Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН ГАНЦХАН ДУУГАРАХАД Л ЛЕНИНИЙ МУЗЕЙ АВРАГДАХ ГЭЭД БАЙДАГ

Ялалтын талбайд байрлах хуучнаар Лениний музей одоогийн “Чандмань” төв бол Монголд буй цор ганц музейн зориулалттай барилга. Гэхдээ энэ барилга МАН-ын өмч. Гэтэл Байгалийн түүхийн музейн барилга муудсан учир барилгыг засварлах хугацаандаа Лениний музейн зориулалттай байранд Мон­голын байгалийн түүхийг хадгалсан үзмэрүүдээ оруулах талаар ярьж байсан. Энэ талаар ССАЖЯ-аас олон удаа нийтэд мэдээлэл хийсэн ч МАН-ынхан “Манай намын нэртэй бүх зүйлийг үгүй хийхийг нь хийж, үлдсэнийг нь булаан авах гэж байна” хэмээн зөвшөөрөхгүй байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ.
Лениний музейн гурван давхар байшинд  одоогоор ямар ч үйл ажиллагаа явуу­лаа­гүй, засвар хийж бай­гаа аж. Энэ барилгын үүдээр ороход давхарлаж тавьсан хавтангийн цаанаас өнгийх Ленин багшийн толгой хөшөөнөөс өөр энэ барилгын утгыг илтгэх зүйл үгүй. Өмнө нь энд “Юнител” ХХК-ийн “Окта” худалдааны төв, ресторан паб, бичиг хэргийн худалдаа гээд төрөл бүрийн үйлчилгээний газрууд байрлаж байсан. Гэсэн ч ажиллаж байсан паб нь олон эзэнтэй гэсэн эзэмшлийн маргаанаас болж хаагдаж, “Окта” төв музейн барилгаас “Victory center” руу нүүсэн.
Ингээд одоохондоо Лениний музейд ямар нэг үйл ажиллагаа явагдаагүй байгаа юм. Цаашдаа ч хэрхэх нь тодорхойгүй.
ССАЖЯ-наас Лениний му­зейг эргэн сэргээж, зо­риу­лалт ёсоор нь ашиг­лан, бай­галийн түүхийн олдво­руудыг нь нүүлгэх боломж­той гэдгийг хэлж байсан. Харин одоог хүр­тэл музейн барилгыг цаашдаа хэрхэх талаар эзэн холбогдогчтой нь тодорхой зөвшилцөж чадаагүй байна. ССАЖЯ-наас МАН-ын дарга Ө.Энхтүвшинд илгээлт явуулаад долоо хонож байгаа гэнэ.
Энэ талаар ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл “Одоог хүртэл хариу ирүүлээгүй. Монголын ууган нам төр олон жил барьсны хувьд ард түмний төлөө нааштай шийд өгөх байх гэж найдаж байна” гэлээ.
Төрийн өмчийн хороо байгуулагдаж, Монгол Улс тухайн үед өмчөө тоолж байх үеэс Лениний музейн эзэмшлийн асуудал дэгдэж эхэлсэн. Энэ тооллогоор тухайн  үед 60 барилгын эзэмшлийн маргаан үүсч байсны нэг нь Лениний музей аж. Тэр үед музейг төрийн өмч гэж үзэн бүртгэх гэтэл  МАН /хуучнаар МАХН/-аас үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Ингэж эзэмшлийн маргаан үүссэн ч шүүхээс МАН-ын өмч мөн гэсэн шийдвэр гаргаж байж. Гэхдээ Монгол Улсад ганцхан музейн зориулалтын барилгыг зориулалтаар нь ашиглаж, гудамжинд хөсөр хаягдахад тулаад байгаа өв, соёлын түүхэн үзмэрүүдийг хадгалдаг, олон нийтэд үзүүлдэг болоосой гэсэн хүсэлт, хүлээлт олон нийтэд байгаа юм.
Харин одоо соёлын өвийг хадгалах ёстой энэ барилгыг эзэд нь цаашдаа ямар зориулалтаар ашиглах гээд засвар хийгээд буй нь тодорхойгүй хэвээр. Хүлээлт үүсгээд байгаа Лениний музейн асуудал ямартай ч он дамжин үргэлжлэх нь. МАН-ын гаргах шийдвэрийг олон нийт чих тавин хүлээж сууна.

Б.Цэдэвсүрэн


0 Сэтгэгдэл
MAN-garuudaas bitgii gui shuud niisleliin umchid burtgej avah heregtei
Хамгийн их уншсан