Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЫН СОНГОДОГ УРЛАГ Д.АЛТАНХУЯГААР ОВОГЛОДОГ


ДБЭТ-ын 2012 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдлээ. Монголын олон уран бүтээлч дэлхийд нэрээ цуурайтуулж, Монголын хөрсөнд соёолж байгаа сонгодгийг дэлхийн сонорт хүргэсэн ололт амжилтын жил байлаа. Хоёр он солигдоод удаагүй байгаа энэ үед ч тэд үзэгчдэдээ бэлэг бэлтгэжээ. Энэ сарын 11, 12-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балет ДБЭТ-ын тайзнаа амилна. Гэхдээ энэ удаагийн “Хунт нуур”-т Монгол Улсын гавьяат жүжигчин, АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг бүжихээрээ онцлог. Бас АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Ашли Эллис, Аветик Карапетиан нараар чимсэн нэгэн сонгодог орой болох юм.
Монгол Улсын гавьяат жүжигчин, АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг гэдэг алдар Монголын сонгодог урлагийн хөгжлийг дэлхийд гаргах нэрийн хуудас болсоор. Нэрийнхээ өмнө эх орныхоо алдрыг хамтад нь дуудуулна гэдэг асар их хариуцлага, түүнээс дутахааргүй хүнд ачаа. “Монголынхоо уужим талд ирээд гүнзгий амьсгаа авах ч сайхан шүү” хэмээн хэлээд алсыг ширтэх тэрээр энэ хариуцлага, хүнд ачаанд хотойлгүй үүрч явсаар өдийг хүрсэн билээ.



Шантрах завгүй хөдөлмөр

Д.Алтанхуягийг хорвоод мэндлэхэд нь л урлаг угтан авсан гэхэд буруудахгүй болов уу. Түүний аав Ховд аймгийнхаа Соёлын төвд биелээч байлаа. Аавыгаа дагаж урлагаар дахин нэг удаа хөлд орсон хүү бүжгийн урлагт эргэлт буцалтгүй шунан дурласан гэдэг. Гуравдугаар ангид орох жилээ тэр бяцхан хүү аавыгаа дагаж Улаанбаатарт балетчин болохоор хөл тавилаа. Хөгжим бүжгийн коллежид балетын анги анх нээгдсэн жил тэрээр ийн сонгодог урлагийн босгоор алхсан түүхтэй. Хөгжим бүжгийн коллежийн балетын анги бол хэр баргийн хүүхдэд тэр бүр дааж, давж гарашгүй хэцүү зүйлийн нэг. Гэсэн ч тэрээр энэ өндөр босгыг даван гарч чадсан нэгэн. “Одоо эргээд бодох нь ээ, би ерөөсөө шантарч байгаагүй. Нэг л мэдэхэд сургуулиа төгссөн байлаа. Аав маань балетын анги шинээр нээгдэж байгааг мэдээд л намайг оруулсан юм байлгүй. Балетын талаар анх ерөөсөө мэдлэггүй байсан. Ямар ч байсан бүжгийн нэг төрөл юм байна л гэж бодсон. Багаасаа л бүжиглэх дуртай байсан болохоор өдөр бүр илүү ихийг мэдэхийн тулд шунаж, тэмүүлэн суралцсаар байгаад шантрах ч зав гараагүй бололтой” хэмээн ярих түүнд Хөгжим бүжгийн коллежид есөн жил завгүй өнгөрүүлсэн цаг хугацаа байлаа.
Гавьяат маань “Миний амьдралын чухал үе бол балетад хөл тавих гээд анх хичээж байсан цаг хугацаа. Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүүд багаасаа л биеэ даадаг. Багш нарынхаа хүүхдүүд шиг л байдаг. Ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүд. /инээв/ Миний багш Д.Дашлхагва. Багшаасаа их ч зүйл сурсан даа. Бас Роланд Петит багшаас маш их зүйл сурсан” хэмээн эх орныхоо нэрийг өндөрт өргөж явах бахархалтай гэж балетчны мэргэжлийг өвлүүлсэн багш нартаа талархдаг.



Тайзаа орхиогүй агуу тэвчээр

Анхны бүхэн догдлол, сандрал, баяр баясал авч ирдэг. Хөгжим бүжгийн коллежийн оюутан байхаасаа л УДБЭТ-ын тайзнаа бүжиглэж эхэлсэн Д.Алтанхуяг 1998 онд “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын гол дүрд тоглосон нь анхны мэдрэмжийг өгсөн гэнэ. Багшийнхаа хэлсэн зааснаас зөрж байгаагүй тэрбээр бэлтгэл сайтай байсан болохоор анхны гол дүрдээ огтхон ч сандраагүй тоглосон аж.
Хатуухнаар хэлэхэд балет хүний залуу нас, эрүүл мэндийг авч оддог шалгуур өндөртэй урлагийн төрөл. Бүжгэн жүжиг үзээд суухад бие галбир, царай зүсээрээ хэнийг ч дагуулахааргүй инээмсэглэх бүжигчид үзэгчдийн оюуныг цэнгүүлдэг ч тайзны ард бидний төсөөлдгөөс тэс өөр ертөнц буцалж байх нь бий. Д.Алтанхуягт тохиолдсон тайзны арын ертөнцийн талаархи ганцхан жишээнээс балет гэдэг ямар хүнд урлаг болохыг мэдэрч бас дэлхийд данстай уран бүтээлчтэй гэдгээрээ бахархах сэтгэл төрлөө. Гэхдээ тэрбээр энэ талаараа ярихдаа хүнд хэцүү талаас нь биш, болоод л өнгөрсөн бартаатай ч даваад гарсан замтай зүйрлэж байсан юм. “Бэлтгэлийн үеэр агаарын үсрэлт хийж байгаад шилбээ цуулж гэмтээж. Хөлөө гэмтээсэн ч гэсэн тоглолтдоо оролцчихоод дараа нь эмчлүүлсэн. Зургаан жил надтай хамт явсан даа, энэ бэртэл. Ер нь, үзэгчдэд амилуулж буй дүрээрээ дамжуулан сэтгэлийн таашаалыг өгөхийн тулд их зүйлийг давж гарах хэрэг гардаг” хэмээн ярьсан түүний энэ үг урлагийг түмэн олонд хүргэдэг хүн бүрийн эрхэмлэх ёстой сэтгэлгээ гэмээр. Балетаар дамжуулан үзэгчдийг эзэмдэхийн тулд ганцхан гарын хөдөлгөөнийг л төгс болгох гэж хэдэн өдөр бэлтгэж, сургуулилдаг. Нэг хөл дээрээ гараа өргөөд цаг зогсох бол балетчдын хувьд жирийн л нэг дасгал байдгийг жишээ болгон дурдах нь зүйтэй.



Түүний мөрөөдөл “Бостон балет” биш

Өөртөө итгэлтэй байдал нь хэнийг ч амжилтад хүргэх асар том гүүр. Д.Алтанхуяг амжилтад хүрэх гүүрээ 23 настайдаа өөртөө бий болгож чадсан юм. “2001 онд Японд болсон Ази Номхон далайн орнуудын томоохон тэмцээнд түрүүлсэн. Тэр үед түрүүлнэ гэсэн ямар ч итгэлгүй очсон. Тэр тэмцээнд түрүүлсэн маань маш их урам өгсөн. Түүнээс хойш би хаана ч, ямар ч тэмцээнд оролцсон түрүүлэх ёстой гэсэн итгэлтэй болсон доо. Тэгээд тухайн үедээ Монголын хамгийн залуу гавьяат жүжигчин болж байлаа” хэмээн Монгол Улсын гавьяат жүжигчин, АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг нэгэнтээ дурссан.  
Агуу их зүйлээс багыг олж авдаг гэдэг. Хэдийгээр дэлхийд томд тооцогддог “Бостон балет” Д.Алтанхуягийн өмнө үүд хаалгаа нээсэн ч энэ бол түүний мөрөөдөл биш гэнэ.
Сонгодог урлаг бол энгийн бас эрхэмсэгийн нэгдэл. Гэсэн ч хаа газар өрсөлдөөн байдгийн адилаар сонгодог урлагт ч мөн адил  өрсөлдөөн бий. Тэр өрсөлдөөнийг тайзнаас илүү тод харж болно. Бүр бага балчраасаа эхлээд бүх насаараа балетын урлагт хамаг хүчээ зориулсан хүмүүсийн өрсөлдөөнийг зөвхөн сонгодог тайзнаас л харж болдог. Сонгодог тайзнаа Ханхүү цор ганц, Хар хун, Цагаан хун зөвхөн нэг л байдаг учраас тэр.
“Би ч бас өрсөлдөөнд ялагдах ёсгүй учраас дасгал сургуулилт, тоглолт гээд бүх зүйл дээр л өөрийгөө харуулахыг боддог, хичээдэг. Тийм учраас бие өвдөж байсан ч бэлтгэлээ хийдэг. Учир нь, би өөр зүйлд зарцуулж болох үнэтэй цаг хугацаагаа зөвхөн нэг л зүйлд зарцуулсан болохоор...” Д.Алтанхуягийн энэ үг бол өрсөлдөж сурсан хүний өөрийгөө илэрхийлсэн үг болов уу.



“Бүжиглэхээ болих тухай боддоггүй”

Насаараа сурсан, хийж дассан зүйлээ нэг л өдөр чадахгүй болох гэдэг үнэхээр аймшигтай харуусал. “Хөгшрөөд эсвэл бэртчихвэл бүжиглэж чадахаа болино. Гэхдээ би өнөөдөр бүжиглэж л байна. Бүжиглэхээ болих тухай боддоггүй. Гэхдээ бүжиглэхээ боливол юу ч хийж магадгүй л юм. Сурах зүйл дэндүү их байна. Цаг хугацаа чинь урсаад өнгөрөх юм байна шүү дээ. Юу ч хийж амжаагүй байхад л...”
Бүжиглэх гэж шунан тэмүүлдэг дүр түүнд байхгүй гэсэн ч өөрт оногдсон дүрээ л хамгийнхаа сайнаар гаргах гэж хичээдэг тэрбээр өөртөө хамгийн хүнд хэцүү шалгуурыг тавьдаг аж. Үүнийгээ “Бүжигчин хүн өөрийхөө бүжиглэсэн дүр болгоныг л тэр хэсэгт нь ингэдэг байж гэж боддог байх. Бэлтгэл тааруу бол хамгийн амархан зүйл дээр ч алдах тохиолдол гарна. Бүтээсэн дүрдээ сэтгэл ханасан тохиолдол цөөн” гэлээ. Энэ бол түүний өөртөө тавьдаг өндрөөс өндөр шалгуур бас шаардлага.

Сургууль байгуулна

Монголын чадварлаг уран бүтээлчид гадаад орны нэрээр овоглодог тохиолдол бий. Үүнд нь ч элэг нэгтнүүд нь таатай ханддаггүй. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин, АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг энэ талаар ийм бодолтой явдаг. “Тэд амжилттай яваа үедээ үнэхээр завгүй байгаа гэдгийг мэдэж байна. Хэдий тийм ч гэсэн Монголоосоо урваж болохгүй. Урвасан ч гэсэн ямар нэг шалтгаантай л байгаа. Ядаж шөнө унтахаар орондоо ороод хэвтэх үедээ Монголынхоо уужим талыг боддог гэдэгт итгэлтэй байна” хэмээн өөрийнхөө бодлыг хуваалцсан юм.
Нэгэн удаа “Та Монголын балетын урлагт өөрийн гэсэн нэрээ үлдээхээр ямар зүйл хийе гэж боддог вэ” гэсэн сониучхан асуултад маань хэсэг бодож байснаа “Монголд олон балетын сургалтууд байгуулагдаж, хичээллэж байна. Энэ нь сайн хэрэг. Гэхдээ мэргэжлийн төвшинд хүүхдүүдийг бэлтгэх сургууль хэрэгтэйг харж байгаа. Сургууль байгуулах талаар бодож л байна. Одоо ид бүжиглэж байгаа болохоор бодсон бүхнээ хийх боломж, цаг хугацаа гарахгүй юм. “Балетын хөгжил сан”-гаа байгуулаад удаагүй байна. Энэ сангаараа дамжуулан Монголд балетыг хөгжүүлэхийн тулд юу хийж болохоор байна тэр бүх боломжийг алдахгүй хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Хэрэгжүүлэхээр ажиллаад эхэлсэн” гэж хариулсан юм. Түүний хэрэгжүүлж буй ажил Монголын балетын урлагийн нэгэн ирээдүй...

Хувийн мэдээллээ нийтэд дэлгэх дургүй эрхэм

Монгол Улсын гавьяат жүжигчин, АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг. Энэ эрхэм бол Монголын иргэн Д.Алтанхуягийг илэрхийлэх тодотгол. Эр нөхөр, хүүхдүүдийн аав Д.Алтанхуяг бол хичнээн завгүй ч ажлынхаа хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргаж, анхаарал халамж тавьж чаддаг нэгэн.
Эхнэр, хоёр охинтойгоо амьдардаг тэрээр гэр бүлийнхээ тухай олны өмнө нээлттэй ярих дургүй. Эмч гэргийнхээ ачаар ар гэрийнхээ ажилд сэтгэлээ зовоодоггүй ч гадаадын олон орноор явж тоглолт хийх бүртээ хоёр охиндоо бэлэгтэй ирэхээ хэзээ ч мартдаггүй халамжтай аав. Эх орныхоо нэрийг хүндтэй авч яваа түүгээр ч бас Монголын сонгодог урлаг овоглодог.

0 Сэтгэгдэл
Bayar hyrgie. Sain bn.
Yamar saixan baxarxmaar medeelel ve! Mongoliin chadaltai saixan xuugeeree baxarxaj baina. Amjilt xuseye!
Хамгийн их уншсан