“Миний дүү ахыгаа хаалга руу оруулаад өгөөч” хэмээн тэргэнцэртээ тогтож ядан суугаа 40 гаруй насны хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэгэн залуугаас гуйна. Харин өнөөх залуу хариуд нь “Би яарч байна. Та нарт зориулсан зам чинь хажууд чинь байна” хэмээн үл тоон өнгөрөв. Өнөөх хөгжлийн бэрхшээлтэй иргэн “Ийм зам тавьж байхаар тавихгүй байсан нь дээр. Иймэрхүү хоёрын хооронд зам байхгүй үед хүмүүс биднийг хаалганд дөхүүлээд өгдөг байлаа. Гэтэл албан байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж хоёрын хооронд зам тавьснаас өнөөдөр хүмүүс биднээс зайлсхийх боллоо. Бидэнд зориулан зам тавьж байгаа юм бол олигтойхон хийгээсэй” хэмээн гомдоллов.
Харин “Хангарьд” руу дотогш ороход хүмүүс лифт рүү бие биенээсээ өрсөн уралдан орно. Энэ үед өнөөх хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоцров. Түүнийг Н.Соном гэх бөгөөд тэрээр 10 жилийн өмнө автын осолд орж өрөөсөн хөлгүй болжээ. Ийм явдал Соном гуайд бараг өдөр бүр тохиолддог гэнэ. Энэ удаад орчлонгийн сайхныг харах байтугай сонсох, барих хувь дутсан тэдний саналын багахан хэсгийг ч болов хүргэхийг зорилоо.
Удахгүй арванхоёрдугаар сарын 3-нд Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Иймээс нийслэлийн Засаг даргын тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг сонсохоор өчигдөр уулзалт ярилцлага хийсэн. Энэ үеэр Монголын дүлий иргэдийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунчимэг “Олон улсын байгууллагын болон төрийн санхүүжилтээр дүүргүүдийн халамжийн газар, хороодод хэлгүй, дүлий хүмүүст зориулсан олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Гэвч дээрх иргэд хамрагдаж чаддаггүй. Наад захын жишээ гэхэд хэлгүй, дүлий хүмүүс бичиг үсэг мэддэггүйгээс дохионы орчуулагчаараа төслөө бичүүлдэг. Гэтэл нэг хүн бичсэн байна хэмээн дүүргийн халамжийн газрын мэргэжилтнүүд хүлээж авдаггүй. Үүгээр ч зогсохгүй дүүргийн халамжийн ажилчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангадаггүй. Тухайлбал, халамжийн мөнгө авахад бүрдүүлэхэд шаардагдах материалд нэмэлт орсон, шинэ хууль үйлчилж эхэлсэн гэх мэт мэдээллийг өгдөггүй байна. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд дүүргийн халамжийн газар очсон хойноо л мэдэж, тухайн бичиг баримтаа бүрдүүлэхээр буцдаг “хэмээн ярилаа. Ер нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд дүүргийн халамжийн ажилчид ажлаа хийдэггүй гэдгийг батлан хэлж байсан.
Мөн эмч, цагдаа халамжийн ажилчид ямар ч дохионы хэл мэддэггүй. Тиймээс хэл амаар доромжлон мэдрэл муутай юм уу, хөөе гэж хашхирдаг энэ мэт зовлон тэдэнд мундахгүй. Харин ямар нэгэн албан байгууллага руу ороход үүдэнд нь шар хуудас наадаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр хуудсыг авч ороод өөрсдийгөө таниулдаг байх жишиг тогтоох саналыг энэ үеэр гаргаж байсан. Түүнчлэн дохионы хэлмэрч орчуулагч гарын таван хуруунд бий. Иймээс мэдээ мэдээллийг хүртэл дохионы хэлний орчуулагчаар орчуулаад байдаггүй. Адаглаад өнгөрсөн сонгуулиар нэг ч телевиз, нам хүчин дохионы орчуулгатай сурталчилгаа явуулаагүй. Иймэрхүү л байдлаар дүлий иргэдийн эрх зөрчсөөр байгааг уулзалтын үеэр дуулгасан. Өвлийн хахир хүйтэнд түлээ нүүрсний хөнгөлөлт олгох нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд жаахан ч болов нэмэр болсоор нэлээд хэдэн жилийг орхижээ. Энэ жилээс түлээ нүүрсний хөнгөлөлтийг бүх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохгүй болсон.
Долдугаар сарын 1-нээс шинэ заалт гарсан хэмээн дүүргийн халамжийн ажилчид хэлсэн нь түлэх нүүрснийхээ мөнгийг яаж олох вэ хэмээн толгойгоо гашилган суугаа тэдэнд хүнд цохилт болжээ. Хараагүйчүүдийн үндэсний холбооныхон ямар өөрчлөлт орсон талаар харьяа яамнаас нь тодруулахад өөрчлөлт ороогүй. Хуучин олгодог журмаараа олгож байгаа гэжээ. Гэтэл халамж дэмжлэг хэрэгтэй иргэдэд үйлчлэх ёстой анхан шатны нэгж болох дүүргийн халамжийн ажилчид буруу мэдээлэл өгчээ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй олон иргэдэд чирэгдэл учруулсан аж. Иймээс хуулийг зөв хэрэглэх талаар анхан шатны байгууллагын ажилчдаа сургамаар байна. Үүнээс гадна орон гэргүй, сүмээр явж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн олон бий. Халамжийн байгууллага гэдэг эдгээр иргэнийг орон гэртэй болгоход анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг Хараагүйчүүдийн үндэсний холбооны нарийн бичгийн дарга дуулгаж байлаа.

Тухайлбал, бие засах, цайгаа уухаас эхлүүлээд. Иймээс байнгын асаргаа сувилгаа хэрэгтэй хүнийг асарна гэдэг хүнд даваа тул тэдэнд халамжийг нь л нэмж дэм болъё. Нөгөөтэйгүүр, төрийн зүгээс халамжийн мөнгийг нь нэмэгдүүлэх боломж байхгүй хойно тэдэнд ажлын байрыг нь бэлдээд өгөхсөн. Ер нь гадуур гар урлал, оёмол бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээл хэмээн хаа сайгүй харагддаг. Энэ нь тэдний хөдөлмөрч гэдгийг илтгэнэ. Төрийн ташуур хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд л үгүйлэгдэж байна шүү.