Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт Японы Засгийн газар “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардууллаа. Шагнал гардуулах ёслол өчигдөр тус улсын Элчин сайдын яаманд болсон юм. “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон нь Япон улсын дээд шагналын нэг аж. Энэ одонг Монголоос гардан авч буй найм дахь хүн нь хөгжмийн зохиолч Н.Жанцанноров болж байна.
Өмнө нь, Монголоос Японы төрийн дээд шагналын нэг “Мандах нар” одонгийн “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одонг Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном хүртэж байсан юм. Тэрээр 1990 онд Японд айлчилсан нь Монголын төрийн түшээдээс анх удаагийнх байсан учир ийн хүндэтгэл илэрхийлж байжээ. Түүний зоримог шийдвэр хоёр орны найрамдлыг бэхжүүлэх үндэс болсон аж. Мөн Морин хуурын чуулгын ахлагч, удирдаач, Монгол Улсын ардын жүжигчин Ц.Батчулуун шагнагдаж байжээ. Тиймээс Н.Жанцанноров гуай Японы эзэн хааны шагналаар шагнуулсан урлаг соёлын хоёр дахь алдартан болж байна.
Япон Улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү шагнал гардуулахдаа “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хүндэтгэл болгон олгож байгаа Японы сүр жавхлант Эзэн хааны шагналыг гардуулан өгөх хүндтэй үүрэг хүлээсэндээ баяртай байна. Энэ бол манай улсын өндөр нэр хүндтэй шагнал. Насаараа Японд Элчин сайдаар ажилласан хүн 72 насныхаа босгон дээр хүртэж байсан тийм л үнэ хүндтэй шагнал. Хоёр орны хоорондын соёлын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Н.Жанцанноровт шагналыг гардуулах болсондоо хувийнхаа зүгээс туйлын их баяртай байна” гэсэн юм.
Шагнал гардуулах ёслолд Гадаад харилцааны сайд Л.Болд, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн, УДБЭЧ-ын захирал Цоггэрэл нар болон Н.Жанцанноров гуайн хүү, морин хуурч Ж.Дамдинцэрэн мөн түүний охин Морин хуурын чуулгын менежер, морин хуурч Ж.Уугантуяа нар ирж, энэхүү баяраас хуваалцлаа. Арга хэмжээний үеэр ССАЖ-ын сайд хэлсэн үгэндээ “Хэрэв биднээс танай орны нэг хүнийг шагная. Саналаа хэлээч гэсэн бол яах аргагүй Жанцанноров гуайг нэрлэх байлаа. Үнэхээр Монголын урлагийн томоохон төлөөлөгч, оргил болсон уран бүтээлч. Энэ шагнал нүдээ олсон байна” гэсэн юм.
Ингээд Н.Жанцанноров гуайн баярын сэтгэгдлийг хүргэе.
-Японы Эзэн хааны маш хүндтэй шагналыг өнөөдөр хүлээн авлаа...?
-Япон улсын Сүр жавхлант Эзэн хаан өнгөрсөн сарын 3-нд зарлиг гаргаж, намайг төрийн дээд шагнал болох “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан Туяа” зэрэглэлийн одонгоор шагнах болсон. 1979 оноос хойш хоёр орны хэмжээнд зохиогдсон урлаг соёлын үйл ажиллагаанд идэвх зүтгэл гаргаж байсныг маань өнөөдөр ингэж үнэлсэнд баяртай байна. Надад өгсөн энэ шагнал Монголын урлагийн үнэлэмж. Япон улс биднийг ингэж л үнэлж байна. 1985 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дарга байхдаа зохион байгуулсан Азийн урлагийн наадамд маань анх удаа Япон улсын уран бүтээлчид ирж оролцсон. Энэ нь анх удаа Японы уран бүтээлчид Монголын тайзан дээр гарсан явдал байлаа.
-Энэ шагналыг дагаад асар их хариуцлага ирж байна хэмээн ойлголоо?
-Тэгэлгүй яахав. Ийм нэр хүндтэй шагналыг авсан хүн зүгээр сууж болохгүй. Цаашид улам олон ажлыг хийж өөрийнхөө чадах чинээгээр зүтгэнэ.