Цаазаар авах ял нь олон нийтийн жигшлийг төрүүлдэг, шийтгэхгүй бол нийгэмд бухимдал үүсгэх хэрэг хийсэн хүнийг гэсгээх, цаашид тийм хэрэг хийх сэдлийг үгүй болгох зорилготой. Гэвч олон улс, олон жил явуулсан судалгаагаар цаазаар авах ял нь зорилгодоо тэр бүр хүрдэггүй болохыг харуулсан нь маргааны эх үүсвэр юм.
CONTRA буюу “эсрэг, үгүй” гэх хүмүүсийн үзлийг баталсан олон жишээ, шалтгаан бий. Хуучин Зөвлөлтийн үед хүчингийн хэрэг үйлдсэн хүнийг цаазаар авах ял оноох заалт оруулсан байдаг. Гэтэл хүчингийн хэрэг гарах нь буураагүй төдийгүй гэрч үлдээхгүй гэсэндээ хүн амины хэрэг хийх нь огцом нэмэгдсэн байдаг. Иймд аргагүйн эрхэнд ялыг нь хөнгөлөн 8-12 жил болгосон байдаг. Энэ бол хүн амын соёл, жендэрийн тогтолцоо гэх мэт нийгмийн асуудлыг хуулиар тухайлбал, цаазаар авах ялаар шийдэх боломжгүйг харуулсан хамгийн тод жишээ. Цаашлаад шүүхийн алдаа гэж ноцтой зүйл гарч ирдэг. Олон арван хүүхдийн амийг хөнөөсөн гаж донтон Чикатилогийн өмнөөс дөрвөн хүн цаазаар авахуулсан байдаг. Мөрдөн байцаах шатанд бүдүүлэг алдаа гаргаж хүмүүсийг албан хүчээр хэргээ хүлээлгэснийг шүүх үл анзааран цаазаар авах ял оноосон.
Дээр нь цаазаар авах ялыг гүйцэтгэх аргууд байдаг. Орчин үед шүүхийн шийдвэрээр хүнийг буудаж, цахилгаан сандал дээр суулгаж, судсаар нь хор тарьж, эсвэл нацистууд шиг хорт хий үнэртүүлнэ гэдэг байж боломгүй зүйл. Дундад зуун, эсвэл ХХ зууны дунд үеэр энэ бүх арга байсныг үгүйсгэхгүй.
Цаазаар авах ялтай хамгийн маргаантай, ээдрээтэй зүйл анги бол эх орноосоо урвасан гэдэг зүйл анги. Манай улс Эрүүгийн хуульдаа ийм зүйл анги оруулснаас болж олон арван мянган гэм зэмгүй хүн амиа алдсан гашуун түүхийг мартах учиргүй. Өнөөдөр ч гол төлөв улс төрийн шинжтэй байдаг энэ зүйл ангиас болж олон хүн цаазаар авах гэсэн аймшигтай ялыг сонссоор. Гэхдээ асуудал болгон хоёр талтай. Тэгэхээр PRO буюу дэмжигч үзэл бодол, байр суурь байж л таараа. Ийм хүмүүсийн юунд түрүүн жишээ болгон татдаг хэрэг бол 77 хүний аминд хүрч, 151 хүнийг шархдуулсан алуурчин Брейвикт Норвегийн шүүхээс 21 жил хорих ял оноосон тогтоол юм. Үүнийг хохирогчдын ар гэр 100, бүр 1000 хувь эсэргүүцсэн нь мэдээж. Энэ мэтээр өөгшүүлээд байвал хүмүүс олон хүний аминд хүрчихээд 20 жилийн дараа суллагдаад байдаг юм байна гэх.
Цаазаар авах ялыг бүх насаар хорих ял болгон оноосны эдийн засгийн үр дагавар гэж байна. Ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүнийг бүх насаар нь өдрийн гурван удаагийн хоолтой, дагуултай байлгаж байснаас тэр их мөнгөөр орон гэргүй таван хүнд гэр, байр аваад өгчихье гэх хүн олон. Онцгой анхаарах бас нэг зүйл бол өс. Цусан өс авах уламжлал маш олон үндэстэнд байдаг. Хэрэв тухайн үндэстний уламжлалаар цаазаар авах ял хийсэн хүнийг хуулийн дагуу тийм ял оноогоогүй бол тэд өөрсдөө ял оноож хэрэгжүүлэх гэдэг. Харин энэ бол явж явж хуулийг уландаа гишгэсэн хэрэг болж таарна. Хүмүүс хэт зөөлөн хууль хэрэггүй, цаашлаад ийм хууль хэрэг байна уу гэж бодох үндэслэл болно.
Дэмжигчдийн гаргаж байгаа бас нэг зүйл бол хүмүүнлэг үзэл. Тийм л хүмүүнлэг үзэлтэй
юм бол хүнийг бүх насаар нь хорьж тамлаж байхаар удаалгүй цаазаар авсан нь хамаагүй энэрэнгүй хэрэг гэдэг. Үүнийг батлах хэрэг сарын өмнө АНУ-д болсон. Цаазаар авах ялтай 130 кг жинтэй эрийг туртал нь ялын гүйцэтгэлийг хойшлуулахыг гуйсан. Учир нь АНУ-д судсаар хор хийж цаазаар авдаг бөгөөд жин их байх тусам хорны үйлчлэх хугацаа багасч, хүний амсах тарчлал нь нэмэгддэг. Дээр нь энэ хүн цаазаар авах ялын гүйцэтгэлийг хүлээж бараг хориод жил шоронд суусан байгаа юм.
Энэ мэтээр маргаан их, ээдрээ олон. Ямартай ч, манай улс цаазаар авах ялыг түдгэлзсэн Ази тивийн цөөн хэдэн улсын нэг.