йорк хотын Социал–демократ үзэлт эмэгтэйчүүдийн байгууллагын уриалгын дагуу эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалахыг шаардсан жагсаал болсон юм. Энэ өдөр 15 мянган эмэгтэй ажлын цагаа багасгах, эрэгтэйчүүдтэй адил цалин хөлс олгох, сонгуулиар санал өгөх эрхийг шаардан Нью-Йорк хотын гудамжаар жагссан байдаг.
Улмаар 1909 онд Америкийн Социалист нам үндэсний хэмжээнд эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх шийдвэр гаргасан бөгөөд 1913 оныг хүртэл энэ өдрийг хоёрдугаар сарын сүүлийн ням гарагт тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Энэ ням гараг нь 1909 онд хоёрдугаар сарын 28-нд таарч байв. 1910 онд АНУ-ын Социалист намын гишүүн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэгч эмэгтэйчүүд Олон улсын социалист үзэлт эмэгтэйчүүдийн бага хуралд оролцохоор Данийн нийслэл Копенгагенд хүрэлцэн иржээ. Баг хурлын үеэр Германы төлөөлөгч Клара Цеткин Америкийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх баярыг Олон улсын хэмжээнд тэмдэглэж байх санал гаргаснаар энэ өдрийг тухайн үеийн өрнө дахинд тэмдэглэдэг болсон юм.
Клара Цеткиний санал болгосны дагуу энэ өдөр эмэгтэйчүүд өөрсдийн эрхийг хамгаалах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд жагсаал, цуглаан зохион байгуулдаг болов. Гэхдээ энэ баярыг улс болгон янз бүрийн өдөр тэмдэглэж байжээ. Тухайлбал, 1911 онд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг Герман, Австри, Дани, Швейцарь улсад гуравдугаар сарын 19-нд тэмдэглэж байв. 1912 онд нэр гарсан улсууд энэ баярыг бүр тавдугаар сарын 12-нд тэмдэглэн жагсаал цуглаан зохион байгуулж байлаа.
1913 он гэхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан олон улсын баярыг дээрх улсуудаас гадна Франц, Чех, Унгар, Нидерландад тэмдэглэдэг болж хүрээгээ тэлсэн байна. 1914 онд энэ өдрийг Австри, Дани, Герман, Нидерланд, Орос, Швейцарь гэсэн орнуудын өөрсдийн эрхийн төлөө тэмцдэг ухамсартай, дайчин эмэгтэйчүүд анх удаа гуравдугаар сарын 8-нд тэмдэглэсэн юм.
Эмэгтэйчүүдийг эрхээ хамгаалах олон улсын өдрийг тунхаглан зарлах замаар тэгш эрхийг шаардах шалтгаан мундахгүй байлаа. Тухайн үед өрнө эсвэл дорно гэлтгүй нийгмийн хамгийн дарлагдсан давхаргын нэг нь эмэгтэйчүүд, нөгөө нь өнгөт арьстнууд байв. Өнгөт арьстан эмэгтэйчүүд бол бүр хэцүү. Одоо ч байдал дээрдээгүй байна.
Шинэ Зеланд улс өрнөдийн түүхэнд анх удаа 1893 онд эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрх өгсөн. Олон улсын хүчтэй шахалтын дор Кувейт 2005 онд, Арабын Нэгдсэн Эмират 2006 онд, Саудын Арави 2011 онд л зөв харж инээж, буруу харж ярвайн сонгох эрхийг өгч байсан юм.
Америкчууд 1920 онд л үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж сонгуулийн явцад хүйсээр ялгаварлан гадуурхахыг хориглосноор эмэгтэйчүүд санал өгдөг болсон. Гэхдээ энэ өөрчлөлт нь хар арьст эмэгтэйчүүдэд үйлчилдэггүй байв.
Японд эмэгтэйчүүд 1945 онд л сонгуульд оролцон санал өгөх эрхтэй болсон.
Францад 1944 оноос хойш эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болсон ч Алжир гэх мэт колони улсуудын лалын шашинт эмэгтэйчүүд 1958 онд л сонгуульд оролцох эрхтэй болж байлаа.
Их Британид 1928 оноос л өмч хөрөнгө, гарал үүсэл гэлтгүйгээр санал өгөх эрхтэй болж байсан ч Британийн эзэнт гүрний хамгийн том колони байсан Энэтхэг 1947 онд тусгаар тогтнолоо олсны дараагаар л эмэгтэйчүүд нь сонгуульд оролцох эрхтэй болжээ.
Орос 1918 оноос хойш эмэгтэйчүүд нь эрчүүдийн адил эрхтэй, санал өгөх боломжтой болсон ч 1991 онд Зөвлөлт задран унах хүртэл санал өгөх эрх нь ёс төдий зүйл байлаа.
Энэ мэт олон жишээнээс өрнөд маягийн ардчилал эмэгтэйчүүд гэдэг хүмүүс санал өгөх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөд тун удаагүй нь харагдаж байгаа юм.
Хамгийн гол нь эмэгтэйчүүдэд наад зах нь сонгуульд оролцон саналаа өгөх эрхийг улстөрчид, бүр тодруулбал эрэгтэй улстөрчид тийм ч амар өгсөнгүй. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гэсэн улс дамжсан нүсэр арга хэмжээний нөлөө, түүнийг дэмжсэн олон зуун мянган хүний шахалт дор өгсөн. Тиймээс “Мартын 8” гэсэн өдрийн ач холбогдлыг үгүйсгэх, харлуулах нь наанадаж түүхээ мэдэхгүй байгаа, цаанадаж эмэгтэйчүүдийн эрхийг үл тоосон хэрэг болно.
Энэ өдрийн ач холбогдол, хүлээн зөвшөөрөгдсөн байдлын тухайд гэвэл НҮБ 1975 оноос эхлэн “Мартын 8”-ыг Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр гэж арга хэмжээ явуулж эхэлсэн. Тиймээс маргааш Армени, Азербайжан, Афганистан, Беларусь, Буркина-Фасо, Вьетнам, Гвинея-Бисау, Гүрж, Замби, Израиль, Камбож, Киргиз, Кирибати, Хятад, Коста-Рика, Куба, Лаос, Мадагаскар, Молдав, Монгол, Балба, Казахстан, Орос, Серб, Тажик, Туркмен, Уганд, Узбек, Украин, Хорват, Черногор, Эритрейд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэнэ.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг анх товлож, энэ хөдөлгөөнийг манлайлсан Америк эмэгтэйчүүдийн хувьд эрх баригчид нь “Мартын 8” гэсэн өдрийг коммунизмын явуулга, зүүний хүчнийг дэмжигчдэд олныг араасаа дагуулах боломж олгох магадлалтай гэсэн хардалт дагуулсан тул удалгүй мартагдсан. Гэхдээ эмэгтэйчүүдийг баяргүй огт үлдээсэнгүй Эхчүүдийн баяр гэдэг өдрийг жил болгон тэмдэглэдэг болгон өөрчилсөн юм. Ингэснээр АНУ, Австрали, Бельги, Япон, Финлянд, Дани, Турк, Италид тавдугаар сарын хоёр дахь ням гараг болгоныг Эхчүүдийн баярын өдөр гэж тэмдэглэдэг. Харин Их Британид 40 хоног үргэлжилдэг Христийн шашны мацагийн дөрөв дэх ням гарагийг Эхчүүдийн баяр гэж тэмдэглэдэг. Швед, Францад тавдугаар сарын сүүлийн ням гарагийг Эхчүүдийн баяр гэж тэмдэглэдэг.
Гэхдээ яаж ч нэрлэлээ гээд охид, бүсгүйчүүд эхчүүд, эмэгтэйчүүдээ хүндлэн дээдлэх баяр байхгүй бол болохгүй. Заавал байх ёстой. Жишээлэхэд, Америкт гуравдугаар сарын 1-ийг өнгөт арьтсан эмэгтэйчүүдийн -өдөр гэж тэмдэглэдэг. Энэ өдрөөр өнгөт арьстан эмэгтэйчүүдийн тулгардаг асуудалд олон нийтийн анхаарлыг татах арга хэмжээ болдог. Францад гэхэд гуравдугаар сарын эхний ням гарагт Эмээ нарын өдөр гэж тэмдэглэдэг. Энэ өдөр Франц даяараа 50-аас дээш настай бүх эмэгтэйчүүд, эмээ нарыг хүндлэн дээдэлж баярлуулдаг уламжлалтай.