UBS телевизийн “Universe best song” шоу нэвтрүүлэг хэдэн мянган үзэгчийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг. Энэ шоу гарснаар Монголын урлагийн ертөнцад залуу халаанууд төрөн гарснаас гадна телевизийн урлагт нэгэн шинэ өнгө төрх мэндэлсэн нь хөтлөгч П.Одгэрэл байлаа. Мөн түүнтэй хамтран туршлагатай хөтлөгч Э.Гантулга ажилладагийг хүн бүр л мэдэх байх. Бид сайтынхаа нисдэг сэтгүүл хэмээх онгоцонд зорчигчдын анд болсон “ASSA” сэтгүүлийнхээ хойморт тэднийг урьж ийнхүү яриа өрнүүлснээ сайтынхаа уншигчдад сонирхуулж байна.
-Э.Гантулга таныг телевизийн урлагт удаан ажилласныг мэдэх юм. Тодруулбал яг хэдэн жилийг телевизийн халуун гал тогоонд өнгөрүүлээ бол?
-Э.Г: 20 гаруй жил өнгөрчээ. Долдугаар ангид байхдаа Монголын Радиогийн хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлснөөр гараагаа эхэлж, МҮОНТВ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакц, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцаар буухиалж, 25-дугаар суваг телевизээр үргэлжилж, одоо UBS телевизэд ажиллаж байна. UBS телевизэд орж ирээд долоон жилийг үджээ. Жаахан хүүхэд байхдаа л телевизийн ассууд гэгддэг хүмүүсийг хараад өөрийн эрхгүй тэдэн шиг болохыг мөрөөдсөн. Үе үеийн нэвтрүүлэгч нар даргаас илүү нэр хүндтэй бас зөв хүмүүс байлаа. Тэдэн шиг хүн болохыг мөрөөдсөөр л телевизийн хүн болсон. Ажилдаа дуртай болохоор өнөөдрийг хүртэл ухарсангүй, бас урвасангүй телевиздээ л ажиллаж явна. UBS телевизийн хамт олонтойгоо 20 жилийн ойгоо тэмдэглэж, телевизийн нэгэн дүр төрх болоод явж буйдаа баяртай байна.
-UBS телевиз эфирийн соёлыг эрхэмлэж чаддаг учраас бусдаасаа ялгардаг. Та ч бас эфирт орохын өмнө нэлээд удаан бэлтгэдэг үү?
-Э.Г: Эфирээр гарах гэж л байгаа бол телевизийн этикт суралцах ёстой. UBS телевизэд ашиглалт зохицуулалтын албаныхан гурван сувгаа байнга хянадаг. Ингээд гаргасан алдааг дор бүр нь засч, залруулдаг. Гэхдээ алдаа гаргачихсаных нь дараа биш хийхээс нь өмнө засч залруулахад их анхаардаг. Эфирээр гарахдаа өчүүхэн төдий ч үл хүндлэл үзүүлэх ёсгүй. Хувцсаа, царай зүсээ, үгээ маш сайн бэлтгэх ёстой. Харин би өнөөдрийг хүртэл эфирээр гарахдаа нүүрээ будаж үзээгүй.
-Та хоёртой уулзсаных Universe best song нэвтрүүлгийн тухай ярихгүй өнгөрч болохгүй. Та хоёр үнэхээр тохирсон хамтрагчид. С.Жавхлан, Т.Баясгалан хоёрыг суулгах ёстой байсан юм гэдэг шиг та хоёр хөтлөхгүй бол тохирох хос олдоогүй байх аа?
-Э.Г:Манайх нэвтрүүлэг бүрт нэг хөтлөгч, нэг сэтгүүлч хамтарч ажиллая гэдэг бодлого барьдаг юм. Хөтлөгчдөөс Гантулга, сэтгүүлчдээс Одгэрэл гэж удирдлагууд томилсон. Анхны нэвтрүүлэг дээр хоорондоо эвлэхгүй, муудалцаж хүртэл үздэг байлаа. Харин хоёр дахь шоунаас эхлээд ойлголцоод, гар нийлээд, хоёр биеэ хөтлөөд, хөглөөд явж сурсан. Одоо бид хоёрыг хамтдаа байхгүй бол хүлээж авахаа больсон юм шиг байна билээ. Өнгөрсөн жил бид хоёр Хөвсгөл рүү мөсний баярт явлаа. Намайг ганцаараа явахаар хүмүүс “Наадах чинь Анууш биш ээ” гээд л шивнэлдэнэ. Тэгсэн хэрнээ Одкотой хамт явахаар “Хүүш ээ, нөгөөдөх чинь мөн байсан байна. Хамт зургаа авахуулъя” гээд л сүйд болно биз дээ.
-Universe best song шоу дөрөв дэх жилдээ үргэлжиллээ. Та хоёр бараг шүүгч болчихсон харагддаг. Гэхдээ заримдаа шүүгчидтэй зөрчилдөх үе гардаг уу. Таны дэмжсэн оролцогчийн шүүгчид хасчихдаг ч юм уу?
-П.О: Байдаг. Ялангуяа надад. Анууш бол өөрөө дуулдаг учраас шүүгчийн хэмжээнд харж чаддаг л даа. Харин би мэргэжлийн дуучин биш учраас сэтгэл хөдлөлөөрөө дэмжиинэ шүү дээ. Хувь хүн талаас нь хараад л... Үнэхээр сайн дуулчихлаа даа гэж бодоод зогстол шүүгчид жижиг алдааг нь олоод харчихсан байдаг. Ийм үед оролцогчтойгоо хамт уйлж, харамсч үзнэ шүү дээ. Заримдаа Анууш бид хоёр оролцогчдоо урам өгөх гээд л “Алгаа ташаарай” гэж уриалаад л, дуунд нь өөрсдөө бүжиглээд л... Зөндөө юм болно доо. Сүүлдээ урлагийн өндөр мэдрэмжтэй болчихоод мэргэжлийн дуучдыг дотроо шүүнэ. Зарим нь надад гологдоно. Манай Universe best song-ын шилдэг 25 бол үнэхээр мундаг, гадаад хэлний аялга сайтай санагддаг.
-Ялагч 25-тайгаа бол бүр илүү дотносно биз?
-П.О: Шилдэг 25 тодорсон цагаас л гол үйл ажиллагаа эхэлдэг. Түүнээс өмнө үнэхээр л онцгой биш бол тогтоож, нүдэлж амждаггүй. Харин гуравдугаар шатнаас эхлээд оролцогчдоо мэдэрнэ. Шилдэг 25-аа бол хувь хүн талаас нь үзэгчдэдээ хүргэх гэж хичээдэг учраас илүү ойлгодог болчихдог юм шиг ээ. Гэвч энэ бол телевизийн бодлого биш. Зүгээр л Анууш бид хоёрт 25-аа гэсэн сэтгэл их байдаг учраас тэдэндээ илүү ханддаг. Өмсөх хувцас, дуулах дуу гээд л жижиг сажиг зүйлд нь хүртэл анхаарлаа хандуулаад эхэлнэ шүү дээ.
-Э.Г: Тийм шүү. Шилдэг 25-тайгаа бүтэн жилийг хамтдаа өнгөрөөдөг учраас илүү дотносч ээнэгшдэг байх аа. Манай шилдэг 25 оролцогчийн тоглосон кино, гала тоглолт, кино концертуудыг харахаар үнэхээр л хүсэл мөрөөдөл, хөдөлмөр амтагддаг. Наадмаар л гэхэд шилдэг 25-аа дагуулаад бид концерт тавина, монгол дээл хувцас цуглуулна. Адаглаад л эмээл хэрэг боллоо гэхэд Одко бид хоёр айлд ороод л гуйна. Хүмүүс бид хоёрыг хараад л баярлана. Аваад яв гээд л дуртай өгнө. Энэ бүхэн эргээд бид хоёрт бас их сайхан санагддаг.
-Э.Гантулгыг шоуныхаа оролцогч охинтой үерхдэг гэж сонссон. Үнэн үү?
-Э.Г: Одко бид хоёрыг шоунаасаа нэг нэг хүн сонгож авч үерхсэн ч гэх шиг янз бүрээр хэлж л байна. Янз бүрээр л хэлэх юм байна шүү дээ. Өнөөдрийг хүртэл амьдрал зохиогоод, тогтсон гэр бүлтэй ч болсон юм алга.
-Э.Гантулга сайн дуучин. Сүүлд шоундаа өөрөө оролцоод яваа харагдсан. Харин П.Одгэрэл яагаад дуулдаггүй юм бэ?
-П.О: Ануушид олон давуу тал бий. Тэр бол туршлагатай тайзны хүн. Харин миний давуу тал бол сэтгүүлч мэргэжил маань. Нэвтрүүлгийнхээ текстийг бичнэ, арын албаны ажилд гүйнэ. Энэ шоуг хөтлөхөөсөө өмнө мэдээний албаны сэтгүүлч байсан. Тиймээс сэтгэлзүйн хувьд бэлэн болсныхоо дараа л дуулах байх.
-Э.Г: Одкогийн сэтгэлзүй аль хэдийнэ бэлэн болчихсон. Гэхдээ Одко жаахан хаширлаад байгаа юм. Анхны нэвтрүүлэг дээр Одко Японоор дуулсан шүү дээ. Гэхдээ Одко өдөр бүр маргаашийн нэвтрүүлгийн текстийг бичнэ, ийшээ тийшээ албан бичиг илгээнэ гээд ажил ихтэй. Харин би бол арай завтай учраас дуулаад яваад байж болдог.
-Гэхдээ П.Одгэрэл дууны үг бичдэг байх аа?
-Э.Г: Бие биеийнхээ дутууг нөхөөд л яваа нь энэ юм болов уу. Одко бараг цомог гаргах хэмжээний дуутай болчихсон. “Зүрхэнд гэрэлтэх од”, “Мартагдашгүй намар” киноны таван ч дууг бичсэн. Миний дуулсан “Зүүдний совин”, “Төгс биш эмэгтэй” гээд хоёр ч дууны үгийг бичсэн. Сүүлд “Гурван охин” хамтлаг, дуучин Амархүү нарын “Зүрх чам руу”, Sweetymotion хамтлаг, гавьяат жүжигчин Ариунаа эгч гээд олон уран бүтээлчид дууны үг өгсөн. Анууш дуулж, Одко бичдэг гэсэн үг.
-“Universe best song” нэвтрүүлэг цаашдаа энэ л хэвээрээ үргэлжлэх үү, эсвэл та бүхэнд бодсон өөр сюрпризүүд байгаа юу?
-Э.Г: Анхандаа хоёр жилд нэг удаа явуулахаар төлөвлөсөн юм. Гэвч телевизийн орон зайд маш хүчтэй өрсөлдөөн өрнөж байгаа учраас бид цаг алдах эрхгүй болчихсон. Ижил төстэй шоунууд шил шилээ дагаад л гараад ирсэн шүү дээ. Бид бизнесийг орхиод уран бүтээл рүү гол анхаарлаа хандуулахаас аргагүй ч болчихсон. Тиймээс бид санаагаа, хамт олныхоо хөдөлмөрийг өөр телевизэд алдаж, үзэгчээ хуваачих гээд байсан. Цаашдаа энэ нэвтрүүлгээ бид хийнэ. Гэхдээ яаж вэ гэдгээ л бодож байна.
-Хэвлэлийнхэн бид цаг үргэлж л ургаж, нахиалах хэрэгтэй болдог. Гэвч заримдаа хайрцаглагдчихсан яваагаа гэнэт ухаарах үе гардаг. Та хоёрт ийм үе гардаг уу. Тийм бол яаж эрч хүч авдаг вэ?
-П.О: Уран бүтээлч гэдэг бол сэтгэлийн амьтад. Бид телевиздээ ямар нэгэн амлалт авч ирээгүй. Өнгөрсөн хугацаанд хамт олондоо л татагдаж ажилласаар ирсэн. Ямар нэгэн байдлаар сэтгэлзүй маань өөр тийшээ урваж шарваагүй. Шинэлэг юм хийчих юмсан, олон телевиз нийгэмд чанга дуугарч байгаа ч манай телевиз үзэгчээ цочоотол чанга хашхирахгүй, уйдтал нь чимээгүй болчихолгүй жорыг нь тааруулаад л яваа. Тиймээс л бид өдийг хүртэл телевиздээ үнэнч яваа байх. Бас UBS телевиз залуучуудаас бүрдсэн хамт олон. Бидний хөгжих орон зай нь өөрөө телевиз. Удирдлагууд ч бас залуучуудыг дэмжиж, та нар бүхнийг хийж чадна гэсэн сэтгэлзүй суулгаж чаддаг. Үүдээр орж ирэхээс эхлээд л сайхан энерги өгдөг болохоор бид ажилдаа дуртай. Хамт олон маань инээгээд мэндлэх хүртэл сайхан шүү.
-Манай салбар үнэндээ цалин багатай. Гэвч та хоёр энэ ойлголтыг үгүй хийж чадсан юм шиг харагддаг шүү?
-П.О: Хөтлөгч болсноор амьдрал маань өөрчлөгдсөн. Өмнө нь сэтгүүлч байхдаа цалингаа л аваад явдаг байсан. Дээрээс нь UBS телевиз маань миний пиарыг маш сайн хийж өгсөн. Би ч бас тийм муу байгаагүй байх. Одоо эргээд харахад өөрсдийн үнэлэмжийг бий болгож чадсан нь эдийн засгийн бие даасан байдлыг бий болгож өгсөн. Энд тэнд очиж арга хэмжээ хөтлөхөөс эхлээд орлого олох боломжтой болсон.
-Телевизийн эмэгтэй дүр төрх байна гэдэг цаанаа маш өндөр хариуцлага байх. Үргэлж гоёороо байдаг нууцаа дэлгэж болох уу. Э.Гантулга ч бас овор суудаг ч үгүй хэвээрээ байгаа л байх юм аа?
-П.О: Зөвхөн стрессгүй ажиллаж л чадвал гоо сайхнаа алдахгүй гэж боддог. Сэтгэл санаа тайван, өөдрөг байна гэдэг маш том гоо сайхан бас эрүүл мэнд шүү дээ. Ажилдаа түүртээд стресстээд л байвал амархан хөгширнө, хүнд ч сайхан харагдахгүй. Эмэгтэй хүнд хэвлэл мэдээллийн салбар их хүнд л дээ. Гэвч телевизийн урлагийн зовлон нь өөрөө бидэнд жаргал юм шиг санагддаг. Телевизэд зөвхөн сэтгэлтэй л хүн ажилладаг. Баяр ёслолоор хүмүүс гэртээ баярлаж байхад телевизийнхэн л ажилласаар суудаг даа.
-Гантулгыг Монголын Чан Ву гэдэг дээ. Та ойрд кинонд тоглож байна уу?
-Э.Г: Саяхан “Хоёулаа унтах уу” гээд насанд хүрэгчдэд зориулсан кинонд тоглолоо. Монголын кино урлагийн түүхэнд бараг анхдагч болох байх. Нэлээд зориг гаргаж хийсэн. Би ч бас яадаг юм, нэгэнт л жүжигчин хүн юм чинь үзээд алдах хэрэгтэй гэж үзсэн.
-Их тураад байсан нь үүнтэй холбоотой байсан юм уу?
-Э.Г: Үгүй ээ. Зүгээр л турсан юм. Их таргалах муу шүү.
-Ингэхэд таны мэргэжил яг юу юм бэ. Сэтгүүлч үү, эсвэл жүжигчин үү?
-Би Энэтхэг улсад сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн. СУИС-ийн жүжигчиний ангид гурван жил сураад цагаан хуудастай төгссөн. Монгол бизнес дээд сургуулийг маркетингийн чиглэлээр дүүргэсэн. Миний боловсрол нэг иймэрхүү дээ. Ингээд биднийг ярилцлагын зочноороо урьсан “ASSA” сэтгүүлийнхэндээ баярлалаа. Бас манай телевизийг шимтэн үздэг нийт үзэгчдэдээ баярлалаа. Бидэнд үзэгч та хамгийн эрхэм байдаг юм шүү гэж хэлмээр байна.