Дэлхийн улс орнууд өөрсдийн түүх соёл, өв уламжлалыг сурталчилан таниулах, улмаар гадаадын жуулчдыг татах зорилгоор өөрсдийн нэрийн хуудас болсон бэлгэдэл, бүтээл, аялал жуулчлалын цогцолборыг бий болгодог. Жишээлбэл, АНУ-д Эрх чөлөөний хөшөөг, Францад Эйфелийн цамхгийг, Египетэд пирамидыг үзэх гэж жилд маш олон сая жуулчин очдог. Үүний нэг жишгээр Монголд урьд нь байгаагүй том төслийг “Их Майдар сан”-гаас санаачлан хэрэгжүүлж, гайхамшигт цогцолборыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт бүтээн байгуулахаар болсон билээ. Энэхүү цогцолбор бий болсноор Монголын ард түмний шашин, соёлын үнэт өв бий болж, монгол ёс, гүн ухааны уламжлалыг сэргээх ба дэлхий дахинаа түүх, соёл, уламжлалаа таниулан, хойч үедээ өвлүүлэн хадгалуулах онцгой ач холбогдолтой юм.
Төсөл Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор хэрэгжиж байгаа. “Их майдар” төслийн хүрээнд “Их майдар сан”-гаас санаачлан буддын судлалын сургалт эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран “Майдарын эрин: Нийгмийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлыг зохион байгуулах гэж байна. Тус анхдугаар бага хурал энэ сарын 6, 7-ны өдөр “Kempinski” зочид буудалд болох юм. Эрдэмтэн, судлаачид буддын шашин, философи, урлаг соёлын орчин үеийн нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаархи сүүлийн үеийн шинэ судалгааныхаа үр дүнг толилуулах юм байна.
Энэ талаар “Их Майдар сан”-гийн гүйцэтгэх захирал Б.Цогтбаяраас тодрууллаа.
-“Их Майдар сан” төсөл маань одоо ямар төвшинд явж байгаа вэ?
-“Их Майдар сан” 2010 оны есдүгээр сард байгуулагдсан. Байгаль орчин, соёл урлаг, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. Манай сангийн хамгийн том ажлын нэг бол 2009 оноос “Их Майдар” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа явдал юм. Төслийг 2010 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн Тамгын газрын зарлигаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлэхээр болж, 2012 оны нэгдүгээр сараас албан ёсоор ажиллаж эхэлсэн.
-Төслийг олон нийтэд танилцуулах зорилготой “Майдарын эрин: Нийгмийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан Олон улсын анхдугаар бага хурлыг зохион байгуулахаар болсон. Энэ талаар...
-Төслийн хүрээнд Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд, МУИС-ийн НШУС-ийн шашин судлалын тэнхим, Монголын философийн холбоо зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Энэ хурал жил болгон уламжлал болон зохиогдох юм. Хуралд Шинжлэх ухааны академи, Монгол Улсын Их сургууль, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, “Жавзундамба хутагт” төв, Зүүн хүрээ Дашчойлин хийд зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачдаас гадна АНУ, ОХУ, Солонгос, Францын буддын судлаач эрдэмтэд оролцож илтгэл тавих юм. Эрдэмтэн, судлаачид буддын шашин, нийгэм ба байгаль орчин, буддын соёл урлаг, буддын шашин дахь Майдарын сургааль, буддын шашин ба шинжлэх ухаан гэсэн дэд сэдвүүдээр хэлэлцэж санал солилцох юм.
-Олон улсын анхдугаар бага хурал гэсэн байна. Ирж байгаа гадаадын эрдэмтэн судлаачдын талаар мэдээлэл өгөөч?
-Анхдугаар бага хуралд энэ чиглэлээр маш олон жил судалгаа хийсэн гадаадын эрдэмтэд оролцохоор болсон. Жишээлбэл, АНУ-ын эрдэмтэн Жеймс В.Коүлмен “Буддизм, шинжлэх ухааны секурализм”, ОХУ-ын эрдэмтэн Л.С.Кузьмин “Буддизм ба экологи”, АНУ-ын эрдэмтэн Рон А.Потер “Монголын улс төр дэх буддизмын үүрэг” гэх мэт хүмүүс илтгэл тавих юм.
-Монголын эрдэмтдийн хувьд ямар хүмүүс оролцох вэ?
-Академич Г.Чулуунбаатар “Буддизм ба нийгмийн хөгжлийн чиг хандлага”, доктор Т.Булган “Майдар шүтлэг ба монголчууд”, гэвш лам Н.Амгалан “Их хүрээний майдар дацангийн уламжлалт ёсон”, доктор С.Янжинсүрэн “Монголчуудын сэтгэлгээний соёлд буддизмын гүйцэтгэсэн үүрэг”, доктор Ц.Уранчимэг “Майдар бурхны дүрслэл Монголын урлагт” гэсэн сэдвээр илтгэл тавьж оролцоно.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөх Р.Болд, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл оролцоно. Нэмж хэлэхэд дээрх эртэмтэн судлаачдын тавьсан илтгэлүүдийг эмхэтгэн тусгай ном гаргаж, холбогдох сургууль, хүмүүс, байгууллагуудад үнэгүй тараагдах юм. Энэ номоос илүү нарийн мэдээлэл авч болно.
-Бага хуралд сонирхсон иргэд оролцож болох уу?
-Болно. Сонирхсон судлаачид, оюутан залуус ирж зохион байгуулагчдаас тусгай оролцох мандат авч орж болно. Харин хүний тоо хязгаартай тул оролцохыг хүсэгчид яаралтай ирж аваарай гэж хэлье.