Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурал буюу Хятадын парламентын хуралдаан Бээжин хотноо Хятад орны өнцөг булан, үндэстэн ястан бүрийг төлөөлсөн 2987 депутатын бүрэлдэхүүнтэй эхэллээ. Энэ хурлаар БНХАУ-ын шинэ буюу тавдугаар үеийн удирдагчдыг батлах явдал юм. Ирэх арван жилд өмнөд хөршийг жолоодох удирдагчдыг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард БНХАУ-д болсон ХКН-ын 18 дугаар их хурал, тус их хурлаас байгуулсан Бүгд хурлаар тодруулсан юм. Тэднийг Бээжин хотод нээгдээд буй Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар эцэслэн батламжилж ажилд нь оруулна.
БНХАУ-ын даргаар өмнө нь тус улсын дэд дарга байсан ноён Ши Жинпинг томилох нь нэгэнт тодорхой болсон. Бүр 2005 онд түүнийг БНХАУ-ын дэд даргын хувиар Монгол Улсад айлчлахад л Хятадын ирээдүйн дарга хэмээн ноён Ши-г нэрлэж байлаа. Тэр ийнхүү 1949 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ-ыг байгуулсан Мао Зедун түүний залгамжлагч Дэн Сяопин, Зян Зэминь, Ху Жинтао нарын хойч үе, хятадын тав дахь үеийн удирдагчаар тодорч байгаа юм.
Одоогийн байдлаар БНХАУ-ын даргаар Ху Жинтаогийн халааг авч Ши Жинпин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн оронд Ли Кэцян нарыг батлах нь тодорхой болсон. Дээр нэр дурдсан эрхмүүдээс Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуогийн залгамжлагч мөн тодорно.
Чуулганыг Ерөнхий сайдын орлогч бөгөөд Чунцин хотын намын хорооны дарга Жан Дэцян нээснээс харвал тэр Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга буюу монголчилж ойлговол Хятадын Их Хурлын дарга болж мэдэх юм.