Хоёр хүний хооронд болсон хэрүүл маргааны улмаас олдсон бие ба сэтгэлийн шархыг хамгийн сайн эдгээгч нь цаг хугацаа. Харин олон зууны туршид хил залган оршсон улс, үндэстэнүүд хоорондын шархыг цаг хугацаа улам сэдрээж, улам ужигруулдаг онцлогтой. Олон улсын тавцанд тодоор ажиглагддаг ийм зөрчил бол Орос ба Польш хоорондын харилцаа юм. Энэ хоёр үндэстэн мянга гаруй жилийн турш хил залгаа амьдран сууж соёлын болон эдийн засгийн нягт холбоо сүлбээтэй болсон. Гэхдээ үүнээс илүүтэйгээр нэгнээ харилцан “хэт их хайрлах” нь хэрээс хэтэрсэн гэж болно.
Польшийг 18 дугаар зууны дунд үеэс эхлэн Оросын эзэнт гүрэн ил, далд олон явуулга хийсээр эрхшээж, үүнийг Польшийн улс төрийн элитүүд цэрэг хөдөлгөн эсэргүүцсэний дараа анх 1772 онд Прусс, Австри гэсэн хоёр улстай нийлж байгаад газар нутгийг нь хуваагаад авчихсан. Цагтаа их хаант улс явсан үндэстэн ийм зүйлтэй эвлэрэхийг хүсээгүй нь ойлгомжтой.
Удалгүй 1792 онд Оросын эсрэг бослого дэгдээн дайтахад оросууд ялаад өнөө л хөршүүдтэйгээ нийлж байгаад хоёр дахиа газар нутгийг нь хувааж авав. 1794 онд Польшийн үндэсний баатар Костюшко ахин бослого дэгдээхэд оросууд босогчдыг ямар ч эзэрхэгчдийн адилаар хэрцгийлэн дарж аваад гурав дахь удаагаа хуучин хоёр хөрштэйгээ нийлэн газар нутгийг нь хуваан авсан юм.
Улмаар Киевийн вант улсын үеэс Оросын нутаг гэгдэж байсан нутгийг Польшоос буцаан авч, тус нутагт оросуудыг суулгах, христийн шашны католик урсгалыг уламжлал ёсоор дагагч польшуудыг хүчээр христийн шашны үнэн алдарт урсгалд оруулах, сургууль, төрийн албан газруудад эх хэлээрээ ярихыг хориглох, орос хэлийг хүчээр суулгах маш хатуу бодлого явуулж эхэлсэн байдаг. Ингэж байтал Наполеоны байлдан дагуулалт оргил цэгтээ хүрч Оросын эзэнт гүрнийг эзлэх ажиллагаа эхэлсэн юм. Наполеоны армийн далбаан дор улс үндэстнээ тусгаар болгох горьдлого тээсэн польшууд Францын армид дуртайяа элсэн орж, оросуудын эсрэг хамгийн тууштай байлдаж байсан нь түүхэн үнэн. Гэвч Наполеон ялагдсаны дараа Польшийн ихэнх газар нутаг Оросын эзэнт гүрний мэдэлд орсноор эрх чөлөөний төлөөх хөдөлгөөн хорь орчим жил нам гүм байснаа 1830 онд ахин бослого гарч дарагдаж, 1863 онд ээлжит бослого гаргаад дарагдсан байдаг. Энэ олон бослогын хариуд оросууд хуучин Польшийн мэдэлд байсан нутаг дэвсгэрийг оросжуулах бодлогыг маш эрчимтэй явууллаа. Гэхдээ польшууд цөллөгт ч зүгээр суусангүй 1866 онд бослого дэгдээгээд бас л дарагдсан юм. Энэ бүх бослогын явцад Оросын эзэнт гүрэн польшуудыг “Яасан мундаг бослого дэгдээдэг юм бэ” гээд толгойг нь илээд байгаагүй нь мэдээж. Олон мянган хүн амиа алдаж, шорон гянданд хоригдож, Сибирь рүү цөлөгдсөн.
Октябрийн хувьсгалын үеэр тусгаар тогтнож чадсан польшууд олон зууны туршид дарлагдсаныхаа хариуг авахыг хүссэн нь ойлгомжтой. Орост иргэний дайн ид явагдаж байгааг далимдуулан олон зууны тэртээ одоогийн Украйн, Белорус, Литви, Польшийг нэгтгэсэн хүчирхэг улсаа сэргээхийн төлөөх тулааныг эхлүүлжээ. Үр дүнд нь Украйн ба Белорусын баруун нутгийг өөрийн мэдэлд авсан. Үүний дараа Зөвлөлт Оростой энхийн гэрээ байгуулснаар хориод жил тайван байв. Гэвч 1939 онд Гитлер Польш руу дайрснаар дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд Зөвлөлт Орос германчуудтай нийлж байгаад Польшийн газар нутгийг ээлжит удаагаа хуваан авлаа. Ингэхдээ одоогийн Украйн ба Белорусын баруун нутгийг буцаан авч тус хоёр улсад нэтгэв. Германчуудаас зугатан Зөвлөлтийн талд бууж өгсөн гуч гаруй мянган офицерыг Катыний ойд буудан алсан хэргийн дуулиан одоо ч намжаагүй хэвээр. Дэлхийн хоёрдугаар дайнд ялсан гүрний хувьд Зөвлөлт нь Польшийг өөрийн нөлөөллийн бүс болгон авснаар дагуул улсаа болгон хувиргалаа. Эдийн засаг, гадаад ба дотоод улс төрийн бодлогоо польшууд Оросын маш хатуу хяналт дор явуулсаар наяад оны эхтэй золгосон. Хожим Ерөнхийлөгч болсон Лех Валенсагийн удирдсан үйлдвэрчний эвлэлийн эсэргүүцлийн хөдөлгөөн нь Зөвлөлт Холбоот Улс ба социалист системийг бүхэлд нь задран унахад маш том үүрэг гүйцэтгэсэн. Ингээд өнөөдөр та бидний мэдэх орчин үе, Зөвлөлт задарсны дараах шинэ түүх эхэлж байгаа юм. Шинэ Польшийн улс төрийн удирдлага олон зууны турш дарлагдаж явсныг мартахыг огт хүсээгүйд гайхах зүйлгүй. Оросыг хэдий чинээ сайн муулсан, Оросын эсрэг үзлийг хэн сайн ашиглаж чадсан нь улс төрийн өндөрлөгт гардаг болсон гэвэл онц хэтрүүлэг болохгүй л байх. Хэдий ийм ч Орос руу асар их хэмжээний бүтээгдэхүүн экспортлон гаргадаг. Орос руу хамгийн их экспорт хийдэг, бараа таваар харилцан солилцдог арван орны нэг. Энэ нь хэдэн арван мянган ам.доллараар хэмжигдэнэ. Ингээд бодохоор хоёр улсын харилцаа бас ч гэж гайгүй байгаа гэмээр. Гэсэн х ч оросуудыг нэг нүдээрээ үздэггүй. Ялангуяа, Сталины дэглэмийн үед Катыньд хороогдсон польш цэргүүдийн дурсгалыг хүндэтгэхээр нисч явсан Польшийн Ерөнхийлөгч Качинский, армийн өндөр албан тушаалтай олон офицер Оросын нутаг дээр ослоор амиа алдсаны дараа ихээхэн түгшүүртэй байдал үүссэн. АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийн зарим хэсгийг Оросын хилийн ойролцоо байрлуулвал бүр ч ээдрээтэй болов. Оросууд дайрч байна, оросууд манай улсыг эзлэх гэж байна, тэр улстөрч Оростой холбоотой эсвэл оросын эрлийз гэсэн мэдээлэл Польшийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байсхийгээд л гарч байдаг. Саяхан хүртэл Польшийн нэгэн сонинд “Газпром”-ын ашиг унаж, Орос хүнд байдалд орсон нь польшуудын хувьд таатай сайхан мэдээ боллоо гэж бичсэн байсан. Путинийг хэрхэн муулдаг талаар бол яриад ч хэрэггүй байх. Улс төрийн өндөрлөг нь ингэж байхад 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр хэт үндсэрхэг үзэлтнүүд нь Оросын хөгжөөн дэмжигчдийг барьж зодсон танхайрсан хэрэг гарсанд гайхах зүйлгүй.
Оросууд ч мөчөөгөө өгдөггүй. 1605 онд Польшийн дэмжлэгтэйгээр Оросын хаан суудалд хуурамч Дмитрий сууж түүнийг Минин ба Пожарскийгаар удирдуулсан орос босогчид түлхэн унагаж, Москвагаас хөөсөн явдлыг Оросын Холбооны улсын Үндэсний эв нэгдлийн өдөр болгон зарласан. Тэгэхээр жил болгон энэ баярыг тэмдэглэж суухдаа сая сая орос хүн булаан эзлэгч польшуудын хэрхэн ялснаа дурсацгаадаг гэсэн үг. Катыньд буудуулсан польш цэргүүдийн ар гэрт нөхөн төлбөр өгөх, албан ёсоор төрийн хамгийн өндөр төвшинд уучлалт гуй гэсэн албан польшуудын шахалтын хариуд 1920 онд польшуудад олзлогдсон Улаан армийн 200 мянга гаруй хүнээс 83 мянга гаруй нь ёс бусаар амиа алдсан гэж Оросын тал мэдэгдсэн. Улмаар эдгээр цэргүүдийг санаатайгаар хомроглон устгасан гэдгийг хүлээн зөвшөөрч уучлалт гуйхыг шаардсан. Польшийн Засгийн газар ийм алхам хийх нь юу л бол. Ийм нөхцөлд Оросын тал ч уучлалт гуйхгүй. Ухаалгаар гэрээ хийсний ачаар оросууд хил залгаа Польшдоо шатдаг хийг хамаагүй цаана байгаа Германд нийлүүлдгэээ үнэтэй зардаг байснаа энэ жилээс л бага зэрэг хямдруулаад байгаа. Оросууд Украйн цаашилбал Польшийн нутгаар явдаг шатдаг хийн хоолойноос хамааралгүй болох зорилгоор Балтын тэнгисийн ёроолоор хоолой тавих гэрээг Германтай байгуулж хоёр ч хоолойг тавиад амжилттай ашиглаж байна. Ингэснээр Польшийн нутгаар дамжуулан өрнөд Европ руу шахдаг хийн хэмжээ ба түүнээс төлдөг төлбөрийг багасгаж байгаа юм. Үүнийг польшууд Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхийн өмнө Зөвлөлт ба нацист Германы хооронд байгуулж байсан Риппентроп Молотовын гэрээтэй адил гэж шүүмжилж байсан. Польш дахь Оросыг үзэн ядах үзэл хэтэрвэл худалдааны хориг арга хэмжээ аваад хөөрхөн шоглочихдог.
Наад захын жишээ нь, Польшоос мах экспортлохыг бараг зогсоосон. Энэ мэтээр Польшийн улс төрийн өндөрлөг Оросын эсрэг үзлээр хийрхэх тусам цаадуул нь хариу чангалж үр дүнд нь Польшийн тариаланч, үйлдвэрлэгч нар алдагдалд орж оросуудын эсрэг үзэл газар авч, сонгуулиар ялалт байгуулах гэсэн улс төрийн өндөрлөг үүнийг нь дахин ашиглах гэсэн битүү тойрог хэлбэртэй байдал заримдаа үүсэх гээд байдаг. Уг нь, хэн хэндээ ашигтай тохиролцоод явж болмоор. Гэвч түүх гэж нэг хэцүү юм байна.