Манай улсад ураны олборлолт, цөмийн станц байгуулах, цөмийн хаягдал хадгалах гэсэн үндсэн асуудалд эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, жагсаж байхад “Фүкүшима”-гийн нутагт ч хохирогсдыг дурсах үйл ажиллагаа болжээ. Ёслолд тус улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Эзэн хааны гэр бүл оролцов. Японы Ерөнхий сайд Синжо Абэ ард түмэндээ хандан үг хэлэхдээ “Хохирсон бүс нутгийн хүмүүст одоо ч тусламж хэрэгтэй байгаа. Сайн дурынхны үйл ажиллагаанаас эхлээд мөнгөн хандив, аялал жуулчлал, эдгээр бүсэд үйлдвэрлэсэн барааг худалдан авах нь хүртэл тусламж юм. Хүн бүрийн мэдэх хохирсон дүүргүүдэд жирийн хавар ирээгүй цагт Япон орон даяар жинхэнэ хавар болохгүй” гэсэн байна.
Олон мянган хүний амь эрсэдсэн эмгэнэлт хэрэг дэлхий даяар эрчим хүчний эх үүсвэрийн тухай асар том асуудал хөндсөн гэдгийг хэлэхгүй өнгөрөх аргагүй. Фүкүшима АЦС гэмтэж их хэмжээний цацраг идэвхт бодис ус, агаарт алдагдан байгаль орчин, хүн амд хохирол учруулсан. Үүний эсрэг Японы ард түмэн нэгдэж өөрийн улс дахь цөмийн эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэдэг бүх станцыг хаасан юм. Бодит байдалд АЦС-уудыг хаах нь япончуудын цахилгаан хэрэглээний гуравны нэгийг хязгаарлана гэсэн үг. Үүнийгээ нүүрс, шатдаг хийгээр эрчим хүч үйлдвэрлэж нөхөх шаардлага гарчээ. Харамсалтай нь, Японд нүүрс, шатдаг хийн нөөц байхгүй учраас АЦС ажиллуулдагаас хавьгүй их хөрөнгө зарцуулахаар болсон байна. Дэлхий нийтээр эдийн засгийн хямралд ороод, хаа сайгүй л хэмнэлт зарлаж буй энэ үед Японы Засгийн газар ацан шалаанд орлоо. Бүгдийг нь хаана гэж албан ёсоор зарласан АЦС-уудаа буцаан ажиллуулахаас өөр арга байсангүй.
Дэлхий дахинд цахилгааны хомсдолтой, газрын тос, шатдаг хий, нүүрсний нөөцгүй улс орнууд АЦС-ыг дэмжиж байгаа. Гэхдээ аюулгүй байдлыг дээд төвшинд хангасан байх ёстой. Энэ мэдээг сонсоод олон хүн эсэргүүцлийн үг “чулуудаж”, дахиад л тэмцэхээр босч ирэх биз. Гэтэл Өмнөд солонгосчууд цөмийн реакторуудынхаа тоог 2020 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Туркууд цөмийн цахилгаан станц бариулах гэрээг Оростой байгууллаа. Бангладеш АЦС байгуулахаар Оросоос зээл авч, оросуудаар бариулах гэнэ. Энэтхэгт оросуудын барьсан цахилгаан станц ажиллаж эхэлжээ. Оросууд Хятадад дахиад нэг АЦС барьж өгсөн байна. Бодит байдлыг хэчнээн эсэргүүцэж, үгүйсгэлээ ч дэлхийн хүн төрөлхтөн амьдрахын төлөө аюулгүй АЦС-ыг сонгоцгоожээ.
Манай улсыг “шар нунтаг” нэртэй ураны түүхий эд олборлож эхэлсэнд олон хүн ууртай байна. Гэтэл ураны хэрэгцээ Орос, Хятад, Бангладеш, Энэтхэг, Турк, Солонгост ингэж ихээр нэмэгдэж байгаа нь зөвхөн Монголын газар шороог хорлох гэсэн дэлхий нийтийн зүгээс авч буй арга хэмжээ биш гэдгийг ойлгох цаг иржээ. Ялангуяа, ОХУ, АНУ-ын хооронд байгуулсан цөмийн түүхий эд нийлүүлэх гэрээ энэ онд дуусгавар болж, дэлхийн зах зээлд ураны үнэ огцом өсөх цаашдын хандлагыг бид мэдрэх хэрэгтэй. Америкчууд ОХУ-ын хуучин пуужинд байсан цөмийн цэнэгт хошууны уран, плутони зэргийг тогтмол үнээр худалдан авч АЦС-даа ашигладаг байсан нь одоо зогсоно. Ийнхүү ураны дэлхийн хамгийн том хэрэглэгчдийн нэг АНУ дэлхийн чөлөөт зах зээлийн үнээр түүхий эдээ худалдан авч эхэлнэ. Энэ бол ураны үнэ цаашид өсөх үндсэн шалтгааны нэг. Тиймээс монголчууд бид ураныг нууж халхлах, өнгөцхөн үзэн ядах биш өөрөөр харах цаг иржээ. “Шар нунтаг” олборлох нь ямар нөлөөтэй, үр дагавартай, аюулгүй ажиллагаа байдгийг иргэдэд ил тод харуулж, ойлгуулж, эдийн засгийн эргэлтэд оруулвал Монгол Улсын хөгжилд багагүй хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Юм бүхэн хоёр талтай болохоор дандаа үгүй биш, дэлхий нийтийн хандлагаа дагаад хааяа тийм гэхэд буруудахгүй биз ээ.