Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Анунаран: Өөрийнхөө хийсэн бүтээлийг цаг ямагт голдог

Өнөөдөр дэлхий нийт даяаршиж байна. Үүнийг дагаад гадаадын олон шинэ, шинэ соёл бидэнд эчнээ танил болжээ. Жишээ нь, уран зургийн төрөлд гарсан шинэ урсгал, чиглэл байна. “Орчин үеийн урлаг” гэсэн чиглэлээр бүтээлээ туурвидаг “Nomad wave” группийн зураач Ж. Анунарантай ярилцлаа.  Авьяаслаг зураач бүсгүй маань “Би чамд хайртай” киноны Үрлээ буюу жүжигчин Пүрэвмаагийн охин юм.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ж.Анунаран гэдэг. 2009 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн. “Nomad wave” группийн уран бүтээлч. Ер нь, бага наснаасаа л зураг зурах сонирхолтой хүүхэд байсан юм. Хүүхэд байхдаа ихэвчлэн эмэгтэй хүн болон морь л зурдаг байлаа. Хүүхэд байхаасаа л сонирхсон болоод ч тэр үү зураач мэргэжлийг сонгосон юм.
-Залуу зураачид маань шинэ төрөл жанраар бү­тээлээ туурвих болжээ. Таны уран бүтээлээ туурвидаг төрөл жанр гэвэл?
-Төрөл жанраа сонгохын өм­нө эхлээд өөрийн гэсэн кон­цевцээ тодорхойлох хэ­рэгтэй. Энэ нь ямар учиртай юм бэ гэвэл зураач хүн ямар зүй­лээр хүмүүст юу өгүүлэх гээд байгаагаа тодорхойлно гэ­сэн үг. Би орчин үеийн ур­лагийг илүүтэйгээр урлах дуртай.
-Өнгөрсөн жил таны анхны бие даасан үзэсгэлэнг со­нирхож байлаа. Тэр үзэс­гэлэнг үзээд яагаад ч юм таны бусдаас ялгаатай тийм нэг  “ертөнц” надад мэд­рэгдэх шиг болсон шүү?
-Ойлгох нэгэн байхад, ойлгохгүй зарим нь сонин гаж гэх нь бий. Яагаад гэвэл орчин үеийн урлаг манай оронд үүсч, хөгжөөд арван жил болж байна. Гэхдээ сүүлийн үед бидний үеийн залуус үүнийг ойлгох гэж их хичээдэг болсон юм шиг санагдсан. Шинээр бий болсон урлаг учраас цаашдаа илүүтэй дэлгэрэх байх аа. Ер нь, уран зураг сонирхогчид их олон янз. Зарим нь бодит илэрхийлэлтэй зургийг илүүд үздэг байхад, нөгөө нь дотоод сэтгэлийн бүтээлийг илүү анхаардаг.
-Анхны “Бүү ай” үзэс­гэ­лэнгийнхээ тухай манай ун­шигчдад сонирхуулаач. Хэр хугацаа зарцуулж, ямар хүч хөдөлмөр шин­гэ­сэн бүтээлүүдээ дэлгэсэн бэ?
-Яг анхны үзэсгэлэн биш л дээ. Томоохон хэмжээний анхны үзэсгэлэн маань. Гол нь, хэтэрхий их техник технологийн эринд автаж, хүн төрөлхтөн өөрийгөө алдаж байгаа юм биш биз. Үүнээс өөрийгөө чөлөөлөх нь зүйтэй, тэр техник технологийн дэвшилд өөрийгөө алдахгүй байх юмсан гэсэн утга илэрхийлэхийг хичээсэн юм. Зөн зовин, зүүд бол хүний амьдралд хамгийн чухал зүйл. Бид энэ зүйлээр өөрийгөө алдахгүй байх шалтгаан болдог. Тийм учраас зүүд, зөнгийн тухай бүтээл зонхилж байсан. Жил гаруй хугацаанд зурж, чимэглэж бүтээсэн дээ.
 -Аливаа уран бүтээлч хүнд бүтээл төрөх агшин хамгийн чухал гэдэг. Санаа, сэдэл орж ирэх тэр үеийг манайхан онгод ч гэж хэлдэг. Энэ зүйл өөрийн тань хувьд?
-Санаа, сэдэл төрнө гэдэг их өргөн ойлголт. Энэ нь хүн, хүний л ойлголт юм шиг санагддаг. Миний хувьд ганцаараа байхдаа ихийг бодож тунгаах дуртай. Энэ агшинд л миний ихэнх бүтээл төрж буй болдог. Яагаад ч юм олон хүн байгаа газар өөрийнхөө бодлыг цэгцэлж, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй юм аа. Гэхдээ би өөрийгөө цаг ямагт голдог.
-Яагаад, ямар учраас өөрийгөө голдог юм бэ?
-Аливаа уран бүтээлч эсвэл жирийн хүн хүртэл өөрийгөө хурцалж, ахин дэвшихийн тулд өөрийгөө голж байх хэрэгтэй гэж боддог. Би болчихсон, хамгийн мундаг нь гээд бодоод явж байхад чинь нэг л өдөр өөр нэг хүн чамаас илүүг бүтээсэн байдаг.  Тийм болохоор байнга суралцаж, өөрийгөө цэнэглэж, ахин дэвшиж байх нь чухал гэсэн зарчимтай л ажилладаг даа.
-Сүүлийн үеийн уран бүтээ­лийнхээ талаар сонир­хуулахгүй юу. Магадгүй, чим­ээгүй­хэн шиг шинэ үзэс­гэлэндээ бэлдээд яваад байна уу?
-Яг төлөвлөсөн зүйл алга. Манай “Nomad wave” групп үйл хөдлөлийн “Performance” чиглэлээр бүтээл туурвидаг дөрвөн зураач, нэг дизайнер ажилладаг. Арваннэгдүгээр сард Кат­мандуд болох олон улсын фес­тивальд оролцох гэж байна. 31 орны 500 гаруй уран бүтээлч оролцох томоохон наадамд оролцох урилга авсан юм.
-Үйл хөдлөлийн урлаг буюу “performance” гэж чухам юм бол?
-Үйл хөдлөлийн урлаг гэдэг маань бүжиг, жүжиг биш. Ямар нэгэн сонгосон аянд тодорхой дэглэлт бүхий уран бүтээл туурвихыг хэлдэг юм. Тухайн уран бүтээлч зураг, калиграф ч хийж болно. Бүр үзэгчидтэй ч харилцаж болно. Ийм тийм гэх барьцгүй гэж ойлгох хэрэгтэй. Тухайн орчинд яг ямар зүйл хиймээр байна түүнийгээ л хийдэг урлаг. Уран бүтээлчээс асар их мэдрэмж шаарддаг. Одоогоор манай “Nomad wave” группэд “Эх дэлхийгээ хайрлах нь”, “Хөх тамга”, “Баг” гэсэн гурван “Performance” бий.

Г.Лхагва

0 Сэтгэгдэл
Amjilt husie
Хамгийн их уншсан