Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их гүрний дагалдагчдын эмгэнэлтэй хувь тавилан


Өчигдөр Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай нь АНУ-ын удирдлагыг Катар улсад “Талибан” хөдөлгөөнтэй нууцаар хэлэлцээр хийлээ гэж ихэд хилэгнэсэн байна. Тэрээр Америкчууд ийнхүү өөрийн төдийгүй Афганистаны ардчилсан төрийн хамгийн заналт дайснаар тодроод байгаа “Талибан” хөдөлгөөнтэй нууц хэлэлцээр хийх замаар өөрийнх нь тэргүүлж байгаа Засгийн газрыг улс эх орноо гадны тусламжгүйгээр хамгаалах ямар ч чадваргүй гэдгийг харуулахыг завдаж байна гэж мэдэгджээ.  Улмаар 2014 он гэхэд бүрэн гарч дуусах ёстой олон улсын энхийг сахиулах хүчний нэр хүндийг Карзайг гутаан дарамтлах замаар сэргээх гэж оролдлоо гэж хардсан байна. Ийм хэлэлцээр эхлүүлсэн, хэлэлцээрийг Катарын нийслэл Дохад явуулж байгаа, явуулах явуулахдаа, АНУ-ын хамгийн дотны түнш Их Британийн ивээл дор явуулж байгаа тухай мэдээ олон байгаа. Ингэж нууц хэлэлцээр явуулах болсны шалтгааныг АНУ тэргүүтэй олон улсын цэргийн хүчин гарсны дараагаар Афганистанд дахин иргэний дайн дэгдэх, төрийн эрхийг хүчээр булааж авахаас сэргийлэх гэж тайлбарлаж байсан. Гэхдээ нэг талаас тусгаар улсын төрийн тэргүүнийн заналт дайсантай нь нууц хэлэлцээр  хийж, нөгөө талаар заналт дайсантай нь өөрсдөө өдөр болгон дайтаж, устгахыг цэргүүдэд ухуулан уриалж, асар их хөрөнгө зарна гэсэн дотоод зөрчилд идэгдсэн бодлого хэний  ч уурыг хүргэх нь аргагүй. Ялангуяа, Карзай нь өмнөх төрийн тэргүүн Нажибуллагийн хувьд тавиланг санахын сайнаар санаж байгаа болохоор.
Нажибулла нь тухайн үед Афганистанд байрлаж байсан Зөвлөлтийн хязгаарлагдмал бүрэлдэхүүний тусламж дэмж­лэгийн хүчинд Төрийн эрхийг Карзайгаас олон жил барьсан. Америкчуудын дэмжлэгээр тогтож байгаа одоогийн дэглэмээс ялгаатай нь гэвэл тэр үед Зөвлөлтийн тусламжаар одоогийн Афганистанд байгаа бүх нисэх буудал, олон давхар барилгууд, усан хангамжаас эхлээд бүх дэд бүтцийг барьж байгуулсан байдаг юм. Хар тамхины наймаа их байсан ч Нажибуллагийн арми нь нутаг дэвсгэрийг бараг бүхэлд нь хянаж байсан болохоор одоогийнхтой адил байдал байсангүй. Карзайн тэргүүлж байгаа одоогийн Афганистан нь опийн төрлийн хар тамхины дэлхийн хамгийн том нийлүүлэгч болоод байгаа. Зарим мэдээгээр Карзай ч энэ наймаанаас багагүй ашиг олдог бөгөөд ихээхэн хэмжээний хар  тамхи зардаг мужуудад олон улсын эвслийн зэвсэгт хүчнийг эрчимтэй үйл ажиллагаа явуулахыг эрс эсэргүүцдэг гол шалтгаан нь энэ гэдэг.

Түүнчлэн Нажибуллаг тухайн үеийн Зөвлөлтийн шинэ удирдлага болох Горбачев тэргүүтэй улс төрийн элит нь тун ч таагүйгээр “мурьж” хаягаагүй бол одоо хүртэл Афганистаныг энх амгалан, тайван, хөгжилтэй улс байх ёстой байсан гэх хүмүүс өнөөдөр олон болжээ. Ингэж бодоход хүргэсэн олон шалтгаан байна. Нэгдүгээрт, Карзайн арми нь АНУ-аас жил болгон буцалтгүй тусламж хэлбэрээр орж ирж байгаа тэрбум гаруй ам.долларын тусламж дээр л тогтож байгаа. Тусламж үгүй болоод, тусламжаас авч өгдөг байсан цалин өгөхгүй болоод, АНУ тэргүүтэй орнуудын цэрэг гараад явлаа л бол Афганистаны арми, цагдаа нэртэй хүмүүсийн бөөгнөрөл агшин зуур задран унана. Гэтэл Нажибуллагийн тэргүүлж байсан Засгийн газар, түүний арми нь цалин мөнгөний төлөө байлдаггүй байсан билээ. Зөвлөлтийн цэрэг 1989 онд гарч явсны дараа бүтэн гурван жилийн турш тэд зөвхөн өөрийн хүчээр Талибан хөдөлгөөнийг эсэргүүцэн тогтож байсан төдийгүй энэ хөдөлгөөний цэргийн хүчинд удаа дараалан хүнд цохилт өгч байсан юм. Зөвлөлтөөс, өөрөөр хэлбэл Оросоос зөвхөн сум, зэвсэгийн тусламж авч байсан хэрэг. Ийм нөхцөлд шинэ Зөвлөлтийн Гадаад хэргийн сайд Козырев нь Америкийн мэргэжил нэгтэйгээ Талибан хөдөлгөөн болон Нажибуллагийн Засгийн газарт хоёр талаас зэвсэг, сум нийлүүлэхээ болих гэрээ байгуулсан байгаа юм. Оросууд хангалтаа шууд зогсоосон бол Америк албан ёсоор зогсоосон ч Пакистан мэтийн лалын шашинт орнуудын зүгээс үзүүлэх зэвсэг, сумны туслалцаа огт тасраагүй юм. Ингээд аргүй байдалд орсон Нажибуллаа нь “Талибан” хөдөлгөөнтэй эвслийн Засгийн газар байгуулах гэрээ хийж явтал хажуу хавирганых нь хүмүүс урваснаар Зас­гийн эрхээ алдсан. Гэсэн ч зарим улстөрчийн адилаар авлигаар олж авсан мөнгөөрөө сайхан амьдрахын тулд дүрвэсэнгүй. Дээр нь нөлөөгөө  тодорхой хэмжээгээр алдаагүй байсан болохоор 1996 он хүртэл НҮБ-ын төлөөлөгчийн газар дүрвэгчээр амьдарч байсан юм. Гэтэл Зөвлөлт задран унаж АНУ дахь хүчний байгууллагуудын ач холбогдол багассан. Ийм үед АНУ-ын нэгэн тусгай албаны ажилтан ирээдүйд ажиллах боломжгүй болсон гэдгээ ойлгоод талибуудад Нажибуллагийн байгаа газрыг, эвгүйтвэл зугатах зам гэх мэтийн хүртэл нарийвчлан зааж өгөөд багагүй шан харамж авснаар Оросын дэмжлэгтэйгээр төр барьж байсан хүний тавилан эмгэнэлтэйгээр дууссан юм. Талибуд нь дэлхийн ямар ч улсад халдашгүй дархан эрхтэй байдаг НҮБ-ын суурин төлөөлөөгчийн газрыг дайран эзлэж, тэндээс зөвхөн Нажибуллаг олзлон аваад задран үгүй болсон Афганистаны Коммунист намын Швейцарь дахь дансыг хэлүүлэх гэж нурууных нь махыг амьдаар нь огтлох гэх мэтээр аймшигтайгаар тамлаж байгаад эцэст нь дүүжилсэн байдаг. Өчигдрийн найз Орос мартаж мурьснаар ийм юм болсон хэрэг. Хэрэв зэвсэг, сумаар дэмжээд байсан бол Нажибуллаа одоо ч тухайн бүс нутагт нөлөө бүхий улстөрч хэвээр байх байсан гэдэгт олон судлаач санал нэг байдаг.

