-Мөнгөгүй гээд автобуснаас буулгасан есөн настай охин долоон цаг явган явж харьсан явдал ОХУ-ын нийслэл Москвад гарч дуулиан тарьж байна-Гуравдугаар ангийн охин Женя Мельникова урлагийн сургуулиас гэртээ харихаар Ярославын замын шугамын автобусанд 16,00 цагт суусан байна. Харин автобусанд орсон хойноо мөнгөө гэртээ мартсанаа гэнэт санаж жолоочид учраа хэлж, үнэгүй аваад яваач гэхэд жолооч ердөө л “Мөнгөгүй бол явган явахгүй юу” гээд буулгажээ. Уг нь хот хоорондын автобусны үнэ ердөө л 40 рубль. Хөөрхий охин 7 цагийн турш явган алхаж Ярославскаас төмөр замын “Лосиноостровская” өртөө хүрчээ. Өнгөрсөн даваа гаригт энэ хэрэг болох үеэр гудамжинд 15 градусын хүйтэн байсан байна.
Харин гэрийнхэн нь сандралдаж сайн дурынханд, онцгой байдлынханд хандсан байна. Тэр даруй 50 орчим хүн цугларан охиныг эрэх ажилд оржээ. Гэтэл төмөр замын Лосиноостровская өртөөнд шөнө дундын үед ганц жаахан охин зогсохыг харсан хамгаалалтын ажилтан очиж асуугаад “алга болсон” охин болохыг мэдэж цагдаагийнхан, эцэг эхэд нь хэл дуулган хүлээлгэж өгчээ. “Охин маш их даарчихсан, бас айсан байсан” гэж тэр цагдаагийнханд хэлсэн байна.
Болсон үйл явдал бол энэ. Манайд бол ийм явдал өдөр тутам гарч байгаа. Эзээгүй Улаанбаатар маань алгын чинээ болохоор хэдэн хүүхэд кондукторт загнуулаад бууж, салхи сөрөн явган алхдагийг төсөөлөх аргагүй.
Харин Москвад юу болсон бэ. Энэ явдал ёстой дуулиан тарьсан. Охин олдсон нь сайн хэрэг, гэхдээ жаахан охинтой ингэж харьцсан хүн сэтгэлгүй тэр жолоочийг зүгээр өнгөрүүлэх ёсгүй гэж олон нийт шуугьж байна. Гол ажил мөрдөн байцаах хороонд оногдох нь тэр. ОХУ-ын Мөрдөн байцаах Хорооны дарга Владимир Маркин эхлээд хүмүүн сэтгэлгүй тэр жолоочийг сайн дураараа хүрч ирэхийг уриалсан. Гэвч сайн дураараа ирсэнгүй. Үүнийхээ зэрэгцээ Москвагийн тухайн чиглэлд үйлчилдэг тээврийн “Трансавтосервис-М” компанид мэдэгдэл өгч тэр өдөр хэн хэн явж байсныг сурвалжилж байна. Энэ компаний ерөнхий захирал Сергей Баранов ч “Бид тэр хүнийг олно. Ердөө 40 рублийн төлөө тийм жаахан охиныг орой болж байхад орхиод явна гэдэг арай л хүнлэг биш сэтгэл” гэж байна. Ингээд компани 12 жолоочийн зургийг мөрдөн байцах албанд илгээж, охиноор таниулахыг оролдож байна. Гэтэл тухайн үед автобусанд жолоочоос гадна 10 орчим хүн байсан гээд байгаа. Тэд ч бас хэн болж байна. Хөөрхий охины өмнөөс 40 рубль төлчих сайхан сэтгэлт хүн бас л байгаагүй хэрэг. Хамгийн сүүлийн мэдээгээр жолоочийг олж саатуулсан гэжээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Энэ хэрэг оросуудын дунд дуулиан тарилаа. Харин манайд...............Хэн нэгэн ийм асуудлаар цагдаагийн газарт, автобусны компаниудад хандвал юу гэж хариулах бол.