Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манайд 4000 хавдартай хүнд хоёр сэтгэл зүйч ногдож байна

Анужаргалын өвчний онош тодрохгүй олон сараар эмнэлгээр явж аргаа бараад байв.  Ингэж явсаар онош нь хавдар гэж гарч  эмч “Та хорт хавдартай, амьдрах хугацаа тун богино байна” хэмээн хэлэх нь тэр.  Энэ мэдээг сонсоод түүний толгой нь эргэж, юм сонсохоо больж шууд л дүлийрсэн байна. Арга ч үгүй биз дээ. Дөнгөж 20  гарч  яваа, хүнтэй сууж, хүүхэд гаргаагүй залуу эмэгтэйн хувьд хүнд цохилт болсон биз.  Уг нь, энэ оношийг эмч нар түүний сэтгэл зүйг нь бэлдэж байгаад хэлсэн бол өнөөдөр Анужаргал гэх эмэгтэй дүлий болохгүй байсан нь лав. Ер нь, иймэрхүү байдалд өртсөн өвчтөнүүд манайд нэлээд байдаг юм билээ.  Хэдийгээр хавдар туссан хүмүүст сэтгэлзүйн эмчилгээ сувилгаанаас илүү чухал гэдгийг мэддэг ч, хэрэгжүүлж чадахгүй л явна.  
Монгол хүн сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ гэдэг. Иймээс хорт хавдар тусч амьдралынхаа сүүлийн хоногийг хүлээн суугаа өвчтөнүүд ядаж сэтгэлээр эдгэж хорвоог орхиосой. Гэвч өнөөг хүртэл эл  салбарыг орхисоор байгаа нь  даанч харамсалтай. Тэгвэл  хавдартай хүмүүст сэтгэлзүйн талаас нь хэрхэн ажилладаг талаар ХСҮТ-ийн сэтгэл зүйч Ч.Аззаяагаас тодруулахад ”Хавдартай хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй байдаг. Манайх 2004 оноос сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлж ирсэн. Хорт хавдар гэдэг онош тухайн өвчтөний сэтгэлзүйд маш хүндээр тусдаг. Шууд шоконд ордог. Тэгэхээр энэ оношийг хэлнэ гэдэг маш төвөгтэй. Онош нь тогтоогдож байгаа өвчтөнүүд ихэнхдээ амбультороор оношлогддог. Эсийн шинжилгээний 100 хувь хариу гарч, баталгаатай болсны дараа хэлдэг. Өвчтөнүүд амбультороор явж байгаад оношоо сонсч байгаа. Яаж хүнд цохилтод оруулахгүйгээр хэлэх талаар эмч нараа сургалтад хамруулж  байгаа. Муу мэдээг хүргэх техник гэж байдаг. Тэр дагуу л хэлдэг” хэмээн ярьсан юм. Мөн тэрээр “Нэг өвчтөнд оношийг нь хэлэхийн тулд оношлогч, эмчлэгч эмч нь шаардлагатай гэж үзвэл сэтгэл зүйч эмч гаргаж өгдөг. Гэхдээ  сэтгэл зүйч эмч цөөн учир хүн бүрт хүрэлцэхгүй  байна. Манай эмнэлэгт гэхэд нэг сэтгэл зүйч, нэг сэтгэцийн эмч буюу сэтгэл засалч эмч гээд хоёр л эмч ажиллаж,  өвчтөнүүдэд үйлчилж байна” хэмээн ярьсан юм. Манай улсад жилдээ 4000 гаруй хүн шинээр хавдартай хэмээн оношлогдож байгаа. Ингээд бодохоор 4000 гаруй хүнд ердөө л хоёр сэтгэл зүйч ногдож байна гэсэн үг. Үүнээс манайд сэтгэлзүйн салбар ямар их орхигдсон нь харагдаж байна. Хэдийгээр ху­вийн эмнэлгүүд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг ч, үргэлж санхүүгийн бэрхшээлтэй тул­гардаг өвч­төнүүд тэр бүр очоод сэтгэл зүйн зөвлөгөө аваад байдаггүй. Ямартай ч, манай улсад энэ салбарыг хөгжүүлж сэтгэлзүйчдийг бэлтгэх тог­толцоо үгүйлэгдэж байна.  

Мэс засалд орсны дараа ч хавдартайг нь хэлүүлдэггүй

Өвчтөн биеийн байдлаа мэдэх эрхтэй ч манайхан  ихэнхдээ хорт хавдартай гэдгийг нь өөрөөс нь нуудаг. Өөрөөр хэлбэл, ар гэрийнхэн нь хагалгаанд оруулах эсэх эсвэл хүндэрсэн гэдгийг нь хэлэхгүй байхыг хүсвэл эмч үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг бодолцсон шийдвэр гаргадаг. Иймдээ ч зарим нь бүр мэс засалд орсныхоо дараа ч хавдартай гэдгээ мэдээгүй тохиолдол бий. Энэ нь монголчуудын гэр бүлийн нөлөөлөл асар их байдагтай холбоотой. Бусад улс оронд тухайн хүн өөрөө л түрүүлж  оношоо сонсдог. Манайд өвчтөн өөрийн биеийн байдлаа мэдэх эрх хуульд бий. Гэтэл үүнийг нь зөрчиж, өвчтөнүүдийн эрхэнд халдсаар байна. Эмч нарыг энэ талд хэрхэн бэлддэг  талаар Ч.Аззаяа сэтгэлзүйч “Оношоо сонссон өвчтөнүүд хүнд цохилтод ордог учир юм сонсохгүй болох, ойлголт удаашрах, ухаан санаа нь орж гарах зэрэг хүнд байдалд ордог. Иймээс энэ мэдээг сэтгэлзүйн арга барилыг эзэмшсэн хүн үе шаттайгаар өвчнийх нь оношийг дуулгадаг. Эхний хэсэгт ийм төрлийн мэдээг, хэсэг хугацааны дараа тиймийг нь гээд хуваарилдаг. Энэ аргуудыг залуу эмч нарт эзэмшүүлэхийг зорьж байна. Олон жил ажилласан эмч нар заавал сэтгэл зүйчээр заалгаагүй ч гэсэн өвчтөнтэйгөө хэрхэн ажиллахаа мэдэрчихсэн байдаг” хэмээн ярьсан юм. Харин энэ салбарыг цааш нь хөгжүүлэхэд эхлээд нийгэмд сэтгэл зүйч хэрэгтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй.  Ингэхдээ сурталчилгаа танин мэдэхүйн хөтөлбөр хэрэгжүүлэх. Мөн сэтгэл зүйчийн  онцлогийг таниулах, энэ үйлчилгээг үзүүлэээд үр дүн гарч байна гэдгийг үзүүлэх учиртай.

Vanessa Jones: Төрийн дэмжлэг хэрэгтэй

Бусад улс оронд сэтгэл зүйн талд хэрхэн ажилладаг талаар Англи улсын сэтгэл зүйч доктор Vanessa Jones-той ярилцлаа.

-Таныг сэтгэл зүйн чиг­лэ­лээр эмч нарт илтгэл тавьсан гэж сонссон. Таны бодлоор,  манай улсад сэтгэл зүйн салбар хэр хөгжсөн байна вэ?
-Монгол Улсын эрүүл мэндийн сэтгэл зүйн салбар нь маш залуу юм. Тийм болохоор бүх зүйл нь шинэ харагдлаа. Иймд сэтгэл зүйчдээ дадлагажуулж турш­лага суулгах хэрэгтэй. Бас ажлын байр бага юм. Хэрэв туршлагатай сэтгэл зүйч ирлээ гэхэд ажлын байр алга. Тэгэхээр төрийн  дэмжлэг хэрэгтэй.
-Танай орны хувьд хавдартай хүмүүстэйгээ  хэрхэн ажилладаг юм бэ?
-Хавдартай хүмүүстэй ажиллах олон арга байдаг. Та ийм өвчтэй болсон. Гэхдээ ингэж эдгэдэг гэдгийг тайлбарлан өгч олон талаас нь дэмжиж өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь, айдас төрүүлж болохгүй.  Танд амьдрах хугацаа богино үлджээ гэж хэлдэггүй. Ер нь, хавдартай хүмүүсийн сэтгэл санааг нь өөдрөг байлгах талаас нь бодож ажиллах хэрэгтэй.
Мөн зөвхөн хавдартай хүмүүстэй гэлтгүй ойр хавьд нь ажиллаж байгаа бүх хүнтэй ажилладаг. Тухайлбал, эмч нар нь хавдартай гэдгийг нь өдөр бүр мэдрүүлээд байх нь сэтгэл зүйд нь маш хүчтэй нөлөөлдөг. Эмч, сувилагч нараа яаж стрессээс гарах вэ, хэрхэн муу мэдээг хүргэх вэ гэсэн сургалт  явуулж байх хэрэгтэй. Мөн гэрийнхэн, ойр байгаа хүмүүст нь сэтгэл зүйн талаас нь сургалт явуулах шаардлагатай.
-Өвчтөнүүд сэтгэл зүйчид ханддаггүй нэг шалтгаан бол төлбөр. Тэгэхээр зөвлөгөөг төлбөргүй өгөх боломж байна уу?
-Эрүүл мэндийнхээ даатгалд суулгаж өгөх хэрэгтэй. Тэгвэл иргэд сэтгэл зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй авдаг болно. Бусад оронд ийм жишгээр явдаг. Монголд сэтгэл зүйч хэрэгтэй хэрнээ хаана хандахаа мэдэхгүй гэртээ сууж байгаа олон хүн байна.

Б.Жав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан