Зодооны хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж буй “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан энэ сарын 27-нд буюу өнгөрсөн даваа гарагт Монголд ирэх ёстой байсан. Тодруулбал, тэрбээр зодооны хэрэгт холбогдсоныхоо дараахан буюу энэ сарын 20-нд буюу өнгөрсөн ням гарагт хилээр гарч явсан байдаг. Ингэхдээ хуулийнханд "Найз охины бие гэнэт муудсан. Зайлшгүй очих шаардлагатай байна. Энэ сарын 27-нд буцаж ирнэ" гэж хэлээд хил давж явсан юм.
Гэвч тэрбээр хуулийн хугацаандаа ирээгүй.
Тиймээс хуулийн байгууллагаас Интерполын төв товчоонд Б.Амарсайханыг Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлтээ хүргүүлсэн байна.
Тус товчооноос хүсэлтийг хүлээн авснаар Б.Амарсайханы зургийг Интерполын Улаан буланд албан ёсоор байршуулж, эрэн сурвалжлах аж.
Мөн түүнийг ирсэн даруйд хар тамхины тест авах байсан. Хар тамхины тестийн илрэх хугацаа 30 хоног дотроо байдаг аж. Түүнийг наймдугаар сарын 18-ны дотор авч ирэхгүй бол хар тамхи хэрэглэсэн байсан эсэхийг тодруулах ажиллагаа талаар өнгөрнө.
Хэрэг явдлыг сануулбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, ХААН банк байрлаж буй байрны эсрэг талд орших “Cante” гэх шөнийн цэнгээний газрын үүдэнд энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн үед зодоон болж, нэг залуу хүнд гэмтсэн байдаг. Иргэн С-г найзуудтайгаа баарнаас гарч явахад нь Т, С нар агсам тавьж зодсон аж.
Тухайн өдрийн зодооны бичлэг өдгөө цахим хуудаст хэсэгчилсэн байдлаар цацагдсаар байна. Харин тэдэнд зодуулсан гэх С гавал, тархины гэмтэлтэй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд, нэг нүд нь юм харахгүй байгаа гэж эгч нь мэдэгдээд байгаа билээ.
Хэрэгт холбогдоод буй “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан 30 хоног баривчлаад байгаа юм.