Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“УУЛСЫН СЭТГЭЛГЭЭНИЙ ТЭЛЭЛТИЙГ...” МЭДРҮҮЛСЭН 30 ДАХЬ БОЛОР ЦОМ

84-тэй аавын 30-тай охин

МЗЭ байгуулагдаад өнөө жил 84 хүрч байгаа билээ. 30 жилийн өмнөөс төрсөн өдрөөрөө найрагчдыг нэгэн тайзнаа цуглуулж тэдний хүчийг үзэх болсон юм. 84 жил гэдэг хүнээр бол өтөл нас. Харин 30 нас бол амьдралын ухаан сууж, ид хийж бүтээх үе. Хэрэв МЗЭ-ийг аав гээд “Болор цом” наадмыг охин нь хэмээн төсөөлбөл энэ айл ургийн модоо зурж эхэлжээ. Ийм бодол энэ жилийн “Болор цом” наадмын өмнөхөн төрж байлаа. Гэхдээ энэ жилийн наадамд олон залуу уран бүтээлч шүлгэн хүлгээ сойж, сүүлийн шатанд тэнцсэн үлдсэн билээ.
ҮДБЭЧ-ын Үндэсний их найрал хөгжимчдийн тоглолтоор нээлтээ хийсэн 30 дахь жилийн наадмыг МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг болон хамтран зохион байгуулагч УДЭТ-ын дарга Д.Цэрэнсамбуу, МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар нар нээсэн юм. Х.Чилаажав “Хоёр зуун, хоёр нийгэм дамжин зохиогдсон “Болор цом” маань 30 нас хүрч байна. Энэ хугацаанд ард түмнийгээ яруу найргаар дамжуулан ард түмнийхээ оюун санаанд өөрчлөлт авч ирэх их үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж ирсэн. Та бүхэнд баярын мэнд хүргэе” гэсэн юм.

“Эхнэрээ сольсон” хөтлөгч

“Болор цом” наадмыг 25 дахь жилдээ хөтөлж буй Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч П.Бадарч, “Болор цом” наадмын хоёр удаагийн тэргүүн, яруу найрагч Б.Ичинхорлоо нар хөтлөн явууллаа. “22 жил хамтран хөтөлсөн Бямбаа маань энэ жил хальтиргаанаас болж хөлөө гэмтээснээр бид хоёр “салж”, би Ичинхорлоотой “гэрлэсэн” маань энэ” хэмээн буурал найрагч П.Бадарч хөтлөгч Ж.Бямбааг үгүйлсэн үзэгчдэд тайлбарлав.

Шүлгийг шүүх хэцүү ч, тэд шүүсэн

Шүлгийг шүүнэ гэдэг хэцүү. Дан ганц шүүгчид биш, үзэгчдээс санал сонсох ёстой гэсэн шүүмж үргэлж л найрагчдаас ирдэг. Энэ жилийн наадмын шүүгчийн бүрэлдэхүүнд Хэл бичгийн ухааны доктор Д.Галбаатар, Яруу найргийн дэлхийн академийн байнгын гишүүн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Нацагдоржийн шагналт яруу найрагч Ц.Хулан, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Ц.Буянзаяа нар шүүн тунгааж, хүндтэй болоод хэцүүхэн албыг хашсан юм. Шүүгчдээс илүү туршлагатай хөтлөгч П.Бадарч “Шүүгчид өөрсдөө ар бүү хэл өврийн хаалгагүй шүүсэн гэдэг юм. Харин би эргэлздэг. Тэд гомдохгүй байх гэдэгт итгэж байна” гэсэн нь жилийн жилд дэгдэх элдэв ярианаас ангид шүүлт явуулахыг сануулсан “өвгөн” найрагчийн “сануулга” байлаа.

Холоос ирсэн зочин

Жил бүрийн наадмыг түрүү жилийн “Болор цом”-ын эзэн нээдэг уламжлалтай. Энэ ч ёсоороо “Болор цом 29”-ийн эзэн, яруу найрагч Д.Болдхуяг нээж “Тусгаар тогтнол” шүлгээ уншсан юм. Тэрээр ӨМӨЗО-нд ажиллаж амьдарч байгаа ч, наадмын уламжлалыг алдагдуулахгүйн тулд гурван өдрийн өмнө эх орондоо иржээ. Энэ жилийн наадамд ӨМӨЗО-ны яруу найрагчдын төлөөлөл оролцож, сүүлийн шатанд цөөн хэд нь тэнцсэн нь түүний гавьяа гэнэ. Тэрээр Монгол бичгээр бичсэн тэдний шүлгүүдийг крилл рүү буулган наадамд илгээсэн гэлээ.

П.Бадарч гуайн хийсэн 29 жилийн судалгааны үр дүн


Яруу найрагч П.Бадарч “Болор цом”-ын 30 жилийн ойгоор өмнөх 29 наадамд хийсэн судалгаагаа нэгтгэн танилцуулсан юм. Түүний тооцоогоор наадмын цомын хоёрыг Архангай, Завхан, Дорноговь, гурван түрүүг нь Дундговь, Өвөрхангай гэх мэт хүртсэн бол 11 түрүүг Төв аймгийн найрагчид авчээ. Энэ 11 цомын нэг нь түүнд бий. Дунджаар 400-1000 суудалтай танхимд наадам жил бүр зохиогдож байлаа гэвэл 18000 хүн өнгөрсөн хугацаанд “Болор цом”-ыг үзсэн байна. Мөн энэ хугацаанд найман савхин хүрэм, найман савхин дээл, таван нэхий дээл, зургаан монгол дээлээр ивээн тэтгэгчид “шатжээ”. Дунджаар таван шүүгч суусан гэвэл 29 жилд 145 шүүгч 200 мянган төгрөг авч, бусдыг шүүх ажилд 29 сая төгрөг зарцуулсан гэнэ. Мөн “Болор цом” наадамд жендерийн асуудал маш хурцадмал байгаа” гэсэн тооцоог “хөтлөгч” найрагч маань хийжээ.

Шагналын бороо асгарах нь тэр ээ


“Болор цом”-ын тайзнаа 34 найрагч шүлгээ уншсанаас хоёрдугаар шатанд 15 найрагч үлдсэн юм. Харин сүүлийн шатанд яруу найрагч Ай.Төмөр-Очир, Б.Галсансүх, О.Цэнд-Аюуш, Б.Мягмаржав, Н.Гантулга нар тунан үлдсэн юм. Энэ удаагийн наадмын “Залуу яруу найрагч” шагналыг С.Начин, “Авьяастан залуу алтан медаль”-ийг Э.Сударчулуун, үзэгчдийн нэрэмжит “Хөх мөнх зөн” өргөмжлөлийг Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Л.Ганзул,  “Болор цом-30” наадмын нэрэмжит шагналыг М.Билэгсайхан, Ю.Идэрчулуун, “Утга зохиолыг дэмжигч” шагналыг Нацагдоржийн шагналт, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нарт гардуулж баяр хүргэсэн юм.

Миний нутаг уйлж байгаа

“Болор цом” яруу найргийн 30 дахь удаагийн наадмын тэргүүн байрыг “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Н.Гантулга  “Уулсын сэтгэлгээний тэлэлтийг..” шүлгээрээ хүртлээ. Дэд байрыг Дархад Мийгаа хэмээн уран зохиолын хүрээлэл дундаа авгайлагддаг яруу найрагч Б.Мягмаржав, гуравдугаар байрт Завханы яруу найрагч О.Цэнд-Аюуш шалгарсан юм. Харин яруу найрагч Б.Галсансүх дөрөвдүгээр байрт орсон бол Сүхбаатарын Ай.Төмөр-Очир тавдугаар байр эзэллээ. “Болор цом”-ын эзэн болсон яруу найрагч Норовын Гантулга “Үнэхээр баяртай байна. Би найм дахь жилдээ оролцож байна. Хоёр жилийн өмнө гуравт орж байхад ах нар маань “Улсын наадамд долоо давсантай адил” хэмээн бэлгэшээж байсан. Харин  өнөөдөр өөрийгөө ес давлаа гэж бодож байна. Янжинлхам бурхны хишгийг хүртэх хувьтай байж. Энэ өдрийн итгэл найдварыг алдахгүйн төлөө хичээх болно. Яг одоо миний Хөшөөтийн гол цөнгөө түрэн урсч, Улаан хад маань нулимс унагаж байгаа байх. Хамгийн гол нь Хөшөөтийн голд яваа адуучин Норов баярлаж байгаа. Та бүхэнд баярлалаа” хэмээн хэлсэн юм.
“Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн шүлгийг та болгоно уу.

УУЛСЫН СЭТГЭЛГЭЭНИЙ ТЭЛЭЛТИЙГ…

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг
Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө
өврөөс нь алга болсон
Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг
Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч
Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс
Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог барданамлын хөх дөлөн дундаас мэдэрдэг
Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн
энэхэн замбуулинд багтаж ядахад,
Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан
хангайн буга шиг сэрвэлзэхэд
Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт
нялх янзага шиг бохирон унадаг даа

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны хамгийн төгс илэрхийллээс мэдэрдэг
Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж
Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир
нүдийг минь дахин цэлмээхэд
Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад өнөө муу зүрх минь уулсын зүг хэдийнэ
алсарч оддог

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа эрчимлэг долгионоос мэдэрдэг
Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асааах ид шидийн наран бөмбөлөг
цээжинд минь байгааг
Хүслийн цэнхэрлиг огторгуйд оюун билгийнхээ даль жигүүрээр
судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ
Цагийн буданд ч надаас өмнө мянга мянган жил найрагч нөхдийг минь
ингэж л мэдэрч байсан биз ээ
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг…


Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан