Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Миний хобби амьдралын минь чимэг


Урчуудын эвлэлийн шагналт зураач Д.Уртнасанг урьж сонирхолтой яриа өрнүүллээ. Түүнтэй зургийн талаар бус харин түүний хобби болох пянзны тухай ярьсан юм.
    
-1970-аад оноос манайд рок поп хөгжмийн урсгал орж ирсэн гэж үздэг. Тэрийг дагаад хөгжим сонирхогч залуус маань пянз цуглуулах болсон гэж сонсч байлаа?
-Тухайн үед манайх Төмөр замд амьдардаг байсан. Яг л алдарт “The Beatles”, “Kiss”, “Pink Floyd”, “Queen”, “Rolling Stones”, “Bee Gees” хамтлаг ид оргил үедээ уран бүтээлээ хийж байсан үе. Төмөр замын байрны ах нараараа гитар заалгаад, алдартай хамт­ла­гуудыг дуурайж үсээ урт ур­гуулна, байрны найзууд цуг­лаж шүтдэг хамтлагийнхаа дуу­нуудыг сонсоно, тэдний тухай сонссоноо ярьдаг бай­лаа. Тэр бүхнээс үүдээд л сонирхлоо дагаад нэг л мэдэхэд пянз цуглуулж эхэл­сэн дээ.
-Хамгийн анх хэдэн онд ямар пянз авч байв. Одоо та­ны цуглуулга нэлээд ар­вин болсон харагдаж байна?
-1973 онд “Pink Floyd” хамт­лагийн пянзыг олж авчихаад ёстой их баярлаж байсан. Тэр нь олон хүний гар дамжчихсан, хуучирч зурагдсан пянз байсан л даа. Гэхдээ л тэр үед чинь пянзтай л бол “од” байлаа шүү дээ. Одоо миний цуглуулганд 600 гаруй пянз бий.
-Пянз цуглуулна гэдэг ши­нээр хадгалах ёстой юм уу?
-Тэгэлгүй яахав. Ми­ний цуглуулганд байгаа пянз­нуудаас аль 1970, 80-аад оных хэрнээ огт задлаагүй олон пянз бий.
-Тийм үү. Пянз худалдаж авчихаад сонсч үзмээр санагддаггүй гэж үү?
-Үгүй ээ. Сурчихдаг юм байлгүй дээ. Пянзыг хэчнээн үнэ цэнэтэй гэдгийг мэддэг, хайрладаг бас яаж олж авснаа бодохоор задлах зориг хүрдэггүй байж магадгүй. Хэний ч өмнө пянзнуудаа гар­гаад ирэхэд нүүр бардам байхын тулд л тэр шүү дээ. Пянзыг дан ганц цуглуулаад байх нь утгагүй л дээ. Хэрэв ховор пянз олдвол хоёрыг авчихдаг. Нэгийг нь өөртөө үлдээгээд нэгийг нь дуудлага худалдаагаар зарж болно. Бас өөрт хэрэгтэй байгаа пянзаараа сольж болдог. Пянз цуглуулдаг хүмүүсийг битлмэн гэдэг юм. Би Олон улсын битл­мэний холбооны гишүүн болохоор түүгээрээ дамжуулан шинэ пянз олж авахад арай хялбар.
-Яг жинхэнэ пянзыг нь олж авах хэцүү байх даа. Одоо тэгээд үйлдвэрлэдэг газар байхгүй биз дээ?
-Тэгэлгүй яахав. “Paralphone”, “Capitan” зэрэг томоо­хон фирмийн оригинал пянзыг тэр тусмаа шинээр нь олж авах хэцүү. Гэхдээ би хаа хамаагүй пянз цуглуулдаггүй. Нэг ёсны системтэй цуглуулдаг. Жишээ нь, “The Beatles” хамтлагийн пянзыг цуглууллаа гэхэд тэр хамтлаг хэдэн тоглолт хийсэн байна. Түүнийх нь дарааллаар цуглуулдаг. Надад “The Beatles”-ийн бүх тоглолтын пянз бий. Пянзны үйлдвэр нэг хэсэг зогссон шүү дээ. Харин одоо үйлдвэрлэж эхэлсэн сураг байсан.
-Тоглолтын пянз гэхээр бас өөр үү?
-Хамтлагууд чинь дууны түүврээрээ, тоглолт дээрээ дуулсан дуунуудаараа  пянз гар­гадаг. Дууны түүврээрээ гаргасан пянзнуудад орсон дуу давхардаад байдаг юм. Харин тоглолт дээр дуулсан дуунууд давхардах нь ховор.
-Танд нэлээд хэдэн алтан пянз хадгалагддаг юм байна шүү дээ. Алтан пянз ховор байх?
-Надад алтан пянзнууд бий. /ханан дахь алтан пянз руугаа заав/ Жишээлбэл, Тэр Rock n Roll-ийн загалмайлсан эцэг Эльвис Преслигийн зургаан алтан пянз надад бий. Тэдний нэг нь л энд байна. Дэлхийд 1000 хувь хэвлэгдсэний 132 дахь нь надад хадгалагддаг байх жишээтэй. Дэлхийн банк­­ны алтны ерөнхийлөгч Скот Келли гэж хүний гарын үсгээр баталгаажсан 24 кратын алтан пянз гэдгийг нь баталсан бичиг баримттайгаа байгаа. Дараагийнх нь “Kiss” хамтлагийн алтан пянз. Дэлхийд 2500 хувь хэвлэгд­­­­­­сэний 123 дахь нь байна. Жон Леннон, Иоко Оно хоёрын алтан пянз 5000 хувь хэвлэгдэж байснаас 4262 дахь нь байна гэх мэт. Алтан пянз зүгээр нэг хэн нэгэнд байдаг юм биш л дээ. Дахиж хэвлэгддэггүй болохоор үнэ цэнэтэй. Нэг ёсны урлагийн өв гэсэн үг.
-Уг нь, зураач хүн. Гэхдээ таны ярианаас хөгжим судлаач гээд хэлчивэл хол зөрөхгүй мэт санагдаж байна л даа?
-Угаасаа миний үеийн хөг­жимд дуртай хүмүүс бүгд л хөгжмийн мэдлэгтэй. Хөгж­мөөр амьдарч ирсэн хүмүүс. Зүгээр нэг пянз цуглуулаад, тоглолт үзээд явах бол шал өөр хэрэг. Тэр хөгжимд зүрх сэтгэлээрээ орох бас нэг хэ­рэг. Хөгжимд дурлаад пянз цуг­луулаад байгаа хүмүүс чинь аварга том динозавр босгох гээд л ясыг нь энэ тэндээс цуг­луулаад л байгаа байхгүй юу.
-Тэгвэл таны динозавр босох дөхөж байгаа юу?
-Толгойны яснаас бусад нь боссон гэхэд болно.
-Толгойны яс нь юу байх уу?
-Би найзуудтайгаа хамт­раад ном гаргахаар бэлтгэж байна. Одоо хэвлэлтэд өгөхөд бэлэн болоод байгаа. Тэрийг хэвлээд гаргачихвал динозавр маань бэлэн болчих болов уу. Хамгийн гол нь би өөрөө пянзаа цуглуулаад явж болно. Гэхдээ одоогийн залууст хөгжмийн зөв мэдлэг олгохын тулд ном хийх гээд байгаа юм. “Од” гэж нэрлэгдээд бай­гаа зарим дуучин чинь “Pink Floyd” гэж ямар хамтлаг байдгийг мэдэхгүй явна. Энэ бол эмгэнэл.
-Одоо манайд пянз цуг­луул­­даг хүмүүс бий болов уу?

-Байгаа. Гэхдээ далайцтай цуглуулагч байхгүй.
-Хүн сонирхолтой зүйлээ хийхэд, тэр дундаа их хэмжээний мөнгөөр үнэ­лэгдэх зүйл ингэж цуг­луу­лахад гэр бүлийнх нь ойл­годог байх нь чухал юм шиг?
-Тэгэлгүй яахав. Манай ээж урлагийн хүн байсан. Тийм болохоор намайг анх дэмждэг байлаа. Гэр бүлийн хүн маань ч гэсэн намайг их ойлгоно. Миний зөвшөөрөлгүй хэн ч пянзанд хүрдэггүй. Гадаад яваад ирэхээрээ хоёр пянз цүнхэндээ хийчихсэн ирдэг. Заримдаа хэрэггүй зүйл ч авчихсан байдаг. Гэхдээ хүүхдээ өлсгөөд, цахилгаанаа таслуулчихсан байж хамаг мөнгөөрөө пянз авч болохгүй шүү дээ. Оригинал пянзны хамгийн доод талын үнэ 120 еврогоос эхэлдэг. Тэгэхээр гэр бүлийн төсвөөс тусдаа хөрөнгөтэй байж л цуглуулгаа өдий зэрэгтэй болгоно шүү дээ.
-Дуу хөгжим дунд өссөн хүүхдүүд ч гэсэн арай өөр сэтгэхүйтэй болдог байх?
-Би гурван охин, нэг хүүтэй. Хүү маань амьд хөгжмийн “Шугам” гэдэг хамтлагтай. Бага байхад уйлахаар нь “The Beatles”-ийн дууг сонсгохоор чимээгүй болчихдог байсан. Түүнээс үүдээд хөгжмийн их мэдрэмжтэй. Бас унаган англи хэлтэй. Тэгээд ч хөгжим сонсч өссөн хүүхэд их зөөлөн зантай, уян болдог юм билээ.
-Өдий олон жил пянз цуглуулахад  авчихдаг байж дээ гэж харамсах зүйл гарч л байсан байх?
-Гаралгүй яах вэ. Гэхдээ амьд явахад яаж ийж байгаад авдаг л байхгүй юу. Пянзаа өнөөдөр надад зарахгүй гэсэн хүнд хэзээ нэгэн цагт мөнгөний хэрэг гарч л таараа. Тэр үед харамлаад байсан зүйлийг нь надаас өөр хэн үнэд оруулах юм. Ойлгохгүй хүмүүс 10 мянган төгрөгөөр ч ганц пянз авахгүй шүү дээ.
-Хобби тань амьдрал болсон гэхэд бараг болохоор юм уу даа?
-Миний цуглуулга миний амьдралын чимэг. Би их баян хүн. Сэтгэлийг минь баян болгож буй зүйл бол миний сонирхол. Залуус маань л өөрийн гэсэн хүсэл зорилготой болмоор байна. Яг үнэнийг хэлэхэд архичин хүнтэй архичин л найзалдаг юм.
-Энэ олон ховор пянз таны гар дээр дардан замаар ирээгүй нь тодорхой?
-Тэгэлгүй яахав. Энэ бол миний хоёр дахь цуглуулга. Анх цуглуулсан 400 гаруй пянзаа зарчихсан юм. 1980-аад онд нэхмэлийн шард халуун усгүй хоёр өрөө байранд амьдарч байлаа. Тухайн үед Холбооны яаманд марк зураачийн ажил хийж байсан юм. Тэгэхэд Холбооны яаманд 72 мянган төгрөгийн үнэтэй байр ирээд ажлаас талыг нь өөрөө талыг нь гаргахаар болсон. Тэгээд л пянзаа зараад 40 гаруй мянган төгрөгтэй болоод байранд орж байсан. Тэр байранд хүүхдүүд минь гарсан. Гал голомтоо бадрааж байлаа. Тийм болохоор пянзнууддаа их хайртай.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан