Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өчигдөр ШУА-ийн Археологийн хүрээлэнд ажиллалаа. Энэ байгууллагынхны хамгийн их сэтгэл зовоож байгаа зүйл нь олдвороо яаж хамгаалах вэ гэдэг л байна гэсээр сайдыг угтсан юм. Сүүлийн жилүүдэд археологийн олдвор олноор олдох болсон нь сайн ч гэсэн нэг талаараа асуудал болоод байгааг Археологийн хүрээлэнгийнхэн сайдад хэлэв.
Археологийн хүрээлэнгийн музей гэхэд л орон сууцны доод хонгилд ажиллаж байна. Байгаа нийт үзмэр, олдворынхоо дөнгөж таван хувийг л тэнд дэлгэн олонд үзүүлдэг байна. Үзмэрүүд дунд дэлхийд хоёрхон байдаг 2500 жилийн тэртээх үзмэр болох морь унахад өмсдөг “фазыырик” нэртэй эсгий дээл хадгалагддаг. Үүнийг Баян-Өлгий аймгийн Улаан-Уул сумын нутагт байрлах мөнх цэвдэгтэй уулнаас 2006 онд олжээ. Булга, тарвага, хонь, чандага зэрэг амьтны арьс, үс оролцуулан урласан энэ дээлийг ОХУ-д нөхөн сэргээсэн гэнэ. Хадгалах зориулалтын газар байхгүй учраас Оросоос авчирсан хайрцагт нь хийж, чингэлэгт хадгалдаг. Сэрүүн газар хадгалах ёстой уг үзмэрийг нийтэд дэлгэн үзүүлэх зориулалтын газар Монголд хаана ч байхгүй аж.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “фазыырик” дээлийг хэрэв музейд тавьж олон нийтэд дэлгэн үзүүлбэл ямар хоргонд хийх ёстой гэдгийг нарийн судлаад долоо хоногийн дотор төсөл бичиж өгөхийг Археологийн хүрээлэнгийн секторын эрхлэгч Ц.Төрбатад даалгалаа. Тэр төслийн дагуу асуудлыг шийднэ гэдгээ амлаад, заавал төсвийн мөнгө хүлээгээд суулгүй, гадаадын байгууллагуудаас тусламж хүсч санхүүжилт олоход ч анхаарна гэсэн юм.
Энэ музейд хадгалагдаж байгаа бас нэгэн хосгүй үнэт олдвор бол Азидаа хоёрдугаарт ордог, эртний хүний гавлын ясны дээд хэсэг юм. Зөвхөн энэ олдворыг судлах гэж гадаадын эрдэмтэд сүүлийн жилүүдэд Монголыг зорих болжээ. 15-20 мянган жилийн тэртээх хүний гавлын яс хэмээн тогтоосон энэ олдворыг алт хайж явсан жирийн иргэн н.Алтанцэцэг 2006 онд Хэнтий аймгийн Норовлин сумаас олж энэ хүрээлэнд өгсөн байна. Тухайн үед иргэнийхээ үүргийг биелүүлсэн түүнийг БСШУЯ-аас гурван сая төгрөгөөр шагнаж байжээ.
Энэ мэтчилэн хосгүй үнэт олдворуудыг хадгалж байгаа уг музей одоогоор байгууллагын дэргэхэд музей гэсэн статустай. Учир нь, өөрийн гэсэн байргүй гэсэн шалтгаанаар төрийн харьяанд ордоггүй аж. Ц.Оюунгэрэл сайд цаашид байр саваар нь биш үзмэрийнх нь чанараар музейн статусыг тодорхойлж байхаар шийднэ хэмээн мэдэгдэв.
Мөн Археологийн хүрээлэн олсон бүх олдвороо гадаадын аль нэг оронд сэргээн засварлуулдаг байна. Цаашид өөрсдөө сэргээн засварлах ажлыг хийж болох боловч шаардлагатай химийн бодисуудыг хилээр оруулдаггүй аж. Хааяа нэг гадаадад ажлаар явахдаа тээшиндээ нууж авчирдаг гэсэн. Химийн бодис дутагдалтай ч сэргээн засах мэргэжилтнээ БНСУ-д бэлтгээд ирсэн гэдгээ сайдад танилцуулсан. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Соёлын өвийн төв, Палеонтлогийн төвд ч мөн химийн бодисын хэрэг гардаг талаар дуулгасан. Тиймээс хэрэгтэй бодисын жагсаалт гаргах хэрэгтэй байна. Тэгвэл засгийн газарт өргөн барьж зөвшөөрөл хүсч болно” гэж хэлсэн.
Сүүлийн үед ССАЖ-ын сайд музейнүүдийн үйл ажиллагаатай эрчимтэй танилцах болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан Богд уулын энгэрт байгуулахаар төлөвлөж буй Монгол судлалын төвд палеонтлоги, археологийн музей байгуулах гэж буйтай холбоотой аж. Тэрээр үүнтэйгээ холбоотойгоор хосгүй үнэт өвийг хадгалах, хамгаалах, сэргээх эрх зүйн орчин бүрдүүлэхээр судалгаа хийж байгаа бөгөөд холбогдох албаныхнаас зөвлөгөө, санал бодлыг нь сонсч байгаа юм. Соёлын болон байгалийн өвийн тухай хуулийн төсөл боловсруулж арванхоёрдугаар сарын 1-ний дотор Засгийн газраар хэлэлцүүлж батлуулах гэж байгаагаа тайлбарлалаа.
Хэрэв энэ ондоо багтааж хуулиа батлуулж чадвал ирэх жилээс заавал төсөв хараад суухгүйгээр хөрөнгө босгож музейгээ барьж эхлүүлэхээр ажиллаж байна. Олон жил анхаараагүй дэлхийд хосгүй үнэтэй зөвхөн Монголоос олддог олдворууд маань ийн эзэнтэй, анхаарал тавих хүнтэй болж байгаад Археологийн хүрээлэнгийнхэн баяртай байна.