Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“MICHEAL LEARNS TO ROCK” ХАМТЛАГ ДАХИН ИРНЭ

“Micheal learns to rock” саяхан Монголын үзэгчдэд хоёр өдөр тоглолтоо хүргээд буцсан билээ. Энэ тоглолтыг зохион байгуулсан Монголын Залуучуудын Холбооны өнөөгийн үйл ажиллагааны талаар Монголын Залуучуудын Холбооны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Бадмаарагтай ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө дэлхийн алдарт хамтлаг “Micheal learns to rock” манай үзэгчидтэй уран бүтээлээрээ уулзаад буцлаа. Үзэгчид тоглолтоос үлдсэн сэтгэгдлээ танай холбоонд илэрхийлж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Монголын үзэгчид маш сайхнаар хүлээж авсан. Дэлхийн алдартай хамтлагийн тоглолтыг амьдаар нь үзэх боломжийг “Evento” компани анх санаачилсан. Энд авчрах, тоглолтын тасалбарыг ухаалаг карт хэлбэрээр хийх, онлайн билет захиалга гэх мэт олон шинэ санаа санаачилсан мундаг залуус байдаг. Энэ төслийн зөвлөгчөөр Соёлын гавьяат зүтгэлтэн Долгион ах, “Шар айраг” хамтлагийн ахлагч Ганхүү нар ажилласан. Монголын залуучуудын холбоо тоглолтын сурталчилгаа, PR, билетийн борлуулалт зэргийг хариуцан ажиллаа. Анх ганцхан өдрийн тоглолт төлөвлөж байсан ч, аль болох олон хүнд хүргэх зорилгоор хоёр өдөр тоглох шийдвэр гаргасан. Манай үзэгчид хамтдаа дуулж бүжиглээд л маш сайхан хүлээж авлаа. Ялангуяа, хоёр дахь өдрийнх нь тоглолт үнэхээр доргио болж чадсан шүү. Тоглолтоос хойш  олон хүн баярласан сэтгэгдлээ илэрхийлж байгаа нь маш их урам өгч байна. Хамгийн гол нь, чамгүй туршлага олж авлаа.
Зохион байгуулагчдын хувьд тэдний анх явуулсан шаардлагуудыг бүгдийг нь биелүүлж чадаагүй. Биднээс шууд шалтгаалахгүй техник, манай нөхцөл боломжоос үүдсэн асуудлууд байсан. Наад зах нь “Улаанбаатар палас” маш хүйтэн, өлгүүрт хувцас авах боломжгүй гэсэн. Түүнээс болоод үзэгчид гадуур хувцастайгаа тоглолт үзсэн гээд л... Гэхдээ хамтлагийнхан маань сэтгэл өндөр буцсан. Тоглолтыг ивээн тэтгэсэн, тусалж дэмжсэн бүх байгууллага хүмүүстээ зохион байгуулсан залуучуудынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна.
-Монголын үзэгчдэд тоглолт таалагдсан. Тэгвэл хамтлагийнхан манай орноос ямар сэтгэгдэлтэй буцсан бол?
-“Micheal learns to rock” хамт­лагийнхан албан ёсны вэб хууд­сандаа Монголын тухай сайхан сэтгэгдэлтэй зүйл бичсэн байна билээ.  Хэдийгээр маш хүйтэн байсан ч Монголын үзэгчид, байгаль тэдэнд таалагдсан. Анх удаа ирж байгаа, манай орны талаар бараг мэдээлэлгүй шахам байсан хүмүүст Монголын үзэгчид үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж чадсан гэдэгт итгэлтэй байна. Үүний баталгаа нь тэд явахаасаа өмнө Монголд буцаж ирэхээ мэдэгдсэн. Зун эргэн ирж Монголд нэг клипнийхээ зураг авалтыг хийх талаар ярилцана гэсэн.
-Дараагийн урих хамтлаг дуучдынхаа талаар та бүхэн аль хэдийнэ төлөвлөөд эхэлсэн гэсэн. Үнэн үү?
-Бид энэ талаар ярилцаж байгаа. Монгол залуучууд одоогоор тэр бүр гадагшаа явж тоглолт үзэх боломж байдаггүй. Мэдээж ид гялалзаж яваа оддыг авчрах боломж хэцүү байх. Гэхдээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дууг нь сонсох дуртай олонд  нэртэй хамтлаг, дуучид бий. Тэднийг эх орондоо амьдаар харж сонсох боломж нөхцлийг бүрдүүлж өгөхийг хичээх болно.
-Монголын Залуучуудын Хол­боо­ны үйл ажиллагаа нэг хэсэг зогсонги байсан. Шинэ удирдлага, зохион байгуулалттай болсноос хойш овоо дуутай болоод байх шиг?
-Монголын Залуучуудын Холбоо олон жилийн түүхтэй, олон мянган залуусыг нэгтгэсээр ирсэн хүчтэй, том байгууллага. Өн­гөр­сөн гуравдугаар сараас шинэ удирдлага бүтэцтэй болсон. Шинэ баг бүрдүүлэн залуучуудынхаа төлөө, тэдний эрх ашгийг хамгаалсан, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, урамшуулан хөгжүүлсэн  олон үйл ажиллагааг хийхээр төлөвлөн ажиллаж л байна. Залуучуудыг өөрсдийнх нь оролцоотой хөгжүүлэх зорилгоор, ажил мэргэжил сонирхлоороо нэгдэх  залуучуудын хороо, зөвлөлүүд байгуулж эхэлсэн. Нийт 15 хороо байгуулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор ихэнх нь  байгуулагдчихлаа. Хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нь Хөдөлмөрийн баатар Бадар-Ууганаар ахлуулсан “Залуучуудын спортын хороо”. Мөн “ТВ коктейль” хамтлагийн Цолмонбаяраар ахлуулсан “Залуу­чуудын соёл урлагийн хороо” маань байгуулагдаад удаагүй ч маш идэвхтэй сайн ажиллаж байгаа. Ер нь, залуу хүн байгаа газар бүрт Залуучуудын зөвлөлийг байгуулах ажлыг эхлүүлсэн.
-Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаа сэргэж буйг харуулсан ажлын нэг нь яах аргагүй “Залуучуудын үнэн” сонин тогтмол хэвлэгдэж байгаа явдал гэж хэлж болох байх?
-Анх энэ байгууллагад ажилд орж байхад “Залуучуудын үнэн” сонины эрхлэгчээр олон жил ажилласан Төрийн соёрхолт, зохиолч Д.Нямаа гуай “Энэ сонин бол Монголын залуучуудын түүхийг бичсэн юм шүү. Дайн байлдааны талбарт ч, бүтээн байгуулалт, атар газар эзэмших гээд бүхий л  үед  залуучуудтайгаа хамт байсан. Тийм болохоор “Залуучуудын үнэн” сонингоо эргүүлэн гаргаж байгаад би туйлаас баяртай байна” гэж хэлсэн. Бид сонингоо шинэчилж гаргаад хэдийнэ 37 дугаар гарсан байна. Долоо хоног бүр хэвлэгдэн гарч байгаа. Бидний  хамгийн гол ба­римталдаг зүйл бол өнөөгийн залуучуудад хэрэгтэй сонирхолтой мэ­дээл­лүүд нийтлэх, бусдаасаа нэг алхмаар түрүүлж яваа за­луу­сыг  дэмжиж, алдаршуулах явдал юм.
-Танай холбооноос сүүлийн үед “Би авлига өгөхгүй, авахгүй”, “Паркаа аваръя”, “Спирт үү, спорт уу” зэрэг олон аян хөдөлгөөн өр­нүүлж байна?
-Эдгээр дурьдсан асуудлууд нь өнөөдөр бид зүй ёсоор хөндөх асуудлууд л даа.  Бид өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн “Би авлига өгөхгүй, авахгүй” гэсэн аян өрнүүлсэн. “Авлигагүй тоолуур” ажиллаж олон мянган залуус нэгдэж үзэл бодлоо илэрхийлсээр байгаа. Хамгийн сүүлд л гэхэд АТГ-тай хамтран нэр бүхий төрийн байгууллагууд болох Нийслэлийн газрын алба, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий  газар зэрэг 10-аад байгууллагад “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” аялуулах, “Авлига: би авахгүй, өгөхгүй” бичигтэй наалт наах, нэрийн хуудас дээр мөн ийм лого байрлуулах зэрэг ажлыг хийсэн.  Саяхан “Монгол залуу хүний мөрдөх авлигын эсрэг 10 дүрэм”-ийг “Транспрэнси интернэшнл” олон улсын байгууллагатай хамтран гаргаж, “Сэрэх цаг боллоо” гэсэн томоохон үйл ажиллагаа явуулсан. Бид эдгээр ажлыг хийснээр өнөө маргааш гээд авлига шууд алга болохгүй ч үр дүн нь тун ойрын хугацаанд гарч эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаа.     
“Паркаа аваръя” хөдөлгөөний хувьд  их идэвхтэй үйл ажиллагаатай байгаа. Олон ч хүмүүс, байгууллага дэмжиж нэгдэж байна. Саяхан гэхэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Ж.Энхбаяр, С.Ганбаатар нар манай хөдөлгөөнд нэгдэж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт тодорхой асуудлуудаар асуулга хүргүүлсэн. Өмнө нь энэхүү паркийн газрын асуудал хөндөгддөг ч үр дүнд тэр бүр хүрдэггүй байсан. Харин бид энэ удаад  заавал хүүхэд залуучуудад сайн мэдээ дуулгана.  “Паркаа аваръя” хөдөлгөөн нь өмнөх нийгмийн үед   хүүхэд залуучуудад зориулан босгосон 10 гаруй томоохон барилга байгууламжийг эргүүлэн зориулалтынх нь дагуу ашиглуулах зорилготой Монголын Залуучуулын Холбооноос явуулж буй үйл ажиллагааны эхлэл гэж хэлж болно. Цаашлаад “Залуу техникчдийн ордон”, “Гэрлэх ёслолын ордон”, “Залуучуудын соёлын төв” зэрэг газруудын үйл ажиллагааны талаархи асуудал хөндөх болно.
-Тухайлбал “Залуу техникчдийн ордон”-ы үйл ажиллагаа сэргэлээ гэхэд хэрхэн үйл ажиллагааг нь цаашид явуулах вэ. Наад зах нь тэнд багшлах хүнээс авахуулаад хэрэгцээтэй зүйл их?
-Өнөөдөр Монголд сайн инженерүүд нэн шаардлагатай байгаа. Тэгээд ч техникт сонирхолтой байна, тийм чиглэлийн дугуйланд явна  гэдэг нь  хүүхдүүдийн сэтгэлгээг задлах сайжруулах, зан төлөвшилд ч  маш чухал зүйл. Ер нь энэ ордноос маш олон мундаг инженер  эрдэмтэн төрөн гарсан байдаг.  “Залуу техникчдийн ордон”-г эргүүлэн техник сонирхогч хүүхэд залуусын цуглардаг, хичээллэдэг ордон болгох зорилготой ажлын хэсэг хэдийнэ байгуулагдаад ажилдаа орчихсон. Тухайн үед энэ ордонд сурч байсан төгсөгчид, багшилж байсан багш нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан байгаа. 

Б.Цэдэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан