Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.ГАНБОЛД: КИНО ТЕАТРУУД ШИНЭ КИНОНЫ ОРЛОГЫН 50-60 ХУВИЙГ НЬ АВДАГ

“Монголын кино урлагийн зөвлөл” төрийн бус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ганболдтой ярилцлаа.

-Борооны дараахь мөөг шиг олширсон монгол ки­но­нуудыг цэгцлэхээр “Мон­голын кино урлагийн зөв­лөл” ТББ байгуулагдсан гэ­сэн шүү дээ. Үйл ажил­лагааныхаа талаар танилцуулбал?
-Манай байгууллага энэ оны хоёрдугаар сард бай­гуулагдсан. Үйл ажил­лагаа­гаа товчхоноор хэлэхэд чиний хэлснээр болох болохгүй олон киног эмхлэхээр бай­гуу­лагдсан. 2011 онд киночдын зөв­лөлгөөн болоод тухайн үед БСШУЯ-аас бидэнд “Та бүхэн нэг зөвлөлтэй болооч.
Тэгвэл тэр газартай хамтарч үйл ажиллагаагаа явуулмаар байна” гэсэн. Тэр саналыг бид хүлээн авсан. Ингээд киноны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 26 байгууллагад урилга өгснөөс 19 газрынх нь төлөөлөл ирсэн. Тийм учраас “Монголын кино урлагийн зөвлөл” нэртэй хам­тын удирдлагатай төрийн бус байгууллага байгуулсан.

-Хамтын удирдлагатай ТББ гэхээр дотоод бүтэц нь ямар байх вэ. Олон бай­гуул­лагыг нэгтгэж байгаа бо­­ло­хоор ийм нэртэй юм уу?
-Манай байгууллагын дү­рэмд зөвлөл дотроо хол­боод­той байна гэж оруулсан. Энэ нь юу вэ гэхээр най­руулагчид, жү­жиг­чид, зохиолчдын гэх мэт­чи­­лэн холбоод байгуул­на гэсэн үг. Тэгээд тэр хол­­боо­­дын удирдлагууд нь нийлж зөвлөлөө удирда­хаар зохицуулалт хийж бай­­гаа. Үүнийхээ хүрээнд най­руулагчдын зөвлөлөө бай­гуулаад хурлаа хий­сэн. Ямар­ваа кино найруулаг­чаа­раа овоглодог болохоор найруулагчдийн холбоогоо хам­гийн эхлээд байгуулж байна.

-Баримтат, уран сайхны ки­ноны, жүжгийн гээд олон най­руулагч байдаг шүү дээ. Тэднийг нэг холбоонд о­руул­чихаж байгаа гэсэн үг үү?
-Эхний ээлжинд ямар ч байсан ерөнхий холбоодыг байгуулахаар ажиллаж бай­гаа. Хэрэв холбоодын гишүүд тогтоосон тооноос давах юм бол тэр холбоогоо задлаад төрөлжүүлэх бодол бий. АНУ-ын кино зөвлөл гэхэд найруулагч, жүжигчдийн хол­боондоо дийлдчихсэн бай­гаа. Тэр хоёр холбоо бол хамгийн хурдан хугацаанд хүрээгээ тэлж, хүчирхэгждэг. Тийм болохоор гишүүдийнх нь тоог хязгаарлаж, задлаад шинээр холбоод бий болгох хэрэгтэй л дээ. Гадаадын кино зөвлөлүүдийн жишгийг харж байгаад л дүрэм жура­маа боловсруулаад явж бай­на. Эхний ээлжинд 15 хол­боо байгуулна. Кинонд ажил­лаж байгаа бүх хүн тэр холбоодод харьяалагдаад өөрс­дийнхөө эрх ашгийг хам­гаалуулах юм.

-Уран бүтээлчид танай холбоонд харьяалагдснаар эрх ашгаа хамгаалуулна гэ­лээ. Уран бүтээлчдийн тө­лөө өөр ямар ажил хийхээр төлөвлөж байгаа бол?
-Манайх “Монголын урла­гийн зөвлөл”, Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яам, Байгаль орчны яам, Оюуны өмчийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын га­зар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар гээд олон байгууллагатай хамтран ажилладаг.
Удахгүй бид хараагүй, сонсголгүй хүмүүст зориулсан кино хийхээр төлөвлөж байгаа. Тийм кино хийхэд дээрх байгууллагууд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Манайхан нэг кино хийчихээд минийх гээд цээжээ дэлдээд яваад байдаг болохоос хуулийн дагуу өөрийн болгодог нь цөөн. Тийм болохоор уран бүтээлээ хийх таатай нөх­цө­л бүрдүүлж өгөхийн тулд олон байгууллагатай хамт­ран ажиллаж байгаа. Бас кино урлагийн чиглэлээр сур­гууль төгсчихөөд ажилгүй яваа хүмүүсийн тоог цөөлөх зорил­го тавиад л ажиллаж байна.

-Та дээр дурдсан хам­тын ажиллагаатай бай­гуул­ла­гууд дундаа Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг оруулсангүй...?
-Манайх уг нь хамтран ажиллах саналаа бичгээр хоёр удаа явуулсан ч хариу ирүүлээгүй. Дараа нь өөрийн биеэр очиж уулзсан. Удахгүй киноны тухай хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байгааг сонсоод очсон нь тэр л дээ. Гэхдээ бидэнтэй хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн.

-Танай зөвлөл хийж байгаа бүх кинонд хяналт та­ви­на гэсэн. Тэгэхээр зөв­лөлд нэгдэхгүй байгаа хэр­нээ кино хийгээд байгаа хү­мүүст ямар нэг арга хэмжээ авах уу?
-Одоохондоо зөвлөлд о­рох­гүй байгаа хүмүүс бий л дээ. Гэхдээ зөвлөлийн маань үйл ажиллагаа тогтворжоод ирэ­хээр тэд хүрээд л ирнэ. Уг нь зөвлөлд харьяалалтай байвал тэдэнд л ашигтай. Сургуулиа дөнгөж төгссөн залуу аав, ээжээсээ мөнгө аваад нэг кино хийлээ гэхэд олон жил ажилласан хүмүүс зөвлөөд туслаад өгнө. Харин өөрөө толгой мэдээд кино ч биш юу ч биш юм хийчихвэл аав, ээж ар гэрийнхэн нь хоёр дахь удаагаа мөнгө гаргахгүй л болов уу гэж бодож байна.

-Тэгэхээр зөв­лөл­тэй байс­наар ганц нэ­гээрээ ки­но хийгээд явах­гүй гэсэн үг бай­на шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Хамтаараа ажиллана гэсэн үг л дээ. Манай зөвлөлд ирсэн кинон дээр тендер зарлаад ажиллах хүмүүсээ сонгоно. Тэгэхээр нэг студи тэр чигээрээ орохгүй ч байж болно. Тухайн студийн ганцхан найруулагч нь сонгогдож ч болно. Хамгийн гол нь түүхэн кинонд дөрвөн найруулагч, хоёр зураач ажил­лана ч гэх юм уу стандарт тогтоох л хэрэгтэй байна. Стандартынхаа дагуу л уран бүтээлчид сонгогдоод ажиллана.

-Тэгэхээр өөр өөр студийн ажилт­нууд хамтран ажиллана гэ­сэн үг үү?
-Тийм ээ. Ингэснээр уран бүтээлчдийн чадвар турш­лага нь нэмэгдэнэ гэж үзэж бай­гаа. Найруулагч ямар нэг зүйл дээр алдаж байж болно. Тэгэ­­хэд нь түүний хажуугаар нэг тайзны зураач “Манай найруулагч ингэж хийдэг” гэж зөвлөж болно шүү дээ. Нөгөө найруулагч туршлага судлаад уран бүтээлээ улам л чанаржуулах байх гэж бодож төлөвлөөд л байна. Бусад орны киноны зөвлөл ч гэсэн ингэж л үйл ажиллагаагаа явуулдаг.

-Хэрэв хөрөнгө мөнгө, зохиол нь байвал танай зөвлөлд хандахад болох юм байна шүү дээ?
-Зохиол байхгүй ч байсан болно. Манайх зохиолчдын холбоотой. Санаагаа хэлээд яриад зохиолоо бичүүлж болно.

-“Улаанбаатар авардс”, “Ака­деми авардс” гээд шил­дэг кино шалгаруулдаг олон наадам байдаг. Энэ ар­га хэмжээнүүдэд танай зөв­лө­лөөс хэрхэн хандах вэ?
-Шилдэг кино шалга­руул­даг журмыг өөрчилнө. Одоо болохоор хугацаа нь дөхчихсөн хойно хэдэн хүн өдөржин кино үзээд дүгнэл­тээ хийдэг. Сүүлийнх нь за­рим бүтээлийг үздэггүй шүү дээ. Тэгээд л шилдэг нь шалгар­чихна. Үүнийг өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа. Кино­нуу­даа нэр дэвшүүлээд бү­тэн жил дэлгэцнээ гаргаж, үзэгчдийн саналыг жилийн эцэст нэгтгээд шилдгээ шал­гаруулдаг болно.
 
-Өмнө нь кино хийдэг хүмүүсийг нэгтгэсэн танайх шиг байгууллага байсан санагдана?
-Тийм “Кино нийгэмлэг” гэж байсан. Тэгээд 1990 онд нийгэм задарахад тэр нийгэмлэг нь тараад бүгд чөлөөт уран бүтээлч болчихсон юм. Гэхдээ тэр нийгэмлэгт залуучууд элсэх нь ховор байлаа. Кино үйлдвэрийн харьяа байсан учраас мундаг хүмүүс тэр нийгэмлэгт байж л дээ. Тэгээд л залуучууд нь дөлөөд ордоггүй байсан. Одоо бол залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний ур чадварыг нэмэгдүүлэхээр зөвлөл байгуулж байгаа. Тэгэхээр залуу уран бүтээлчид маань зөвлөлд идэвхитэй хамрагдах байх.

-Шудрага өрсөлдөөн хэ­рэг­лэгчдийн төлөө газар­­тай хамтран ажил­лаж бай­гаа гэж дээр хэл­сэн. Миний сонсч байс­наар кино театрууд шинэ кино гаргахад орлогынх нь 50 хувийг авдаг гэсэн. Үүн дээр арга хэмжээ авч болох болов уу?
-Шинэ киноны орлогын 50-60 хувийг нь авдаг. Кино хийх гээд бөөн өрөнд орчихоод явж байгаа хүн киногоо хурдан л гаргаж өрөө дарахыг бодно. Уг нь “Жонон” гээд гэр хорооллуудаар салбартай кино театр байдаг юм. Тэнд киногоо арай хямд үнэ төлөөд гаргуулж болно. Тэгэхээр нөгөө том театрууд маань тэнд гаргаж байгаа киног манайх дэлгэцнээ гаргахгүй гээд байдаг. Нэг ёсондоо жижиг газруудын гарч ирэх замыг хааж байгаа хэрэг л дээ. Энэ бүхэнд бага ч гэсэн зохицуулалт хийхээр ШӨХТГ-ынхантай яриад л байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан