Гурван жилийн өмнө Нийслэлийн Засаг даргын тушаалаар Урт цагааныг Жуулчны гудамж болгон өөрчилж,өнгө төрхийг нь өөд нь татсан. Нийслэлийн төсвөөс 50 сая төгрөг гарган гэрлэн чимэглэл, усан оргилуур байгуулж,хөшөө баримлаар чимэглэсэн билээ. Жуулчдад зориулсан юм болохоор үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, уран зураг, баримал зэргийг нэг дороос худалдан авах боломжийг олгож павилон ч байрлуулсан. Гэтэл гэнэтхэн 700 сая төгрөгөөр 12 метрийн өргөнтэй, 240 урт зам барихаар төлөвлөлөө хэмээн шийдвэрээ гаргаж, Жуулчны гудамжныхныг хөөж эхэлсэн. Тэгэхдээ нийслэлийн Авто замын газраас тендерээ зарласан. Зургадугаар сарын 1-нээс зам барих ажлаа эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 1 гэхэд павилонуудыг нүүлгэж, талбайг чөлөөл гэсэн албан бичиг өгсөн. Харин жуулчдад зориулсан гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон борлуулагч нар өөр газар руу шилжүүлэн нүүлгэхгүй бол чөлөөлөхгүй хэмээн ч их гүрийсэн. Юутай ч буржгар шар үстэй, өндөр том хамартай өнөөх хар, шар нөхдүүд манайд жуулчилдаг улирал эхлэхтэй зэрэгцэн Жуулчны гудамжаа нүүлгэчихэж. Тус гудамжинд байрлуулсан 24 павилоныг хаа нэгтээ нүүлгээд, хүрэл хөшөөнүүдийг үлдээжээ. Павилонууд байсан талбайн нэлээд цаахна талд жижигхэн цагаан асар барьж, арьсан болон эсгий эдлэл, янз бүрийн сувинер зарж буй нэгэн эмэгтэй зогсч байлаа. Бодвол Жуулчны гудамжны хууччуулын нэг бололтой. Ингээд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Жуулчны гудамжийг хаашаа нүүлгэсэн юм бол?
-Мэдэхгүй ээ. Энэ талбайг ашиглаж, замаа өргөтгөнө энэ тэр гээд хөөгөөд байсан. Тэгээд л нэг өдөр нүүлгэчихсэн. Би хавар энд гарахгүй байж байгаад саяхнаас зогсч эхэлсэн.
-Арьсан эдлэл болон сувинер борлуулдаг байсан хүмүүс нь хаашаа нүүсэн юм бол. Нийслэлийн аялал жуулчлалын газраас павилонуудыг шилжүүлэн нүүлгэх газар хайж байгаа гэж байсан. Олсон юм болов уу?
-Олоогүй ээ. Павилонд байсан хүмүүс эргэн тойронд л хаана нүх сүв байна тэнд орцгоосон. Үсчин, хүнсний дэлгүүр, цайны газар, алт мөнгөний дархан хажууд гээд хаа сайгүй л юмаа зарж байгаа. /гараараа эргэн тойрноо баахан заалаа./ Бид чинь гурван жил болчихсон, үнийн хувьд ч гайгүй болохоор жуулчдыг овоо татаад эхэлж байсан юм. Даанч гэнэтхэн шийдвэр гаргаад ингээд гудамжинд хөөгдчихлөө дөө.
-Таны хувьд жижигхэн асар бариад юмаа зарж байна. Хүмүүс ирж хөөхгүй байна уу?
-Би ямар байшин барьчихсан байгаа биш. Хэзээ замаа барина гэнэ, тэр үед нь яваад л өгнө. Манай энд хувцас, хунар борлуулдаг гурван ч том асар байгаа шүү дээ.
-Жуулчид ирж сувинер худалдаж авч байна уу. Таны борлуулж байгаа зүйлс жаахан сонголт багатай юм аа?
-Тийм ээ. Борлуулалт муу байгаа болохоор их бараа татах шаардлагагүй л дээ. Зүгээр байж байхаар гээд өдөртөө гарч ирдэг юм аа. Харин эргэн тойронд энд тэндгүй байрлаж буй томоохон наймаа эрхлэгчдийн борлуулалт муу байгаа байх даа.
Жилээс жилд жуулчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Жуулчны гудамжтай болно хэмээн анх санаачилсан нь нийслэлийн Аялал жуулчлалын газар. Жуулчны гудамжийг анх нүүлгэх шийдвэр гарахад тус газрын мэргэжилтэн нь “Одоогоор Жуулчны гудамжинд үйл ажиллагаагаа явуулж буй гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч нарыг тэнд аваачина гэсэн юм алга. Хотын төвд байрлуулна гэхээр газар олдохгүй хэцүү. Хэрэв нүүлгэх газар олдвол павилонуудаа кранаар нэг тийш нүүлгэдэг байх даа. Эцсийн шийдвэр гараагүй. Барималууд л хэцүү байна. Нүүлгэх явцад эвдэрч гэмтвэл харамсмаар юм” хэмээн халаглаж байсан. Энэ талаар дахин тодруулахаар тус газрыг зорилоо. Гэвч хариулчихаар албан тушаалтан байсангүй, харин мэргэжилтэн нь бололтой нэгэн эмэгтэй “Хаашаа нүүлгэснийг нь сайн мэдэхгүй байна. Мэдэж байгаа хүн нь ээлжийн амралтаа авчихсан” хэмээлээ.