НИТХ-ын ээлжит VII хурал өнөөдөр 10:00 цагт эхлэх товтой байсан ч АН-ын бүлгээс хэлэлцэх асуудлын хүрээнд буюу “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой шаардлага ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын дарга А.Баяр хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гаргасан.
Ингэхдээ алхаа ч цохилгүйгээр шийдвэр гаргасан тул "МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн заалтыг зөрсөн" хэмээн НИТХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүн гарын үсэг зурснаар ээлжит бус 11 дүгээр хурлыг Ж.Батбаясгалангаар удирдуулан эхлүүлсэн.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар хэлэхдээ, "А.Баяр даргыг огцруулахаар 34 төлөөлөгч гарын үсэг зурсан албан бичгийг өгсөн" гэв.
Ээлжит хуралдаанд санаатайгаар саад учруулсан, хурлаа хаяж явсан хэмээн А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцэж, тус хуралд оролцсон 31 гишүүний 29 нь дэмжсэнээр НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа.
Эл хуралдаанд Хотын дарга Х.Нямбаатар нарын төлөөлөгчид оролцов.

























