Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кипрчүүд хадгаламжиндаа төрийн гар шургуулахыг хүссэнгүй

Киприйн парламент өчигдөр хуралдаад Европын холбооноос олгох зээлийн нөхцлийг батлахаас татгалзлаа. Европын холбоо тус улсын дампуурахдаа тулсан банкуудад 10 тэрбум еврогийн зээл санал болгохдоо хэд хэдэн нөхцөл болзол тавьсны дотор банкны хадгаламж эзэмшигчид мөнгөн дүнгийнхээ 6-10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг нэг удаагийн шимтгэл маягаар өгөх ёстой гэсэн шаардлага байсан юм. Гэвч энэ болзлыг жирийн иргэд, хадгаламж эзэмшигчид эсэргүүцээд зогсохгүй хууль тогтоогчдын хориг саадтай тулгарлаа. Европын холбооны зээлийн нөхцлийг хүлээн зөвшөөрөх эсэхээр санал хураахад нэг ч гишүүн зөвшөөрсөн санал өгөөгүй, бүгд татгалзсан байна. Энэ мэдээ парламентын ордны гадна жагсч байсан хадгаламж эзэмшигчдийг тун их баярлуулжээ.

Гэвч Киприйн парламентын гаргасан шийдвэрт Европын холбоо сэтгэл дундуур байна.Германы Сангийн сайд “Энэ зээлийн хөтөлбөр Кипрт реформ хийх ач холбогдолтой байсан юм. Тэд үүнээс татгалзсанаар зарим банк хаалгаа барихад хүрнэ” гэж мэдэгдсэн байна. Одоогоор Киприйн хоёр ч том банкинд яаралтай санхүүжилт хэрэгтэй байгаа бөгөөд даруйхан шийдэж чадахгүй бол бүрмөсөн хаалгаа барихад хүрэх аж.  
Хэдийгээр хууль тогтоогчид хүлээн зөвшөөрөөгүй ч Киприйн Ерөнхийлөгч улс төрийн хүчнүүдийг ятгаж, Европын холбооноос зээл авах явдлыг хүчлэх төлөвлөгөөтэй байна. Тэрээр өнөө өглөө улс төрийн намуудын удирдлагатай уулзахаар урьсан байна. Ерөнхийлөгч хэлэхдээ зээл авч чадахгүй бол улс даяар санхүүгийн гүн хямралд орохыг сануулж байгаа ч кипрчүүд тийм ч хурдан дансан дахь мөнгө рүүгээ гар дүрэхийг хүсэхгүй байгаа юм.

Хэрэв Европын холбооны зээлийн нөхцлийг зөвшөөрвөл 20 мянган еврогоос дээш хадгаламжтай хүн бүр нэг удаагийн шимтгэл төлөх ёстой. Тухайлбал, 20-100 мянган еврогийн хадгаламж эзэмшигч 6,75 хувь, 100 мянгаас дээш бол 9,9 хувийн шимтгэл төлөх нөхцөлтэй байгаа юм. Гэвч энэ явдал аль хэдийнэ банкны харилцагчдыг цочроож, эхнээсээ мөнгөө татаж байгаа. Хэрэв эрх баригчид зээлийн нөхцлийг зөвшөөрлөө гэхэд хадгаламж эзэмшигчид банкин дахь нийт мөнгөний 10 хувийг нэн даруй татахаар төлөвтэй байгаа юм.

Киприйн хадгаламж эзэмшигчдийн нийт мөнгө 68 тэрбум еврогоор үнэлэгдэж буй бөгөөд тэдгээр харилцагчдын 40 орчим хувь нь гадаадын иргэд, түүний ихэнх нь оросууд байгаа аж. Их Британийн иргэд ч хадгаламж эзэмшигчдийн дунд олноороо байгаа ба хэрэв хүмүүс мөнгөө татаж, банк мөнгөгүйдвэл ашиглахаар Их Британийн Батлан хамгаалахын яамнаас нэг сая евро бүхий онгоцыг Кипр рүү илгээжээ. Энэхүү мөнгийг яаралтай үед Кипрт алба хааж буй цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлд зээлдүүлэхээр төлөвлөсөн байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан