Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ЦЭРЭНСАМБУУ: Б.БААТАР НАЙРУУЛАГЧИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭС АМИЛСАН “ДОН КИХОТ”-ТОЙ ҮЗЭГЧИД УДАХГҮЙ УУЛЗАНА


УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуутай ярилцлаа.

-Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаад удаагүй байгаа болохоор УДЭТ-ын 2012 оны уран бүтээлийн амжилт ололтын талаар яриагаа эхлэе гэж бодлоо?
-Өнгөрсөн он манай театрын хувьд нэлээд амжилт арвинтай жил байлаа. Сүүлийн жилүүдэд манай театрын ажлын төлөвлөгөө шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдэж байгаа. 2017 он хүртэл урт хугацааны хөтөлбөр боловсруулсныхаа дагуу 2012 онд амжилттай ажиллалаа. Өнгөрсөн 2012 онд хамгийн, хамгийн гэсэн тодотголтой олон ажил хийсэн. Дэлхийн хамгийн анхны роман гэж үздэг “Гэрэлт Гэнжийн туульс” романаас сэдэвлэсэн зохиолч Галааридын зохиолыг тайзнаа амилуулаа. Манай театрын урын санд 400 гаруй уран бүтээл байдаг ч Японы зохиол байдаггүй. Тэгэхээр хамгийн гэсэн тодотголын нэг нь Японы анхны зохиолыг Монголын тайзнаа анх удаа тавилаа.

-Мэдээж, өнгөрсөн оны ололтуудын нэгээр дахин тайзнаа амилсан “Гамлет”-ыг нэрлэх байх?
-Төлөвлөгөө ёсоор өнгөрсөн онд дэлхийн соёлт хүн төрөлхтний оюуны сан хөмрөгт хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог гэсэн тодотголтой уран бүтээлээс тавих байсан. Үүнийхээ дагуу алдарт У.Шекспирийн “Гамлет” жүжгийг 33 жилийн дараа дахин цоо шинэ найруулгаар тавилаа. XIX зууны “Гамлет”-ыг XXI зууны үзэгчдэд хүлээлгэж өгсөн. Ийм хоёр уран бүтээлийг 2012 онд шинээр хийж тайзны уран бүтээлийнхээ санг арвижууллаа.
Мөн өнгөрсөн жил манай театр хамгийн олон үзэгчдэд уран бүтээлээ хүргэсэн жил боллоо. 66 мянган хүнд соёл урлагийн үйлчилгээ үзүүлж, 230 орчим удаагийн тоглолт хийжээ. Бэлтгэл сургуулилт хийж, бүтэн жил бараг амралтгүй ажилласан болж таарч байгаа биз дээ. Эдгээр тоглолтын маань зарим нь хөдөө орон нутагт болсон. Орон нутгийн үзэгчдэдээ зориулан “УДЭТ-ын өдрүүд” гэсэн аялан тоглолтоо хийсэн. Өнгөрсөн онд хамгийн олон буюу долоон аймагт, хамгийн хол явж тоглолтоо толилуулжээ. Ингээд яриад байвал хамгийн, хамгийн гэсэн амжилтуудаар дүүрэн жил болж өнгөрлөө.

-Аялан тоглолтын хамгийн цаад талын цэг Баян-Өлгий аймаг гэж байсан. Урлагийн тоглолт Баян-Өлгий аймагт буудаллах нь харьцангуй цөөн байдаг юм шиг?
-Энэ төлөвлөлтийг анх хийж байхдаа их айж байсан л даа. Гэхдээ л энэ жилийн аялан тоглолт маш амжилттай болсон. Баян-Өлгийчүүд маань маш сайхан хүлээн авсан. Тэнд 600 хүний суудалтай их том театр байдаг. Тэр театрт хэдэн жилийн өмнө Казахстаны театрынхан ирж тоглолт хийсэн юм билээ. Тэгэхэд 100-гаад хүн л үзсэн гэсэн. Гэтэл манай 10 удаагийн тоглолт дүүрэн үзэгчтэй байлаа. Баян-Өлгийчүүд хэл соёлын хувьд өөр ч тоглолтыг маань идэвхтэй үзэж, биднийг дахин ирээрэй хэмээн найрсагаар үдсэн.

-2013 онд аялан тоглолтоо хүргэх аймгууд тодорхой болсон болов уу?
-Зүүн аймгаар явахаар төлөвлөсөн. Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймагт очиж тоглоно.

-Өнгөрсөн онд театрын түүхийг бичиж явсан алтан үеийн уран бүтээлчдийн мэндэлсний тэгш ой тохиосон. Үүнийг УДЭТ нэлээд нижгэр тэмдэглэн өнгөрүүлсэн?
-Тэгэлгүй яахав. Театрын урлагийг Монголд үндэслүүлсэн алтан үеийнхэн болох Монголын шинэ цагийн утга зохиол, театрын урлагийг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэхийн мэндэлсний 110 жилийн ой, Монгол Улсын гавьяат жүжигчин “Цогт тайж” киноны Арслан тайжид тоглодог А.Цэрэндэндэвийн мэндэлсний 100 жилийн ой, Ардын жүжигчин Д.Чимид-Осор буюу алдарт “Шукарын” мэндэлсний 100 жилийн ой, гавьяат жүжигчин Лха.Долгор гуайн 90, гавьяат жүжигчин З.Жарантав гуайн 70 насны ой тус тус тохиолоо.
Ахмад уран бүтээлчдийнхээ тэгш ойг “Бид мартахгүй” гэсэн нэртэйгээр хийлээ. Бас нэг зүйлийг сонирхуулахад энэ тэгш ой нь тохиож байгаа хүмүүс ямар бүтээл туурвилтай юм, ямар гавьяатай вэ гэдгийг нь эрдэм шинжилгээний хурлаар олон нийтэд танилцуулж түүгээрээ ном гаргасан. Бас уран бүтээл амьдралыг нь харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргадаг уламжлалтай.

-Түрүүн та яриандаа дэлхийн сор болсон сонгодог бүтээлээс нэгийг тоглохоор төлөвлөснийхөө дагуу “Гамлет” жүжгийг тавьсан гэсэн шүү дээ. Яагаад заавал “Гамлет” байсан юм бол?
-2012 онд театрын удирдлага уран сайхны зөвлөл ярилцаад санал нэгтэйгээр “Гамлет” жүжгийг сонгосон. Тэгээд ч театр бол нийгмийн амьдралын толь шүү дээ. Тайзаараа, уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд юу болоод байгааг харуулж өгдөг. Нэг талаар тухайн уран бүтээл зохиолчийн, уран бүтээлчдийн, найруулагчийн эмзэглэл юм. Энэ эмзэглэл дээрээ тулгуурлан У.Шекспир олон зуун жилийн өмнө “орших уу эс орших уу” гэсэн мөнхийн шахуу асуултыг нийгэм, хүн төрөлхтний өмнө тавьсан. Энэ цаг үед Монголын нийгмийн амьдрал ямар байгаа билээ гэдэг дээр зохих хэмжээний хариулт өгөх шаардлагатай гэж үзсэн учраас манай театр энэ уран бүтээлийг сонгосон. Сонгодог бүтээлийг театрт амилуулах нь нэг талаас уран бүтээлчдийн чадварыг нэмэгдүүлдэг.

-УДЭТ-аас шинэ оны өмнөхөн орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан зарласан. Өмнө нь ч гэсэн түүхэн жүжгийн уралдаан зарлаж байсан шүү дээ. Сайн зохиол театрт дутагдаад байна уу даа?
-Дэлхийн сонгодог уран бүтээлүүдээс сонгож болно л доо. Тэртээ тэргүй бэлэн бүтээгдэхүүнүүд байж л байна. Харин үндэсний зохиол бүтээл үнэхээр хомсдолтой. Тийм болохоор хомсдолыг үгүй хийх гэж л уралдаан зарлаад байгаа юм. Жүжгийн зохиол гэдэг чинь театрын хувьд тариа будаа нь гэсэн үг. Энэ тариа будаагаа тордож байж амтат бүтээл хийж байх ёстой. Манай энэ уралдааны хамгийн том зорилт бол оюуны бүтээлийн үнэлэмжийг хамгийн шударгаар бий болгох. Шударгаар гэж хэлж байгаагийн цаад санаа нь зохиолчдын нэрийг нууцалж хоёр шатны уншилтаар шалгаруулдаг. 2010 онд л гэхэд түүхэн жүжгийн төрлөөр сайн зохиолчдын 30 гаруй бүтээл ирсэн. Түүнээс залуу зохиолч, сэтгүүлч Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” шалгарч, тайзнаа амилсан.

-Тэгвэл 2013 онд ямар ч байсан шинэ, орчин үеийн жүжиг төрөх нь ээ. Төлөвлөгөөний дагуу өөр ямар бүтээл үзэгчдэд хүрэх бол?
-2013 онд бид гурван бүтээл тавихаар төлөвлөөд байгаа. Эхнийх нь чиний хэлснээр уралдаанаас шалгарсан зохиолыг тайзны бүтээл болгох. Хоёр дахь нь хүүхдийн зохиол байх юм. Аливаа үндэстний ирээдүй болсон хүүхдүүдээ орхиж болохгүй. Тийм ч учраас бид урын сангийнхаа нэгээхэн хэсэгт хүүхдийн уран бүтээл байлгахыг боддог. Нөгөө талаар, хүүхдүүд театрын ирээдүйн үзэгчид. Тэднийгээ багаас нь соён гэгээрүүлж, гоо зүйн мэдлэгтэй болгож байх ёстой. Одоо гэхэд манай театрын урын санд хүүхдийн 10 орчим бүтээл бий. Тиймээс хүүхдийн уран бүтээл хийж хүүхдийн урын сангаа баяжуулах төдийгүй хүүхэд багачуудынхаа оюуны сонорыг мялаахаар төлөвлөсөн байгаа.
Дараагийн уран бүтээл бол Мигель Сервантесын “Дон Кихот”-ыг тайзнаа амилуулахаар төлөвлөөд байна.

-“Гамлет” жүжгийг тавихдаа найруулагчдын дунд тендер зарласан шүү дээ. “Дон Кихот” жүжигт ажиллах уран бүтээлчдийг бас шалгаруулалтаар сонгох уу?
-Аливаа уран бүтээлчдэд эмзэглэл байдаг гэж би түрүүнд хэлсэн. “Дон Кихот” жүжиг бол манай найруулагч Б.Баатарын олон жил хүсч мөрөөдөж байгаа бүтээл л дээ. Тийм болохоор 2013 онд Б.Баатар найруулагчийн эмзэглэлээс төрсөн “Дон Кихот”-той үзэгчид маань уулзана. Санхүүгийн шалтгаанаас хойшлоод байсан ч, Засгийн газрын дэмжлэгээр тайзнаа тавигдахаар болсон.

-Театрын менежментийн тухай нэг зүйлийг асуумаар санагдаад байдаг юм. Дэлхийн мэргэжлийн театруудыг харж байхад эмэгтэй уран бүтээлчид эрэгтэйгээсээ хоёр дахин цөөн байдаг. Ихэнхи театр энэ бодлогыг хатуу барьдаг талаар сонсч байсан. Офелиягийн шалгаруулалтаас хойш энэ асуулт дотор маань явлаа?
-Тийм зүйл бий. Гэхдээ театрт бүх насны жүжигчид байх ёстой. Эмэгтэй уран бүтээлчдийн хувьд хүүхэд төрүүлэхээс эхлээд ажлаас түр хугацаагаар чөлөөлөгдөх олон шалтгаан байдаг л даа. Гэхдээ манай театрын хувьд чиний ярьсан бодлого алдагдаагүй гэж бодож байна. Манай театр дэргэдээ “Театр студи” жүжигчний сургалт явуулдаг. Тэр сургалтад маань охид дийлэнхдээ суралцдаг л даа. Сургалтаа дуусгаад мэргэжлийн шалгалт өгч театрт ажиллах эсэх нь шийдэгддэг. Офилиягийн шалгаруулалтад ч гэсэн “Театр студи”-ийн маань хүүхдүүд оролцсон.

-УДЭТ-аар овоглосон энэ улаан байшинд мэргэжлийн урлагийн гурван байгууллага зэрэгцэн уран бүтээлээ хийдэг. Зундаа драмын тоглолтууд 22 цагаас болох нь бий. Энэ нь уран бүтээлчдэд их хүндрэлтэй байдаг талаар хэд хэдэн хүнээс сонсч байлаа?
-Тэгэлгүй яахав. Хүүхэлдэйн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга гэсэн хоёр байгууллагатай зэрэгцэн уран бүтээлээ хийгээд 50 жил болчихсон байна шүү дээ. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар Үндэсний урлагийн ордон барихаар төлөвлөсөн талаараа бидэнд дуулгасан. Газрын асуудал нь шийдэгдчих юм бол төсөв нь бэлэн учраас бид өрх тусгаарлах байх аа.

-УДЭТ-ыг тойрсон өндөр барилгууд, мөн хойд талын авто машины зогсоолыг нэг хэсэг шүүмжлэх хүн олон байсан ч одоо чимээгүй болчихсон...?
-Манай театрын газар уг нь нэлээд том байсан. Өнгөрсөн жилүүдэд газраас маань хумсалж мөнгөтэй байгууллагуудад эзэмшүүлсээр ирсэн. Саяхан бид Нийслэлийн газрын албанд хүсэлт гаргасны дагуу театрын барилгын урд талын үлдсэн жаахан газар дээрээ өргөтгөл барихаар зөвшөөрүүлсэн. Хойд талын авто машины зогсоол нэгэнт баригдсан болохоор бидэнд хэлэх үг байхгүй. Гэхдээ тоглолтын үеэр энэ зогсоолыг театрт үзвэр үзэхээр ирсэн үзэгчдэд чөлөөлж өгөх бодлого хэрэгжүүлж өгөөч гэдэг асуудлыг Нийслэлийн Засаг даргад тавихаар бэлтгэж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан