Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.ГАЛААРИД: СЭТГҮҮЛЗҮЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ГАНЦ ГАРЦ НЬ СЭТГҮҮЛЧИЙГ ЛИЦЕНЖҮҮЛЭХ

Монголын сэтгүүлзүйг шинэчлэх цаг болж хэмээн өнгөрсөн онд болсон их хурлаараа мөн ч их ярьсан. Харамсалтай нь нэг их шинэчлэгдэхгүй, харин ч ёс зүй нь улам алдагдаад байна уу даа хэмээн олон нийт ярих. Энэ сэдвээр Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридтай  ярилцлаа.

-Сэтгүүлчдийн эвлэл байгуулаг­даад 100 жилийнхээ ойтой золгож бай­на. Ойн хүрээнд сэтгүүлчдийн байгууллага ямар  ажил зохион бай­гуулахаар төлөвлөөд байгаа вэ?
-Монголын үндэсний сэтгүүлзүй үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой болно. Энэхүү  томоохон салбар өдий зэрэгтэй байгаа нь түүхэн ач холбогдолтой. Тиймээс ойн хүрээнд  Монголын фото сэтгүүлчдийн шилдэг бүтээлээр үзэсгэлэн,  ном гаргах, сэтгүүл зүйн хамгийн хамгийн хэмээх үзүүлэлтээр ном гаргах ажлуудыг санаачлаад хийж байна. Мөн сэтгүүлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгуулагуудтай хамтарч хийх ажлын төлөвлөгөө гараад зарим нь эхлээд  явж байна. Манай салбар юу хийх, хийдэг  вэ гэдгийг ард түмэндээ тайлагнах нь зүйтэй. Энэ мэт бодсон нэлээд ажил байна. Зүгээр нэг албан ёсны хурал цуглаан гэхээсээ илүүтэй оюунлаг, бүтээлч сэтгэхүйгээр ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх болно.

Зөвхөн ойг тэмдэглэн өнгөрүү­лэ­хээс илүүтэй сэтгүүлчдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин нэгдүгээрт яригдах байх?

-УИХ-ын намрын чуулганаар Хэвлэ­лийн эрх чөлөөний тухай хууль бат­лах ёстой. Энэ хуулийн төслийг Мон­го­лын сэтгүүлчдийн эвлэлээс дэм­жиж байна гэдгийг хэвлэл мэдээл­лийн хэрэгс­лээр олон удаа илэр­хийл­сэн. Гэхдээ зарим нэг зүйл дээр нэмэлт өөрчлөлт шинэчлэл хийх хуу­лийн санаачилгууд нэлээд бий.
-Шинэчлэл, нэмэлт өөрчлөлт хийх асуудал нь юу юм бэ?
-Энэ хууль өөрөө зарчмын хувьд маш чухал. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хөрөнгө оруулагч, хараат бус байдал, редакцын бие даасан байдал, мэдээллийн эх сурвалжийг нууцлах байдлыг баталгаажуулсан гээд олон ач холбогдолтой. Гэхдээ 2012 оны нөхцөл байдлыг харахад сэтгүүл зүй, сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгээд явж байхад нэлээд  зөрчил  гарлаа. Дандаа л сэтгүүлчийн биед халдсан, ажил үүргээ хийж явахад нь саад учруулсан тохиолдлууд гарч байна. Энэ юуг хэлээд байна  вэ  гэхээр бид, Монголын сэтгүүлчид Монголын нийгмийг цэвэршүүлэхийн төлөө, бусдын сайн сайхны төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй шахам ажиллаад л байдаг. Өөрсдийнх нь хувьд ажил үүргээ явуулах тийм ч таатай орчин нөхцөл, нийгэмд алга. Тиймээс энэ талын зүйл заалтыг шинэ хуулийн төсөлд нэмэх шаардлага тулгамдаж байгаа юм. 1998 оны хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг сайн гэж боддог. Гэхдээ энэ нийгэмд Ерөнхийлөгчийн өргөн барьж байгаа хууль зайлшгүй хэрэгтэй байна. Тиймээс тухайн хуулийг хэн хэн нь дэмжээд даган мөрдөж сэтгүүлч, иргэн нь хуулиа даган мөрддөг орчинг бүрдүүлж хэвшүүлэх шаардлага гарч байгаа юм.
-Таны хувьд сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгчөөр сонгог­дон ажиллаад есөн сарын хуга­цаа өнгөрчээ. Энэ хугацаанд хам­гийн гол нь юуг анхаарч ажиллавал ажил хэрэг урагштай явах нь гэсэн зүйл бодож байв уу?
-Тэгэлгүй яахав. Сэтгүүлчдийн эвлэлийг манай сэтгүүлчид нийгмийн асуудал, мөнгөний асуудал шийддэг, өмгөөлж хамгаалах ёстой байгууллага хэмээн хардаг. Гэтэл бид сэтгүүлчдээ өмгөөлөх талд нь өмгөөлж, мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд  арга хэмжээ авч чаддаг байх ёстой. Тэгэхээр өнөөдрийн хууль, манай байгууллагын дүрэм журамд ийм  чадамж байхгүй. Гэтэл ийм нөхцөлд сэтгүүлчийн нэр хүндийг сэргээх, цаашлаад алдаа гаргасан тохиолдолд хариуцлага тооцох, өсөх дэвжих тухай ярих утгагүй.
-Тэгвэл та ямар байгаасай гэж хүсч, зорьж ажиллаж байна вэ?
-Мэргэжлийн холбоо байгаасай л  гэж хүсдэг. Энэ нь цорын ганц байх ёстой. Тухайлбал, жинхэнэ ардчилсан зарчмын дор үйл ажиллагаа явуулдаг, тухайн төлөөллүүд сонгогддог, шударга байх ёстой. Өөрөөр хэлбэл сэтгүүлчдээ хамгаалах зүйл дээр нь  хамгаалдаг, арга хэмжээ авч чаддаг, мэргэжлийн тал дээр шалгадаг, баталгаажуулдаг байгууллага байх ёстой.
-Тэгэхээр олон талын шалгуур гарч ирэх нь ээ. Үнэхээр л мэргэж­лийн сайн сэтгүүлч болохын тулд олон шалгуу­р давна гэсэн үг үү?
-Тийм ээ. Сэтгүүлчийн мэргэжлийг эзэмшээд төгсч байгаа бол ур чадвартай байх хэрэгтэй. Энэ шалгуурыг давсан тохиолдолд ёс зүйн алдаа дутагдал гаргахгүй ажиллах шаардлага тавина. Үүнийг биелүүлж чадаагүй сэтгүүлч,  уран бүтээлчдэд зохих арга хэмжээг нь авч ажиллаж чаддаг хүчтэй холбоо байх ёстой. Энэ бол  хэвлэлийн эрх чөлөөг хааж боогоод байгаа асуудал биш.
-Яахаараа сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах ёстой байгуул­лагын тэргүүн нь ийм хачин зүйл яриад байгаа юм бэ гэж бодох нэгэн гарах л  байх даа?
-Тэгж бодох хүн гарч магадгүй л юм. Нөхцөл байдлыг бид бодитоор харах хэрэгтэй. Бид дан ганц өөрсдийгөө өмгөөлдөг, дутагдлаа нуудаг байгууллага байж болохгүй. Дотроосоо цэвэрлэгдэж байж нийгмийг цэвэршүүлнэ. Манай салбарт дутагдалтай зүйл их байна. Ойролцоогоор хэвлэл мэдээллийн 500 гаруй байгууллага манай улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс  тал тал тийш хуваагдсан, урсгалаараа, эрх зүйн чадамжгүй, мэргэжлийн ёс зүйгээ гээчихсэн ажиллаж болохгүй л дээ.  Тиймээс л эхний ээлжинд мэргэжлийн холбоо гэж зүйлийг нэн түрүүнээ бүрдүүлж ажиллах шаардлагатай. Шинээр өргөн барьж байгаа хуульд ч,  энэ талын заалтыг суулгаж өгөх шаардлагатай байгаа юм.
-Тэгвэл ёс зүйн алдаа гаргасан Монголын сэтгүүлчдэд сэтгүүлчдийн эвлэлээс арга хэмжээ авах нөхцөл бий юү?
-Байхгүй. Хэлж сануулахаас өөр арга хэрэгсэл надад байхгүй. Тиймээс энэ байдлыг өөрчлөх нөхцөл дутагдаад байна. Сэтгүүлч хүн байж боломгүй авир гаргалаа гэхэд надад эргээд хариуцлага тооцох арга бий шүү гэдгийг ухамсарлах, тэр орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Харин одоогийн нийгэмд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан ямар нэгэн халдлага, дарамт шахалтад өртсөн тохиолдолд  бид хамгаалсаар л байх болно.
- Сэтгүүлч ёс зүйн алдаа гаргах, ур чад­вар муу зэргийг хэрхэн зохицуулах вэ?
-Ер нь мэргэжлийн сургууль төгсөнө гэдэг бол тэр мэргэжлийн боловсрол эзэмшиж байна л гэсэн үг. Харин яг ажил дээр тэнцэх эсэхийг мэргэжлийн холбоо, дээд байгууллага нь шийддэг. Багш, эмч нар дээд сургууль төгссөн ч дараа нь багшлах эрх, эмчлэх эрх авдаг биз дээ. Монголын сэтгүүлчдийн эвлэл сэтгүүлч мэргэжлээр төгссөн хүнд ийм лиценз өгч яагаад болохгүй гэж. Хэвлэл мэдээллийн байгууллагууд нь ч ийм лицензтэй хүмүүсийг л ажилд авдаг. Ёс зүйгээ алдсан сэтгүүлчийн лицензийг нь манай  эвлэл хураадаг ч юм уу.
Ийм лиценз өгөхийн тулд тодорхой шалгууртай байх хэрэгтэй болно л доо. Тэгэхээр дөрвөн жил мөнгөө төлөөд юу ч сураагүй, дэл сул хүмүүс чинь шахагдаад, дараа дараагийнх нь сурах эрмэлзэлтэй болж, арай чадвартай болж төгсөх болов уу гэж хараад байгаа юм.
Үүнийг хэрэгжүүлье гэвэл их л эсэргүүцэлтэй тулгарна л даа. Гэхдээ сэтгүүлзүйг эрүүлжүүлэхэд өөр гарц харагдахгүй байна.
-Үүн дээр нэмээд асуухад манай хэвлэл мэдээллийн  ихэнх нь л аль нэг нам дагасан үйл ажиллагаа явуулж  байгаа нь өнөөх шударга, ил тод, сэтгүүлзүйн утга учир алдагдаад байх шиг?
-Сэтгүүлчийн ажил нийгмийн өмнө хариуцлага хүлээх чадвар, шаардлага тулгардаг мэргэжил. Аль нэгэн нам, нэг талыг барьж туйлширч болдоггүй мэргэжил бол сэтгүүлч. Төвийг сахиж ард түмэнд, нийгэмд бодит үнэн мэдээлэл өгөх ёстой. Мөн өөрийн хувийн дүгнэлтийг хүмүүст уншигч, үзэгч, сонсогчид өгч болохгүй ард түмнээ хүндлэх ёстой. Өөрөөр хэлбэл, чиний өгсөн мэдээллийг ард түмэн хүлээж аваад өөрсдөө дүгнэлт хийдэг. Тиймээс чи өмнөөс нь дүгнэлт хийсэн мэдээлэл өгч болохгүй. Сэтгүүлч хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэн маань энэ тал дээр анхаарч ёс зүйгээ баримталж ажиллах ёстой.
-Ёс зүйгээ баримталж ажил­ла­хаас гадна сэтгүүлч мэргэжлээр төг­сөн ажил дээр гарч байгаа боловсон хүч­ний чадвар тун дутмаг байна гэх юм?
-Мэргэжлийн холбоо байх ёстой гэж  дээр хэлсэн.  Үнэхээр энэ мэргэжлийг эзэмшээд шинээр төгсөн гарч байгаа боловсон хүчин маань  сэтгүүлзүйн салбарт ажиллах чадвар тун хомс байна. Бид зөвхөн үг үсгийн алдаа ярихаа больё гэхэд л телевизээр гарч байгаа нэвтрүүлэг, мэдээллийг үзэж байхад  эвлүүлгээс эхлээд л  мэргэжлийн төвшин, стандарт ерөөсөө байхгүй болж. Ийм л  уран бүтээл, мэдээ мэдээллийг үзэгч, сонсогч, уншигчдадаа өгсөөр  байна. Энэ нь нэгдүгээрт сургалт чанаргүй байгаа, цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэт олон байгаатай холбоотой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олшрох тутам өрсөлдөөн ширүүснэ. Тиймээс чадах, чадахгүй сэтгүүлчдээр хүрээгээ тэлж байгаа  нь ийм хор уршигт хүргэж байгаа юм. Онолын мэдлэгийг сургуулиас аваад төгссөн хүмүүсийг шууд үйлдвэрлэл рүү татаад байгаа нь маш буруу. Хамгийн түрүүнд бэлтгэж, дадлагажсан хойно нь ажил дээр гарах ёстой.
-Тал талдаа л анхаарах хэрэгтэй гээд хэлчихэж болох уу?

-Үнэхээр л сурч байгаа бол эхлээд өөрсдөө мэргэжлийн онцлогоо ухамсарлах хэрэгтэй. Боловсролын яамнаас гаргаж өгсөн стандартын дагуу их дээд сургуулиуд мэргэжилтнээ бэлтгэх хэрэгтэй. Харин бэлтгэгдээд гарсан хүмүүсийг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцууд ажилтнаа ямар шалгуураар авах, цаашлаад хэрхэн бэлтгэж нийгэмд зайлшгүй хэрэгтэй боловсон хүчин болгож ажиллуулахдаа  хөрөнгө гаргадаг, ажилчдаа сургаж, бэлтгэж чаддаг байх соёлд суралцмаар байгаа юм. Мөн Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, МОНЦАМЭ агентлагаас бусад нь хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл зонхилж байгаа. Ажиглаад  байхад энэ хоёр байгууллагаас бусад хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа  сэтгүүлч, уран бүтээлчид цаг наргүй ажилладаг. Тухайн байгууллагууд нь тэднийг өдөр шөнөгүй ажиллуулахаасаа илүүтэй сургаж, хөгжүүлэх тал дээр нь анхаардаггүй. Угтаа тэдний боловсролд нь эхлээд  хөрөнгө оруулчих юм бол өөрсдийнх нь ажил урагштай явна. Тиймээс энэ талын асуудлыг ч бид хуулиар сайн зохицуулах  хэрэгтэй.
-Таныг хараад байхад өдөр тутам сэтгүүл­чийн эрх зөрчигдөж байна гэдэг. Энэ нь аргагүй байх л даа. Гэхдээ заримдаа сэтгүүл­чийн буруутай үйлдлийг хүртэл Сэтгүүлчдийн эвлэл өмгөөлөөд явж байх шиг?
-Бид л, манай байгууллага л өмгөөлөхгүй бол сэтгүүлчид,  хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг хэн ч өмгөөлөхгүй.  Зүгээр ажлаа хийгээд явж байхад, эсвэл алдаа дутагдал гаргалаа гээд тэдэнд хүч хэрэглэж, заналхийлж болохгүй. Тиймээс бид  дуу хоолойгоо нэгтгэж өмөөрч хамгаалах л хэрэгтэй. Харин сэтгүүлчийн алдаа дутагдал гарсан эсэхийг ёс зүйн хороогоор  шийдэх юм. Ингээд ёс зүйн хороогоор шийдүүлэх гэхээр миний яриад байгаа  нэгдсэн холбоо гэдэг дахин сөхөгдөж байгаа юм. Аль аль нь ёс зүйгээ сахих хэрэгтэй.
-Сүүлийн  үед сэтгүүлчид халдлаа гэсэн мэдээлэл мэр сэр гарах болсон. Гэхдээ бид нарийн тоогоор хэчнээн сэтгүүлч халдлагад өртөж байгааг мэдэхгүй?
-Дээхэн үед бол сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд халдлагад өртөж байгааг нэг их тоодоггүй байсан биз. Харин одоо бол нийтэд ил болж хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ талаар  нэгдэж чадаж байна. Энэ нь ч зөв. Бид л  өөрсдийгөө хамгаалж чадахгүй л юм бол хэн ч биднийг тоохгүй. Хууль хяналтын байгууллага ч арай өөрөөр хандаж эхэлсэн. Жишээ нь, ЦЕГ сэтгүүлчдийг хамруулсан сургалт семинар зохион байгуулж “Та нар үүн дээр алдаж, үүн дээр онож байна”  гэдийг ч тайлбарлаж өгсөн. Аль аль нь нийгэмдээ хамтарч л ажиллах хэрэгтэй.
-Эрэн сурвалжлах сэтгүүлзүй бараг л үгүй болж байна. Энэ нь сэтгүүлч бичсэн зүйлийнхээ төлөө эргээд шүүхэд дуудагдаж, их хэмжээний төлбөрт ордогоос үү­дэлтэй байх. Магадгүй энэ төрлөөр бичдэг сэтгүүлчид их айдастай амьдардаг?
-Хууль эрх зүйн орчин нь өрөвдмөөр байгаа учраас ийм  зүйл болоод байна. Хууль эрх зүйн орчин хяналттай,  зөв буруугаа мэдэж эхэлсэн цагт энэ алба буцаад сэргэнэ. Сэтгүүлчдийн хувьд ч хуулийн хамгаалалт байхгүй болохоор айдастай амьдрах нь аргагүй. Нөгөө талаасаа эрэн сурвалжилдаг, нийгэм дэх далд нууц, болохгүй бүтэхгүй зүйлийг эрж хайдаг, ил гаргаж бичдэг, нэвтрүүлдэг ийм  алба байхгүй болбол хууль зөрчдөг явдал  улам л даамжирна. Энэ бүхнийг ил гаргаад ирсэн сэтгүүлчийг хамгаалдаг эрх зүйн орчин байхгүй болохоор хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хэн нэгэн сэтгүүлчийг шүүхэд өгч байна шүү дээ. Тэгэхээр айдастай байхаас яахав.
-Энэ мэт асуудлыг яриад байхаар асуух олон зүйл гарч ирж байна л даа. Жишээ нь, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хүйсийн эрх тэгш байдал алдагдсан нь ажиглагддаг. Ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд?
-Зохицуулж болдоггүй нэг зүйл чинь энэ болоод байгаа юм. Их дээд сургуулийн сэтгүүлзүйн ангид суралцаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Энэ нь сонирхлоороо, мөн элсэлтийн шалгалтад тэнцсэн эсэхээрээ л байдаг байх. Үнэхээр зохицуулж болохгүй асуудал л даа.
-Телевизүүд сүүлийн үед олноороо нээгдэж байна. Зах зээл багатай манай улсад амархан татан буугдах, дампуурах эрсдэл ихтэй гэх юм?
-Тийм ээ. Тэнцвэртэй өрсөлдөөнт­эй сэтгүүл зүй байна гэдэг өдөр тут­мын хэвлэлүүд 2-3, теле­визүүд ч тэр хэмжээгээр байж өрсөлдөөн, үнэн мэдээлэл тэнцвэр­жинэ. 1990 –ээд оны үед толгойтой болгон нь л сонин хэвлэл байгуулаад эхнээсээ дампуурсан. Энэ байдлаас бодоод үзсэн ч маш эрсдэлтэй байх. Гэхдээ цахим ертөнц хөгжиж байгаа үед цэвэр мэргэжлийн чанартай телевиз, сайтууд гарч ирж болно. Бид үүнийг хорих ч арга байхгүй. Хамгийн гол нь ёс зүйтэй байвал нийгэм ч сөрөг мэдээллийг сонирхохоо байж эхнээсээ цэвэрлэгдэнэ.
-УИХ-ын сонгуулийн дараа хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл ганц нэгээрээ хаагддаг. Энэ юутай холбоотой юм бэ?
 -Төр засаг эмхэрч амжихгүй жаахан цаг алдахад хувийн хэвшлийн зарим байгууллагын үйл ажиллагаа зогсч байна. Энэ нь цэвэр улс төртэй л холбоотой.
-Та телевиз, радио, сайт, сонин гээд манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа болон эдгээрт хэчнээн эмэгтэй, эрэгтэй ажилтан байна. Мөн ар гэрийн байдал, ямар байдаг  гэсэн нарийн судалгаа бий юү?
-Бид энэ ажлыг  хамгийн түрүүнд хийж эхэлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд руу мэйл, анкет явуулсан ч бөглөөд явуулж байгаа нь ховор. Тиймээс цаас өгөөд хүмүүс явуулаад анкет бөглүүлэх л болж байгаа юм. Хоёрдугаарт хөдөө орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд асуудал их бий. Маш их улс төрждөг. Тэднээс  энэ талын судалгаа авахад ч хэцүү байдаг. 100 жилийн ойн өмнөхөн л нэлээн нааштай судалгаа гаргах гээд л ажиллаж байна. Нарийн судалгааны аргыг хэрэглэх байх. Социологчид болохоор нарийн судалгаа гаргах хэцүү,  түүвэр судалгааны арга нь дээр гэдэг. Аль болох  нарийн судалгаа гаргах гэж хичээн ажиллана даа.
-Сүүлийн асуулт. Та Сэт­гүүлч­дийн эвлэлийн ерөнхий­лөгчөөр ажиллах хугацаандаа сэтгүүл зүйд ямар шинэчлэл хийж чадах вэ?
-Эрх зүйн орчинг чадах чинээгээрээ өөрчилнө. Манай сэтгүүлчид хамгийн бага цалинтай, доогуур төвшинд амьдардаг мөртлөө нийгэмд ердөө гомдоллодоггүй, жаахан бичсэн мэдээ, мэдээлэлдээ цадаж, сэтгэлээрээ амьдардаг хүмүүс. Эднийхээ хэвийн ажиллах эрх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө чадах чинээгээр ажиллана.  Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгүүлч хүн. Тиймдээ ч  Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төсөл шинээр санаачилсан. Сэтгүүл зүйд эрүүл орчинг бүрдүүлэхэд энэ хууль оршиж байна. Бидний тулгамдаад байгаа асуудлыг арилгахад, эрүүл сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд энэ хууль туслах байх. Тиймээс бид дор бүрнээ хичээх л хэрэгтэй байна.

Ж.Цэцэгмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан