Тэмээн поло аялал жуулчлалын өдөрлөг Төв аймгийн Эрдэнэ суман дахь “Цонжин болдог” цогцолборт хоёр өдөр зохиогдож, өчигдөр дүнгээ гаргалаа. Дэлхийд нэн ховордож буй хоёр бөхт монгол тэмээн сүргийн тоо толгойг хамгаалан өсгөхөд төр засаг, олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэсэн энэ тэмцээнийг “Монголын тэмээн поло, спорт уралдаан, аялалын холбоо” ТББ, ҮХААЯ болон ССАЖЯ хамтран зохион байгуулсан юм. ССАЖЯ-наас аялал жуулчлалын салбарт нэн тэргүүнд хийхээр төлөвлөж байгаа ажил бол сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх. Тэгвэл энэ сонирхлын аялал жуулчлалын эгнээнд “Тэмээн поло” наадам ч багтах аж. Цаашид уламжлал болгон зохион байгуулснаар өвлийн аялал жуулчлалыг сонирхолтой болгох юм хэмээн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нээлтийн үеэр хэлсэн юм.
Мөн ҮХАА-н сайд Х.Баттулга нээлтийн үеэр “Өнөөдрийн арга хэмжээнд оролцож буй тэмээчид, малчид, зочид, төлөөлөгч нарт энэ өдрийн мэндийг хүргэе
зар малчдад чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлсээр ирсэн.
Тэмээ бол таван хошуу малын нэг. “Тэмээн поло” арга хэмжээ арав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ нь, сүүлийн жилүүдэд ховордож буй хоёр бөхтэй тэмээний тоо толгойг нэмэгдүүлэх зорилго бүхий менежментийн арга хэмжээний нэг. 1950-иад онд тэмээний тоо толгой анх удаа 900 мянгад хүрсэн. Гэтэл 2002 онд 200 мянган тоо болтлоо буурсан удаатай. Сүүлийн тооллогоор 300 мянган тоо толгой тэмээ бий гэсэн тоо байдаг. Иймээс цаашдаа хоёр бөхтэй тэмээнийхээ тоо толгойг өсгөхийн тулд олон арга хэмжээ авах ёстой. Үүний нэг нь өнөөдрийн арга хэмжээ юм” гэв.
2002 оноос УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ жилийн наадамд хамгийн олон тэмээтэй аймаг болох Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай гэсэн аймгийн тэмээчид тэмээтэйгээ ирж оролцсон юм. “Тэмээн поло 2013” наадмын шагналын сан 20 сая төгрөг учир сумдууд зохион байгуулалттайгаар тэмцээнд оролцохоор багаа бүрдүүлэн ирсэн байсан.
Тэмээний сүү хамгийн тослог, ноос нь торгон зөөлөн гээд олон талын ашигтай. Ноолуур нь хэдий үнэтэй ч, ямаа бэлчээр талхалдаг. Тиймээс ямаанд олгодог татвараа тэмээнд шилжүүлэн тэмээнийхээ тоо толгойг өсгөвөл мах нь ч шим тустай хэмээн тэмээ судалдаг хүмүүс олон жилийн өмнөөс л ярьсаар ирсэн. Гэвч тэднийг төдийлөн тоож сонсохгүй байсаар сүүлийн жилүүдэд анхаарах болсон нь 10 дахь удаагийн “Тэмээн поло” наадмаас харагдаж байсан.
Полод оролцох баг дөрвөн гишүүнтэй байдаг. Тэдний нэг нь өөрийн талын хаалгаа хамгаална. Үлдсэн гурав нь нөгөө талын багийн хаалганд бөмбөгөө оруулахаар довтолно. Ингээд тэмцээн хоёр үетэй байраа сэлгэн нэг талдаа долоон минутын хугацаатайгаар тоглож, өрсөлдөгч багийн хаалганд олон гоол оруулсан баг нь ялах дүрэмтэй. Тэмээчин тэмээн дээрээсээ модоор бөмбөгийг цохиж чиглүүлнэ. Тоглогч хэрэв бөмбөгөө онож чадахгүй бол модоо хуга цохих мөн тэмээнийхээ хөлийг цохих аюултай учраас маш хянамгай бас шаламгай байх ёстой аж.

Мөн “Монгол тэмээ” үйлдвэрийн урлаачдын бүтээсэн тэмээн хүүхдийн тоглоом хүүхдүүдийн анхаарлыг ч татаж байлаа. Үндэсний үйлдвэрлэлийг сурталчилсан энэ тоглоомыг эцэг эхчүүд ч хүүхдүүдээ авч өгнө хэмээн ам сайтай байсан. Хятадад үйлдвэрлэсэн машин авч байхаар ийм тоглоом авч өгвөл тэр бүр тэмээг ойроос харах боломжгүй хотын хүүхдүүд багаасаа мэдэх боломжтой ч юм хэмээн хоорондоо ярилцан сонирхож зогсч байгаа харагдав.


Зургийг Ү.Одбаяр