АНУ тэргүүтэй энхийг сахиулагчид гарч явмагц Карзай гэгчээр толгойлуулсан тоглоомын Засгийн газар нуран унах олон шалтгаан байна. Юуны өмнө авлига. Карзайн гэр бүл нь төрөл саднаараа нийлэн Афганистаны хамгийн том банкыг байгуулж, түүгээрээ Америкаас ирж байгаа тэрбум гаруй ам.долларыг дамжуулж, замаас завшин бүгд саятан болцгоосон гэдэг. Наанаа нэг л их ардчилал, шударга ёс ярьдаг хүмүүс ч америкчуудын гарч явсан сургаар л бүгд Швейцарь мэтийн дундыг баритмлагч улсад очин томхон эдлэн газар, шавилгахан харш худалдаж аваад олон арван жил юу  ч хийлгүйгээр жаргалтай амьдрах хэмжээний хөрөнгө “цавчсан” хүмүүс. Олон зуун овог, омог амьдардаг, тэдний зөвлөл асар их нөлөөтэй байдаг оронд гадны ямар ч дэмжлэггүй болсон Карзайн овгийн төлөө зэвсэг барин тэмцэх хүн байх нь юу л бол. Дараа нь арми, цагдаа, аюулгүй байдлын албадын ажилтнууд нь зөвхөн Америкийн тусламжийн ачаар өндөр байдаг цалин авахын төлөө л “Талибан” хөдөлгөөнтэй тэмцэж байгаа төдий дүр үзүүлдэг. Дараа нь Нажибуллагын үед ядаж л Зөвлөлтөд сурсан үндэсний сэхээтнүүд, лалын шашнаас огт өөр категориор сэтгэх чадвартай хүмүүсийг бэлтгэж байсан бол Карзайн үед тийм зүйл огт байхгүй. Харин ч эсрэгээр хэн нь жинхэнэ лалын шашинтан бэ Карзай тэргүүтэй хэсэг авлигачид уу, “Талибан” тэргүүтэй хэт явцуу үзэлтнүүд үү гэж маргах болсон.

“Талибан” хөдөлгөөн нь лалын шашны хатуу чанд дүрэм журмыг үгчлэн биелүүлэхийг шаарддаг. Тийм болохоор нэгдүгээрт, авлигыг үл тэвчдэг, хар тамхи тарих, хураах, тараахыг цээрлэдэг, архи ба тамхийг хориглодог гээд олон давуу талтай болохоор эгэл жирийн мянга мянган афганичуудын хувьд хамгийн шударга бөгөөд цэвэр ариун хүмүүс болдогт гайхах зүйлгүй.

Харин энэ бүх ээдрээний дараа Карзай хаана дүүжлүүлэх бол  гэдэг сонин. Лалынхан даяарчлалыг дагаад дэлхийн орон болгонд, түүний дотор Швейцарь, Өрнөд Европт асар их нөлөөтэй болсон тул “нөхрийг” ийшээ цагаачлаад ирсэн ч нэг өдөр л хэдэн нөхөр дэлбэлээд, эсвэл гэрт нь дайрч орж ирээд нурууных нь махыг огтлож байгаад нууц дансны дугаар, нууц үгийг нь хэлүүлчихээд дүүжлэхгүй гэх баталгааг хэн ч гаргаж чадахгүй. Тэгвэл Карзай хаана нуугдах вэ, хаашаа зугатах вэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. АНУ руу зугатвал энэ улсаас тусламж болгож явуулсан асар их хөрөнгийг хамаатан садантайгаа нийлж байгаа туучихсан гэдэг болохоор эвгүйтвэл энэ улсын татвар төлөгчид уурлаад нэг л өдөр барьж хориод бүх насаар хорих ял өгч магадгүй. Тэгэхээр Аравийн Нэгдсэн Эмират, Куйвет мэтийн суннитууд давамгайлсан аль нэг улсад л дүрвэж гарч чадвал аз нь болох дээрээ тулаад байна.

Цагтаа манайд ч мөн адил үйл явдал болж байсныг та санаж байгаа байх. Зөвлөлт нь өөрийн эрх ашгийг олон жилийн турш үнэнчээр хамгаалж байсан Ю.Цэдэнбал маршалаас эхлээд олон арван хүнийг огт байгаагүй мэт чадварлагаар мартаснаас хойш ямар эмгэнэлтэй үйл явдал болж байлаа? Арав гаруй жил өнгөрч хүмүүс тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг сэтгэл хөдлөлөөр бус харин эрүүл саруул ухаанаар харах чадвартай болсноор л харах өнцөг өөрчлөгдөж байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан