Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Турк ирээдүйгээ бодож Сирийг курд хүний гарт атгуулахыг хичээв үү

АНУ нь Их Британи ба Францыг Сирийн босогчдод зэр зэвсгийн тусламж үзүүлбэл дургүйцэхгүй гэдгээ өчигдөр албан ёсоор илэрхийлэв. Сирийн хууль ёсны Засгийн газрын тэргүүн Башар Асадын хувьд энэ бол тун ч таагүй мэдээ. Гэхдээ Сирийн сөрөг хүчин нэртэй хэн нь мэдэгдэхгүй баахан хүн цуглуулж байгаад түр Засгийн газар гээчийг Туркт байгуулжээ. Сирийн босогчдын энэ Засгийн газрыг тэргүүлэгч, Ерөнхий сайдаа сонгочихсон байна. Босогчдын Ерөнхий сайд гэгдсэн Хасан Хитто нь АНУ-д  олон арван жилийн турш ажилласан харилцаа холбооны мэргэжилтэй, курд үндэстэн. Шашинаар бамбай хийж бусад үндэстэн, ястнууд, шашныг үзэн ядсан арабууд биш харин курд гэдгийг дахин онцлох хэрэгтэй.

Америкт олон жил ажиллаж байгаад Сирид “ардчилсан” засаглал тогтоохын тулд гэнэт гарч ирсэн Засгийн газрын тэргүүнээр курд хүн сонгогдоно гэдэг тун ч олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх байх гэсэн горьдлого болж буй юм.

Сири, Ирак гэх мэт таван улсын нутаг дэвсгэрийг хамран эртнээс нааш амьдарсаар ирсэн курдууд зөвхөн Туркийн асуудал биш юм. Тун ч эмзэг энэ сэдэв дээр үе үеийн олон улстөрчид тоглосоор ирсэн. Цаашид ч тоглох байх. Нарийвчилбал, Башар Асад нь өөрийн мэдлийн нутагт байгаа курдуудтай нууц гэрээ байгуулаад өрнөдөөс санхүүжилт авч дайран орж ирж байгаа лалын алан хядагчдыг зогсооход нь туславал “Араб ба Курдын холбооны бүгд найрамдах Сири улс” байгуулна гэж амласан гэх. Ийм болохоор Сири дэх курдууд лалын зэвсэгт дайчдад маш хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн юм гэнэ.

Иракт байгаа курдууд үндэстэн нэгтнүүддээ маш их тусламж үзүүлсэн юм байх. Тэд өдгөө де факто тусгаар улс болсон болохоор ийм хэмжээний тусламж үзүүлэх боломжтой болсон. Курдуудын нутаг газрын тосны баялгаар арвин тул америкчууд далдуур тал бүрээр тусламж үзүүлдэг. Гэтэл хэргийн гол нь Турк нь НАТО-ийн гишүүн улс, бүс нутагтаа АНУ-ын гол түншүүдийн нэг байгаад байгаа.

Курдууд нь Туркийн хүн амын 18 хувийг эзэлдэг бөгөөд олон арван жилийн турш Ирак ба бусад улсын нутаг дэвсгэрээс партизаны дайн хийж байгаа. Ийм үед АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд нэг талаас курдуудыг ил задгай дэмжээд байж болдоггүй. Нөгөө талаас Башар Асадыг унагахын тулд курдуудын дэмжлэгийг авах зайлшгүй шаардлагатай тулгарсан юм.  Дээр нь нутагт нь партизаны дайн хийж байгаа олон сая курдыг зогсоох нь Туркийн цаашдын ирээдүйтэй нь салшгүй холбоотой. Ийм үед Сирийн босогчдын Засгийн газрыг байгуулж, тэргүүнээр нь курд үндэстэн хүнийг сонгоно гэдэг тун ч нарийн алхам, олон талын тоглогчдод “нээв шаг” хийж байгаа хэрэг.

Цаашдын эрчимтэй хөгжилд нь асар ихээр саад болж байгаа курдын асуудлыг энхийн замаар асуудлыг шийдэх, цаашид партизаны дайныг зогсоох талаар Туркийн одоогийн удирдлага цөөнгүй алхам хийгээд байгаа. Яг ийм үед курд хүнийг Турк улсад, туркуудын оролцоотойгоор сонгоно гэдэг тун ч нааштай алхам. Партизаны дайн хийгээд байгаа курдууд нь ядаж л адил угсаа, үндэстэй, сэхээтэн хүнийг бүхэл бүтэн улсын Ерөнхий сайдаар сонгосныг үнэлэх нь гарцаагүй. Цаашилбал, Ирак ба Турк гэсэн улсад байгаа курдуудын хувьд “дарангуйлагч Башар Асад”-ыг унагаад цаашдаа энэ улсын нутаг дээр Иракийг ч гомдоохгүй, Туркийг ч гомдоохгүй өөрийн гэсэн улс байгуулах боломж гарч ирж байгаа. Үүнд туркууд, иракчууд бөөн баяр болж байгаагийн дээр Ираны эсрэг дайнд АНУ, НАТО-ийн талд оролцох ихээхэн таатай боломжийг олгож байгаа хэрэг юм. Учир нь Иранд ч цөөнгүй тоооны курдууд амьдардаг билээ. Тэгэхээр дайн үүсвэл өрнөдийн орнууд Ираны ард талд өөрийн гэсэн партизаны хөдөлгөөнтэй болно гэсэн үг.

 Энэ бүхний дээр Өрнөдийн орнууд нь хүссэн үедээ зэвсгээ өөрийнх нь эсрэг эргүүлж магадгүй, яваандаа эргүүлэх нь гарцаагүй араб гаралтай лалын хэт даврагсдыг дэмжээгүй. АНУ, Их Британи, Франц гэх мэт улсын сонгогчид бүгд үүнийг  зөвөөр ойлгож дэмжинэ. Лалын хэт явцуу үзэлтнүүд гэнэт зэвсгээ эргүүлээд эхэлбэл өөдөөс нь тэмцэх өөрийн гэсэн зэвсэгт хүчинтэй болно гэсэн үг. Эвгүйтвэл цаашдаа өөрсдийг нь огт санхүүжүүлэхгүй байж чадна гэдгийг араб гаралтай хүмүүст, улсад харуулж байгаа хэрэг. Сүүлийн үед бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээнд хэт их үйл ажиллагаа явуулаад байгаа Катар, Аравийн нэгдсэн Эмират гэх мэт улсад том сануулга болж байгаа алхам юм. Эвгүйтвэл бидэнд та нараас илүү үнэнч найз нөхөд бий шүү гэсэн хэрэг.

Ер нь, хүчирхэг эдийн засагтай, зэвсэгт хүчинтэй, улс төрийн асар их нөлөөтэй болохоор их гүрэн цол авсан улсууд хэрэв санаа нийлж байгаад дайрвал ямар ч улсыг унагаж чаддагийн жишээ нь Сири болох гээд байгаа билээ. Эхнээсээ “Аравийн хавар” нэртэй хөдөлгөөнийг интернэт  ашиглан эхлүүлж ойролцоох олон улсынх нь төрийг эргүүлсэн. Тэгээд дараа нь Сирид олон арван жилийн турш дарагдмал маягтай амьдарч байсан лалын хэт явцуу үзэлтнүүдийг гэнэт бүгд дэмжив. Өөрсдөө болохоор тэр дэмжээд байгаа лалын хэт явцуу үзэлтнүүдийг нэг нүдээрээ үздэггүй. Цаашилбал, Ливид төр эргүүлсэнтэй адил асар богино хугацаанд төр эргүүлэхдээ НҮБ-ыг ашиглахын тулд Аюулгүйн зөвлөлөөр шийдвэр гаргуулах гэтэл Орос, Хятад хоёр эрс татгалзсан. Тэгэхээр нь энэ хоёр улсыг өөдгүй дарангуйлагч дэглэмтэй, муу улс гэж улс төрийн төвшинд дарамт шахалт үзүүлэн удаан хугацааны туршид “панаалдсан” ч тусыг олсонгүй. Ийм үед Сирид хайртай орнуудын бүлэг гэгчийг үүсгээд түүгээр дамжуулж босогчид нэртэй лалын хэт явцуу үзэлтнүүд голлосон хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон. Зэвсгийн тусламжийг бол Катар гэх мэт улсууд үзүүлж байгаагаа огт нуугаагүй. Зарим улс нь өөрийн нутаг дэвсгэр дээрх Сирийн Элчин сайдын яамны байр, газрыг булаан авч босогчдын нэртэй шинэ Засгийн газарт өгч эхлэв. Одоо Орос, Хятад хоёр санаагаа өөрчлөхгүй гэдгийг нэгэнт ойлгосон болохоор босогчдын Засгийн газар гэгчийг байгуулж түүний тэргүүнээр курд хүнийг сонгон айхтар ээдрээтэй энэ өрөгт ээлжит нүүдлээ хийж байгаа нь энэ. Ираныг хямдхан, онц зүйл бололгүй унагахын тулд эхлээд бүсэлж аваад бүх талын дэмжлэгээс нь таслах хэрэгтэй. Үүнд Сири дэх Башар Асадын толгойлсон дэглэмийн заавал унагах шаардлагатай байгаа юм. Тэгэхээр  Сирид болж байгаа бүх хэрэг явдал анхнаасаа сиричүүдэд огт хамаагүй, өрнөд Европ ба Америкийн улс төр, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах гэсэн ганцхан зорилготой байсан болж таарч байгаа юм. Ираныг цөмийн зэвсэгтэй болох гэлээ, газрын тосны наймаанаас олж байгаа мөнгөө АНУ, Өрнөд Европын явуулж байгаагаас эсрэг чиглэлд явуулж байна гэж буруутгасантай холбоотой.

Их гүрнүүдтэй зөрнө гэдэг наандаж л хилийн чанадад тусгаад Засгийн газар, Ерөнхий сайдтай болсноор ээдрээ эхэлдэг гэдгийг энэ бүхэн харуулж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан