Монголын оюутны холбооны 18 дугаар бага хурал өнөөдөр болно. Энэ хурлаар ойрын хэдэн жил энэ байгууллагыг тэргүүлэх ерөнхийлөгчөө сонгохоос гадна тулгамдсан олон асуудлыг ярихаар төлөвлөжээ. Мөн хэнийг хуралдаа оруулахгүй байхаа ч шийдсэн гэсэн. Оруулж болохгүй гэсэн нэрсийн жагсаалтад багтсан эсэргүү нөхдөөс хурлаа хамгаалахаар 200 хамгаалагч хөлслөн авсан ч сураг байна. Учир нь, холбооны тэргүүнээр хэнийг сонгохоо хэдийнэ яриад тохирчихсон хэмээн Монголын бүх оюутны нэрийг барьж хөлжин баяжиж суугаа залуусын ханцуй доторхи тохироогоор л энэ байгууллагын үйл ажиллагаа явдаг гэдгийг тогоонд нь чанагдаж, хэлэх үгээ хэлээд эсэргүү нэр авч хөөгдсөн хүмүүс хэлж байна.
Монголын оюутны холбоо гэдэг энэ байгууллага “Оюутнуудын язгуур эрх ашгийг хамгаална” гэсэн сүрхий уриатай. “Одоогоор 94 их, дээд сургууль, коллежи, МСҮТ-ийн оюутан, суралцагчдын анхан шатны байгууллага, бие даасан чиглэлийн 28 байгууллагыг нэгтгэн үндэсний хэмжээнд нийгмийн бүхий л салбар, нэгж, чиглэл, давхарга руу хандсан, төвлөрсөн болон боловсрол, хүмүүнлэг, бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэж байна” хэмээн цээжээ дэлдэх уг байгууллагын оюутнууд руу хандсан “ил” үйл ажиллагаа нь ганцхан автобусны хөнгөлөлтийн билет олгох. Тэгээд бас нөгөөхөө оюутан бүрт ч өгч чадахгүй. Тоо хязгаартай гэнэ. Нөгөө хязгаарласан тоонд нь арын хаалгатай оюутнууд багтаж, эгэл нэгэн нь гадна нь үлдэнэ. Олон оюутан наймдугаар сарын сүүлийн хэд хоногийн аль нэгэнд МОХ-ын гадаа хонох шахам оочирлох ч жилийн туршид мөнгөө төлж нийтийн тээврээр зорчих болж, нүдэндээ нулимстай үлдэнэ.
Харин тэнд алба хашдаг дарга тэргүүний ар өврөөр гүйж өөрийн хүчээр хөнгөлөлтийн карт захиалах сэргэлэн нэгэн ч байна.
Автобусны хөнгөлөлтийн карт нийслэлийн хөөрхий хэдэн оюутанд хэрэгтэй нь мэдээж. Гэхдээ өмнө дурдсан өргөн хүрээний том уриатай тус байгууллага оюутнуудыхаа төлөө өөр ямар үйл ажиллагаа явуулдгийг сонирхохоор оюутнуудын саналыг сонслоо. Тэдэнд “МОХ гэж байгууллага ямар байгууллага болох, ямар үйл ажиллагаа явуулдаг болон МОХ чиний төлөө юу хийсэн бэ” гэсэн асуулт тавихад дараахь хариуг өгч байна.
-Уг нь, бидний төлөө л дуу хоолойгоо өргөх ёстой байгууллага. Гэхдээ хоёр жил сурахдаа МОХ-ны зохион байгуулсан ямар нэг үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Манай ангийнхан автобусны хөнгөлөлтийн картаа л тэндээс авсан байх. Би нэгдүгээр курст байхдаа авах гэсэн боловч ойрхон гэртэй гээд өгөөгүй. Тэгээд ангийнхаа хол гэртэй хүүхдүүдийг бодоод энэ жил хөнгөлөлтийн карт авах гэж хөөцөлдөөгүй ээ.
-МОХ үйл ажиллагааг мэднэ. Би нэгдүгээр курстээ сургуулийнхаа оюутны холбоонд байсан. Хоёрдугаар курстээ МОХ-нд элссэн. Гэхдээ МОХ-ны гишүүд бүгд хоорондоо найзууд. Тэгээд сөрөг үг дуугарсан гэсэн нэгнийгээ холбооноосоо хөөчихдөг. “Бас мөнгө, төгрөг өгье. Дуугүй л ажлаа хийгээд мөнгөө аваад явж байхад болно” гэж дарамталдаг. Жаахан бохир үйл ажиллагаа явуулдаг болохоор нь өөрөө гарчихсан. Дөрвөн жилийн хугацаанд автобусны хөнгөлөлтийн карт ашиглаад л явж байна. Уг нь МОХ-оос харилцаатай орнууд руугаа оюутнуудыг солилцоогоор явуулдаг. Гэхдээ энэ нь оюутныг хамарч чаддаггүй.
-Сайн мэдэхгүй л байна. Говь-Алтай аймгаас оюутан болж ирээд гурван сар л болж байна. Эгч маань манай сургуулийн дөрөвдүгээр курст сурдаг. Тэгээд надад автобусны хөнгөлөлтийн карт авахыг зааж өгөөд хичээл эхлэхээс өмнө бүтэн өдөр МОХ-ны гадаа дугаарлаж байж захиалсан. Хөнгөлөлтийн карт дээр наадаг наалтаа авчихсан. Даанч карт нь гарах болоогүй л гэсэн. МОХ өөр ямар ажил явуулдгийг сайн мэдэхгүй юм.

Их дээд сургуулийн сургалтын чанар, номын сан, уншлагын танхим, оюутнуудын нийгмийн асуудал гээд тулгамдсан мянга мянган зүйл байхад энэ талаар МОХ ямар ажил зохион байгуулсан бэ. Энэ бол ердөө л дээд боловсролынхоо салбарыг гаргуунд нь гаргачихсан манай улсын оюутны байгууллагын үнэн төрх.
Харамсалтай нь тэдэнд оюутнуудын төлөө гүйх зав алга. Олон мянган оюутны нэрээр урсч байдаг хөрөнгө мөнгийг хэн гарын үсэг зурж, захиран зарцуулах вэ гэдэг том асуудлыг яаж өөрсдөдөө ашигтай шийдвэрлэх вэ гэж л бодон суудаг бололтой.