Дэлхийн хэмжээнд компьютерийн технологи, интернэтийн ач холбогдол нэмэгдэх тусам энэ салбарт ёс бус үйлдэл хийж хялбар аргаар мөнгө олдог, олохын тулд сүрдүүлэгчдийн тоо улам нэмэгдсээр. Интернэт ашиглан гэмт хэрэг үйлдэгчид буюу хакеруудын элдэв үйлдлийн талаарх мэдээлэл сүүлийн үед тасрахаа байсан. Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр хакерууд Америкийн алдартай хүмүүсийн талаарх хувийн нууцын чанартай мэдээллүүдийг хууль бусаар олж авсан, авсныгаа олон нийтэд хүргэсэн гэдгийг нь Холбооны мөрдөх товчоо, цагдаагийн газрууд шалгаж эхэлсэн тухай мэдээ олны анхаарлыг маш ихээр татаж, дуулиан тариад байна. Хакерууд нь .su гэсэн өргөлтгөлтэй нэгэн сайт дээр АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, дэд Ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Лос-Анжелос хотын цагдаагийн дарга Чарли Бек гээд улс төрийн томчуудаас эхлэн олон хүний нууц мэдээллийг дэлгэжээ.
Нууц мэдээлэл гээд байгаа нь гэрийн бүх хаяг, зээлийн картны дугаар, нийгмийн даатгалын дугаар, банкны дансны дугаар, авсан зээл ба зээлийн төлөлтийн хэмжээ, утас ба машины дугаар, үл хөдлөх хөрөнгийн зээл, зээл төлөлтийн хэмжээ, банкны бүх гүйлгээ гээд асар их хувийн мэдээлэл юм. Улс төрийн өндөрлөгөөс гадна Ким Кардашян, Эштон Катчер, Пэрис Хилтон, Бейонс, Jay-Z, Мел Гибсон, Бритни Спирс, Халк Хоган, Арнольд Шварценеггер, Дональд Трамп гээд олон одын энэ төрлийн бүх нууц мэдээллийг олонд дэлгэн харуулжээ.
Ийм мэдээллийг алдлаа гээд юу болдог юм бэ, сүржигнэх хэрэг байгаа юм уу гэсэн асуулт олон гардаг. Үнэндээ бол сүржигнэхээс өөр аргагүй юм. Жишээлэхэд, олон сая ам.долларын хөрөнгөтэй дуучин Бейонсын зээлийн картны дугаарыг олж мэдсэн өөр нэг хакер тусгай программ хангамж ашиглаж байгаад нууц үгийг нь олоод мэдчихжээ гэж бодъё. Ингэвэл юу болох вэ? Интернэт ашиглаж байгаад агшин зуур хэдэн зуун мянган ам.доллараар нь есөн шидийн бараа худалдан авна. Буяны биш харин алан хядах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дансанд хэдэн мянган ам.долларын хандив өргөнө. Энэ талаарх мэдээ нь явсаар олон нийтийн сонорт хүрэх үед жинхэнэ супер дуулиан дэгдэж хүний нэр хүнд нь навс унана. Олны танил хүний алдар нэр, нөлөө их байх тусам энэ төрлийн мэдээллийг ашиглахыг нь хүссэн хүмүүсийн тоо олон.
Жишээлэхэд, Мишель Обамагийн утасны дугаарыг олж мэдсэн хакер мөн л тусгай программ ашиглаж байгаад утасных нь дугаарын өмнөөс Бүгд найрамдах намын удирдлагууд руу заналхийлсэн утгатай мессеж бичээд эхлэвэл яах вэ? Эсвэл банкны данс руу хэнийх нь мэдэгдэхгүй өөр данснаас их хэмжээний хандив өргөөд, төд удалгүй хандив өргөсөн данс нь лалын зартай алан хядагч байгууллагын нууц данс байсан нь олон нийтэд илэрвэл юу болох вэ? Үгүй бол Ким Кардашяны дугаар руу гаж донтнууд хэдэн зуугаар мессеж бичээд эхэлбэл яах вэ?
Урд нь хүн тоож орох нь бүү хэл байдгийг нь ч мэддэггүй байсан ийм нэгэн сайт руу хандах хүмүүсийн тоо энэ бүх мэдээллээс болоод ганцхан өдрийн дотор хэдэн мянга дахин нэмэгдсэн байх юм. Энд гараад байгаа .su гэсэн өргөтгөлийг тэртээ 1991 онд өдгөө үгүй болсон Зөвлөлт холбоот улсад зориулан гаргасан юм. Сайт дээр тавьсан мэдээллийг ч орос хэл дээрх тайлбартай байрлуулсан байна. Иймээс олны танил хүмүүсийн хувийн нууцыг хууль бус программ хангамж ашиглан олж авсан хакерууд нь оросууд гэх яриа ч бий. Гэтэл оросоор бичсэн тайлбар нь зөв бичих дүрмийн маш бүдүүлэг алдаатай байсан болохоор оросуудаар халхавч хийсэн өрнөдийн хакерууд гэсэн таамаг гараад байгаа юм.
Энэ хэргийн талаар мөрдөн байцаалт явуулж байгаа Холбооны мөрдөх товчооны хүмүүс ямар нэг тайлбар хийхээс татгалзсан. Түүгээр ч үл барам сайт руу орох боломжийг хааж, тэнд гарсан бүх дугаар, нууц үг энэ тэрийг хуурамч гэх мэдээллийг өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түлхүү цацаж эхэлсэн нь байдлыг улам ээдрээтэй болгож байгаа юм.
Үнэхээр худал мэдээлэл байсан бол бүгд үнэн байна гэсэн худал дуулиан тарих байсан. Харин үнэн мэдээлэл гарсан болохоор худал гэдгийг нь интернэт ашиглагчдад үнэмшүүлэх тусгай ажиллагаа явагдаж эхэлжээ гэсэн хардах үндсийг тавьж байгаа юм.
Өндөр технологийн эринд хувь хүний нууц гэдэг ямар эмзэг, ямар чухал ач холбогдолтой болдог вэ, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь ямар хэрэгтэй вэ гэдгийн энэ хэрэг дахин харуулж байгаа юм.
Ийм хэрэг сүүлийн үед маш олноор гарах болсон. Хакерууд нь аль нэг улсын төрийн байгууллагын сайтыг тусгайлан зарлаж байгаад эвдлэн орж үйл ажиллагааг нь гацаадаг болсон. Интернэт технологи өндөр хөгжсөн улсын хувьд ийм дайралт, гацаа нь маш ноцтой үйл явдал болж хувирдаг. Жишээлэхэд, иргэн болгон нь өөрийн гэсэн сайттай, түүгээрээ дамжуулаад төрийн бүх үйлчилгээг интернэтээр дамжуулан авдаг болсон Эстонийн хувьд хакеруудын ийм дайралт улсын хэмжээний гамшиг болно. Эстонийн иргэд нь цахим үнэмлэхээ ашиглан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих төлбөрөөс эхлээд сонгуультай үед интернэтээр саналаа өгчихдөг. Хакерууд ийм улсын хэдэн мянган хүний хувийн сайтны нууц дугаарыг мэдээд авчихвал юу болох вэ? Тэгээд сонгуулиар өмнөөс нь огт өөр хүнд санал өгөөд байвал төрийн нууц эргэлт хийсэнтэй адил болно. Сүүлийн хэдэн жилийн дотор интернэт, компьютерийн технологийг илүү ихээр хэрэглэх болсон манай улсын хувьд энэ хэрэг бас л нэгэн сануулга болж байгаа билээ. Ямар сануулга вэ гэхээр мэдээллийн аюулгүй байдалд одооноос маш нухацтай анхаарах хэрэгтэй гэж дохио өгч байна. Энэ талын аюулыг олон жилийн өмнөөс мэддэг, өөрийгөө хамгаалах арга хэмжээг аваад сурчихсан Америкт ийм хэрэг гарч байна гэхээр хэрэглэгчдийн туршлага багатай манайд гарвал яах талаар бодохоос ч аймаар.