Энэ түүхийг миний дунд сургуулийн алгебрийн багш маань ярьсан юм. Мэдээж би тэр үйл явдлыг нүдээр үзэж туулсан багш шигээ ярьж чадахгүй ч хичээе л дээ. Энэ явдал 1941-1945 онд Ленинградын аймшигт бүслэлтийн үед болсон юм. Тэр цагт миний багш ээж, эмээ, хоёр эгчтэйгээ Ленинградад амьдарч байж. Тэгэхэд багш маань ердөө зургаан настай л байсан гэдэг.
Хүнсийг картаар олгож эхэн үедээ ч нэг их хүндэрчихээгүй л байж. Сүүлдээ л нормт хүнс улам л багасч, удаан хугацаагаар дугаарлаж дугаарлаж хүрэхэд дуусчихсан, хүрэлцэхгүй болсон байдаг болсон байна. Өлсгөлөн нүүрлэж, хүмүүс зүгээр л гудамжинд алхаж яваад гэнэт унаад нас бардаг байсан цаг шүү дээ. Өлсгөлөн, дээр нь хүйтэн нэрмэж хотынхон муур нохой гээд амьтдаа үндсэндээ идээд дууссан байна. Ингээд амьтад дуусаад ирэхээр л энэ аймшигт түүх эхэлсэн хэрэг л дээ.
Багшийнх маань хотын төвийн нэг орон сууцанд давхартаа дөрвөн айл амьдарч байж л дээ. Нэг удаа манай багшийнхан унтацгааж байтал хажуу айлаас нь аймшигтайгаар хашгирах, тусламж эрэн дуудах сонсогдож бүгд сэрцгээжээ. Манай багшийн ээж Зинаида Васильевна босч юу болоод байгааг мэдэхээр гарсан байна. Хоёр хүүтэйгээ амьдардаг эмэгтэйн суудаг зэргэлдээ айлын хаалгыг түлхсэн чинь нээлттэй байх юм гэнэ. Ороод харсан зүйл нь насан туршид нь мартагдахгүй сэтгэгдэл үлдээнэ гэж тэр яахин санах билээ. Шалан дээр хүний тайрсан гар хэвтэж эргэн тойрон нэл цус, өрөө тасалгаагаар дүүрэн цусны эхүүн үнэр ханхийж байх нь тэр. Цаадтай өрөөнд мах цавчих чимээ гарч байлаа. Айсан эмэгтэй буцаж гүйн гэртээ орсон байна. Гэрээрээ айн сандарч, хаалга үүдээ бэхлэн унтацгааж. Маргааш өглөө нь картын хүнсэнд гарахдаа харвал өнөөх хаалгыг хаагаад түгжчихсэн байх юм гэнэ. Үүнээс хойш зэргэлдээ айлынхан харагдахаа больж. Ингээд хэдэн долоо хоног өнгөрчээ. Бүслэгдсэн хотод байдал улам дордож байлаа. Картаар өгдөг хүнс улам л багасч, талх улам жижиг болсоор байлаа. Хүмүүс өлсч үхэж, манай багшийн нэг эгч нь өлсгөлөнгөөс болж нас барсан байна. Ер нь хүмүүс туйлдаж эхэлжээ.
Зинаида Васильевна хүнсэнд гарах гэтэл эгч дүү хоёрын амьдардаг хаалганаас чимээ гарч байна гэнэ. Нөгөө хоёр айл хэдийнээ хүнгүй болсон. Ингээд л Зинаида Васильевна махчингуудын дараагийн золиос бол өөрийнхөн нь гэдгийг мэдсэн байна. Комендатур луу явах тэнхэл үнэндээ тэдэнд байсангүй. Тэгэхээр гэртээ хориглож, хэзээ нэгэн цагт тусламж ирэхийг хүлээх л үлдсэн байна. Угаасаа хүнс хоолгүй, ерөөсөө нөөцгүй болохоор энэ арга тун хэцүү, хэдий хоног тэсэх билээ. Тэгээд аргагүйн эрхэнд нэг удаа гарахаар шийдсэн байна. Гэрээс гараад нэг ч алхаж амжаагүй байтал өмнө нь эгч дүү хоёрын нэг зогсч байх нь тэр. Харваас тэр эцэж тураагүй, гайгүй харагдаж байна гэнэ шүү. Хот даяараа туйлдаж, эцэж туран бараг л нүднээс гарчихсан байхад тэр харин тарган цатгалан толиотой байна гэнэ.
Эмэгтэй Зинаида Васильевнаг хараад инээвхийлэн “Сайн байна уу” гэж мэндэлсэн байна. Гэтэл цаанаас нь нөгөө эмэгтэй нь гартаа сүх барьчихсан гарч ирэхийг анзаарчээ. Айсан эмэгтэй сандарч эргээд зугтаах гэтэл хоёр бүсгүй замыг нь хааж юу юугүй бүслээд авах нь тэр.
Гэтэл ёстой санамсаргүй байтал тусламж ирэх нь тэр. Зинаида Васильевнагийн ээж цонхны дэргэдүүр эргүүлийн цэргүүд явахыг хараад цонхоор дуудсан нь орцонд орж иржээ. Тэд шатаар гарч ирэхэд эмэгтэй сүхээ барьсан чигтээ, ёстой л үйлдэл дээрээ баригдсан байна. Тэгтэл тэр хоёр эмэгтэй зэргэлдээ хоёр байрны хүмүүсийг хэдийнээ барьж идээд, тэр махаа дуусахаар гурав дахь байрны хүмүүс рүү дайрах гэж байсан нь тэр аж.
Ингэж Зинаида Васильевна болон тэдний гэр бүлийнхнийг улаан цэргүүд аварч, махчин болсон хоёр эмэгтэйг буудан алсан байна.
Ц.Хас