Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын эхний өдрүүдэд Иран улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. 10-аад хоног үргэлжилсэн урт хугацаатай айлчлалын гол зорилго нь Чингисийн алтан ургийн хаад Персийг захирах үеийн их дурсгалуудыг хүндэтгэн үзэж сонирхоход оршиж байсан юм. Хаан түүхийн маань улбаа болсон Ил хант улсын дурсгалуудын талаар хамгийн сайн мэдээлэл өгөх хүн бол мэдээж ТАСАМ төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Санчир. Дайн байлдаан, үймээн самуунтай Иран улсыг монголчууддаа нээж чадсан түүнтэй ярилцсанаа уншигч танд хүргэе. Бидний ярилцлагын үндсэн сэдэв бол Ил хаадын маань бүтээн байгуулж, өнөөг хүртэл хадгалагдсан соёлын үнэт дурсгалууд маань байлаа.
-Алтан ургийн Ил хан Хүлэгүг болон түүний үр сад 100 жил Персийг эмхлэн товхинуулсныг илтгэх Ираны их дурсгалуудын талаар яриагаа эхэлбэл ямар вэ. Учир нь энэ удаад бидний ярих сэдэв бүтээн байгуулалтад чиглэх юм л даа?
-Монголын Эзэнт гүрний байлдан дагууллын тухай ярианд бүтээн байгуулалтыг ер нь орхигдуулсан юм шиг санагддаг. Харин эзэнт гүрний баруун хязгаар болох өнөөгийн Иранд алтан ургийнхан хаанчилж байсан он жилүүддээ төр, нийгмийн төдийгүй хот байгуулалт, уран барилга, гар урлал, шинжлэх ухаан гээд бүхий л салбарт шинэчлэл, эргэлт хийснийг түүхийн баримт гэрчилдэг юм. Тухайн үеийн Монголын эзэнт гүрний Ил хант улсын харъяанд өнөөгийн Иран төдийгүй Ирак, Турк, Туркменистан, Афганистан, Пакистан, Азербайжан, Гүрж, Армен зэрэг улс багтаж байсан. Тэдгээрээс эдүгээ Исламын Бүгд Найрамдах Иран Улсад Монгол хаадын зарлигаар сүндэрлэн боссон биет соёлын дурсгал олон бий.
-Хамгийн анхны одон орон судлалын төвийг байгуулсан тухай, Өлзийт хааны сүндэрлүүлсэн Ил хант улсын нийслэлийн тухай гээд танаас асуух зүйл их л байна. Өдгөө тэр бүхнээр Иран дэлхийд гайхуулж байна даа?
-Мөнх хааны зарлигаар эзэнт гүрний баруун хязгаар нутгийг төвшитгөхөөр очсон Хүлэгү хаан Ил хант улсын анхны нийслэлийг Маруго хэмээх газрыг сонгон байгуулсан түүхтэй. Энэ нь одоогийн Ираны зүүн Азербайжан мужийн газар нутагт байх багахан хот л доо. Тэнд Персийн одон оронч Насир ад Дин тэргүүтэй дэлхийн шилдэг эрдэмтдийг урин залж “Одон орны оргил төв” буюу Персээр “Расадхан” хэмээх цогцолбор байгуулсан байдаг. Мөнөөх одон орны төвд нар сарны эргэлт, цаг улирлын онцлогийг судлах танхимаас гадна, одон орны дуран авиаг хийдэг урлан, 400.000 номтой номын сан, дэлхийн шилдэг одон орончдын хүрээлэн байсан таван туурь үлдсэн. Тэнд очиж үзэх үнэхээр бахдам сайхан санагдсан шүү.
-Дэлхийн хамгийн анхны тоосгоор баригдсан барилга хэмээн Өлзийт хааны бунханг онцолдог. Гэвч өнөөг хүртэл монголчууд өөрсдөө энэ талаар төдийлэн сайн мэдээлэлтэй байж чаддаггүй?
-Өлзийт хааны ордны хувьд Ил хант улсын гурав дах нийслэл өнөөгийн Ираны Занжонь мужийн төв Занжонь хотоос холгүй орших Султание хэмээх ордон юм. Хүлэгү хааны ач Аргун хаан тухайн цаг үеийн хамгийн сүрлэг барилгыг барих зарлиг гарган хожим түүний хүү Өлзийтийн үед энэ бунхан баригдаж дууссан гэдэг. Султание гэдэг нь Өлзийт хаан буюу Персээр Өлзийт Султан гэсэн үг яваандаа нэр цээрлэх ёсоор Хаан хот буюу Султан хэмээн нэрлэгдэх болсон. 2005 онд “Дэлхийн анхны тоосгоор баригдсан бөмбөгөр оройтой байгууламж-Ил хаан Өлзийтийн ордон” гэдэг тодотголоор хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн байдаг. Өлзийт хааны ордон гурван давхар, тал бүр нь найман талтай. Бөмбөгөр оройн жин нь 200 тонн гэдэг юм билээ. Өлзийт хааныг тэнгэрт халихад энэхүү ордонд нь бунхалсан гэж сурвалжууд өгүүлдэг. Манай түүхийн зохиолуудад энэ ордны тухай цухас л дурддаг, зураг тайлбар байдаггүй. Биднийг очих хүртэл яг зориод очсон монгол эрдэмтэн судлаач төдийлөн байгаагүй болохоор олон нийт энэ гайхамшигт байгууламжийн талаар сайн мэддэггүй байсан байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иран улсад хийгдэж буй дээд хэмжээний айлчлалын хөтөлбөрт энэхүү Өлзийт хааны ордныг үзэхээр тусгаснаар нь монголчуудад энэ талаар дорвитой ойлголт өгч чадлаа.
-Эдгээр дурсгалт зүйл нь Монгол гэдэг улс эртнээс өөрийн гэсэн уран барилгын өвөрмөц өв соёлтой байсныг баталж буй. Гэхдээ дэлхий дахинд эдгээр бүтээлийг хэрхэн үнэлдэг вэ. Өнөөдөр эдгээр зүйл нь хэрхэн хадгалагдаж ирсэн ба Ираны ард түмэн хүндлэн дээдэлж чаддаг болов уу?
-Өлзийт хааны ордны бөмбөгөр оройн хувьд эх нутгаа санасан Монгол хаад гэр хэлбэрийг бэлгэдэн бариулсан гэдэг л дээ. Тиймдээ ч өнө эртний түүхтэй Персийн уран барилга хот байгуулалтын хувьд цоо шинэ хэв маяг болсон түүхтэй. Гэхдээ эдгээр дурсгалын талаар монгол эрдэмтэд өөрсдөө зорьж очин судалж, Монгол хэмээх онцлогийг нь дэлхий дахинд харуулж илэрхийлэх зайлшгүй шаардлагатай юм. Тийм учраас л бид Ираныг зорьж байсан. Персүүдийн хувьд Ил хаадын үеийн дурсгалд их хүндэтгэлтэй ханддагийг энд заавал өгүүлэх шаардлагатай гэж бодож байна. Учир нь дээр дурдсан Ил хаадын Персийн түүхэнд үлдээсэн бүтээн байгуулалтын үр дүн юм.
-Эртний хаадын нэг гайхамшигтай чанар эзэлсэн улс орныхоо дархчуудыг өршөөх байсан гэдэг. Энэ талаар та жаахан тодруулж ярьж өгөөч?
-Тийм ээ. Монгол хаад эзэлсэн улс орныхоо уран дархчуудыг төдийгүй эрдэмтэн мэргэдийг ч мөн адил өршөөдөг байсныг сурвалжуудаас харж болно. Ил хант улсын анхны нийслэл Маруго хотод тухайн үеийн дэлхийн алдартай эрдэмтэд, урчууд хуран цугларч байсан гэдэг. Монгол хаад урчууд дархчуудыг өршөөхдөө зөвхөн зэр зэвсэг хийхэд ашиглаж байсан гэсэн ташаа ойлголт нийтлэг. Үнэндээ Монгол хаад гар урлал, шинжлэх ухааныг өндөр төвшинд хөгжүүлэх асуудлыг төрөөс бодлогоор хөхиүлэн дэмжиж байсан түүхтэй. Өнөөгийн Иран төдийгүй дундад Азийн бараг бүх улсад Монгол хаад зоосоо дэлдүүлж байсан ба үүний улмаас зоос үйлдвэрлэл хүчээ авчээ. Тэр бүхний баримт нь тухайн дэлдүүлсэн зоос бүрт бий. Жишээлбэл, “Хааны нэрээр Абагагийн дэлдүүлсэн Ариун” хэмээх Монгол бичээс бүхий зоосыг Ил хаан Абага Ил хант улсын нийслэл Табриз хотноо дэлдүүлж байсан. Энэ нь өнөөгийн Ираны зүүн Азербайжан мужийн төв Табриз хотын төдийгүй Ираны музейд, хувь хүмүүст байдаг. Ил хаадын үед Монгол хаадын дэлдүүлсэн өндөр сорьцтой, гоёмсог хийцтэй, алтан ургийнхны бэлгэдэл дардас бүхий зоосны үйлдвэрлэл хүчтэй байжээ. Зоосон мөнгийг хэрэглээ гэдгээсээ илүү урлаг болтол нь хөгжүүлсэн эзэнт гүрэн шүү дээ.
-Та нэгэн ярилцлагадаа “Иранд монгол аргаар хийсэн эсгий сууцтай 500 мянга гаруй хүн бий. Тэнд л очиж үзэхсэн” гэж байсан. Очоод үзчихсэн биз дээ. Тэр хүмүүсийн талаар манай уншигчдад сонирхуулаач?
-Бид Ираны төвөөс баруун хязгаар хүртэлх Монголын дурсгалт бүх муж нутаг, хот сууринд очиж байсан. Энд асууж байгаа эсгий сууцтай, нүүдэлчин хүмүүсийн хувьд Ираны зүүн хойд бүс нутагт аж төрдөг. Бидний ойрын төлөвлөгөөнд Иранд удаан хугацаагаар буюу ядаж нэг жил байж төвийн нутгуудаар болон зүүн бүс нутаг дахь Монголын үеийн дурсгал, монгол гарвалтай хүмүүсийг олж очих юм. Үүний тулд сайтар бэлтгэгдсэн төлөвлөгөө, тодорхой хэлбэл санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаа. Тиймээс бид ХААН ТҮҮХТЭЙ МОНГОЛЧУУД гэж үндэсний хөтөлбөр санаачлан урьдчилсан судалгааг хийж дууслаа. Хөтөлбөрийг маань Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авсан, шаардлагатай зардлын гуравны нэгийг төр засгаас гаргах талаар яригдаж байна. Үлдсэн хувийг дэмжигч байгууллагуудаас бүрдүүлэхээр төлөвлөсөн. Уг нь төр засгийн болон бизнесийн байгууллагын хувьд бол бага мөнгө. Бараг нэг жилийн өмнөөс л холбогдох хүмүүстэй уулзаж ярьсан ч тодорхой тохироонд хүрээгүй л байгаа. Гэхдээ бид хөтөлбөрийнхөө хүрээнд ажиллах улс орнуудад хийх судалгаагаа таслалгүй ирж очоод л байна.
-Та дотооддоо зөрчил тэмцэл ихтэй Ираныг зорих, түүх дурсгалт зүйлсийг нь сонирхох аяллын маршрут гаргасан талаараа тодруулахгүй юу?
-ТАСАМ-ын хувьд Монголын эзэнт гүрэн хэмээх хүчирхэг үе Монгол хаадын зарлигдан бүтээн байгуулсан соёлын дурсгал, их хаадын айлдвараар дэлхийн энгээр тархан суурьшсан элэг нэгтнүүдээ зорин судлах юм. Түүний дотроос өнөөгийн хаалттай нийгэм гэгдэх дотоодын мөргөлдөөн, исламын шүтлэгтэй улс орнуудад судалгааны болон зураг авалтын экспедицээр ажилладаг. Эр зориг гаргах гэсэндээ бус энэ л хаалттай хоригтой гэдэг бус нутгийн цаана Монголын минь түүхтэй холбоотой олон зуун, магадгүй олон мянган соёлын дурсгал, элэг нэгтнүүд маань байгаа учраас энэ замыг сонгосон.
-Ер нь ТАСАМ экспедици маань нийт хэдэн км замыг туулаад байна вэ?
-Анх замд гарснаас хойш 10 жил болжээ. Энэ хооронд бид бараг 450.000 км замыг туулсан байна. Монголын эзэнт гүрний бүх газар нутагт очлоо. Зарим газар нь 30-40 удаа очиж байж олон нийтэд хүргэх бүрэн мэдээлэлтэй болдог. Үр дүн нь өнөөдөр монголчууд минь ялангуяа залуу үе “Эзэнт гүрэн гэхээр учир утгагүй дайн байлдаан, аллага хүчирхийлэл биш харин олон сайн сайхан үйлс бүтээн байгуулалтын эхлэл байсан” гэдгийг, дэлхийн энгээр тархан суурьшиж Монгол ёс заншил, хэл бичиг, зан аалиа хадгалсаар яваа элэг нэгтнүүдийнхээ талаар жинхэнэ үнэнийг олж харж өвөг дээдсийнхээ дээлтэйгээ хатаж дэлхий ертөнцийг төвшитгөсөн тэр л агуу үйлсийг зөвөөр мэдрээсэй гэсэндээ л ийн зорьж ирлээ.
Ил хаан Абага (1265-1282)-ын дэлдүүлсэн зоос.
Метал: Алт, Жин: 4.34 гр, Тойрог: 22мм.
Бичээс: "Хааны нэрээр Абагагийн дэлдүүлсэн Ариун"
Тус зоосны зургийг TASAM 2009 онд Ираны Табриз хотод авсан.

Монголын Эзэнт гүрний Ил хаант Улс.
Ил хаан Аргун (1284-1291)-ын дэлдүүлсэн зоос.
Метал: Мөнгө, Жин: 2.5 гр, Тойрог: 21мм.
Бичээс: "Хааны нэрээр Аргуны дэлдүүлсэн"
Тус зоосны зургийг TASAM 2009 онд Ираны Табриз хотод авсан.
-1300-гаад оноос өнөөг хүртэл гээд бодохоор 700 гаруй жил хадгалагдсан түүхэн дурсгалт зүйлс гэдэг үнэхээр гайхалтай бас нэг талаар хачин ч гэмээр. Он удаан жил хадгалагдан үлдсэний нууц юунд оршдог гэж та боддог вэ?
- Өнөөдрийн ярилцлагын үндсэн сэдэв маань Монголын эзэнт гүрэн бүхэлдээ бус баруун хязгаар нь болох Ил хант улсын талаар онцолж байгаа болохоор бид хоёрын яриа илүү бүтээн байгуулалтад чиглэгдэж байна л даа. Ил хаадын хязгаар гэдэг өнө эртний түүх соёлтой персүүдийн нутаг юм. Тиймдээ ч тэр оюунлаг ард түмэн Монгол дээдсийн бүтээн байгуулсан биет соёлын дурсгал хаад хатдын орд, бунхан гар урлалын дурсгалуудыг нандигнан хадгалж, хамгаалж яваа гэж боддог. Бүр хожим 1979 онд болсон Иран Иракийн дайны үеэр Ил хаадын дурсгалт соёлын өвүүдийг тусгай хамгаалалтад авч байжээ. 700-800 жил сүндэрлэсэн олон дурсгал тэр дайнаар нэлээд сүйдсэн гэдэг. Мөн түүнчлэн Ирак дахь Ил хаадын дурсгалууд Ирак-Америкийн дайны үеэр бараг бүрэн сүйдсэн гэж тэд ярьдаг. Монгол Улсын зүгээс эзэнт гүрний газар нутагт бүтээн байгуулагдаж байсан түүх соёлынхоо өв дурсгалын тал дээр мэргэн бодлого боловсруулан хэрэгжүүлж, олон нийтэд улмаар дэлхий дахинд сурталчлан таниулах ажил үйлсийг эхлүүлнэ гэж найдаж байна. Энэ нь ямар нэгэн төсөл хөтөлбөрийн нэрээр хий хоосон төлөвлөгөө болж цаасан дээр үлдэх биш бодит үр дүнг ард түмэнд баримтаар харуулах л хамгийн чухал гэдгийг онцолмоор санагддаг. Шинэ Засгийн газар, шинэ яам агентлагууд ч энэ тал дээр уялдаа холбоо, үүрэг хариуцлагатайгаар ажиллавал тэр л эрхэм түүхээс өвлөгдсөн асар их соёлын дурсгалуудын талаар олон түмэн маань илүү баримт сэлттэй бүрэн дүүрэн мэдлэг мэдээлэлтэй болох учиртай.