АНУ-ын ахлах сургуулийн хөлбөмбөгийн тамирчин хоёр хүү хүчингийн хэргээр ял авсан нь улс даяар цочроогоод байна. Охайо мужийн хөлбөмбөгчид хөвгүүд өнгөрсөн наймдугаар сард сургуулийнхаа үдэшлэгийн үеэр ухаангүй болтлоо согтсон 16 настай охиныг хүчирхийлсэн байна. Тэд хүчирхийлээд зогсохгүй охины нүцгэн зургийг авсан байсан нь хожим гэмт хэргийн баримт болжээ. Үнэндээ энэ хэргийн баримт гэх зүйл олдоогүй, охин ухаангүй байсан учраас болсон явдлын талаар юу ч мэдэхгүй байгаа ч тэд үдэшлэгний үеэр юу болсон тухайгаа ярьсан интернэт чатын яриа, текст мессэж, дүрс бичлэг зэргээ онлайнд үлдээсэн нь хакеруудын хараанд өртөж, улмаар олон нийтийн сонорт хүрсэн байна. Энэ явдал залуус, өсвөр насныхны хүмүүжил, архи дарсны хэрэглээ эцэстээ юунд хүргэж байгааг эцэг эхчүүд эргэн нэг харахад хүргэсний зэрэгцээ өдөр ирэх тусам дэлхий нийтийг аалзны сүлжээ шиг хэрж буй онлайн ертөнц, интернэт гэдэг гэмт хэрэгтнийг ч гарах газаргүй болгож, амьдралын салшгүй нэг хэсэг болсныг харууллаа.
Хэрэг үйлдсэн хөвгүүдийг насанд хүрээгүйчүүдийн хориход хамгийн багадаа нэг жил хорих юм байна. Ялын тогтоолыг унших үед хөвгүүд эхэр татан уйлж, охины амьдралыг сүйтгэснээ ойлгож байна гэдгээ хэлжээ. Хөвгүүд ахлах сургуульдаа нэр хүндтэй тамирчид байсан учраас тэдний хэргийг дарж, басхүү ялаас мулталж үлдэх гэсэн оролдлого их байсан ч нэгэнт олны анхаарлын төвд орсон хэргийг ялын тогтоолоор төгсгөлөө.