Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын сайхан орноор морин хуурын чуулгатай аяллаа




..Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бvрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон...
хэмээн  их зохиолч Д.Нацагдорж нэгэнтээ шүлэглэсэн байдаг билээ. Энэ шүлгийг уншихаар сайхан монгол орны минь үзэсгэлэнт байгаль нүдний өмнүүр жирэлзээд л өнгөрдөг юм. Аргамаг хүлгийн нуруун дээр салхи татуулан давхих мэт сэтгэл төрүүлдэг бас нэг зүйл бий. Яах аргагүй агуу их хөжмийн зохиолчдын зохиосон эх нутгийн минь уянгууд...
Хонх дугарч тоглолт эхлэх гэж буйг сануулахад Монголын сайхан орноор Морин хуурын чуулгатай хамт аялах гэж догдолж суулаа.
Морин хуурын чуулга энэ жил 20 нас хүрч байгаа. Хүнээр бол дөнгөж амьдралд хөл тавьж буй нас. Гэхдээ Морин хуурын чуулга 20-хон настай залуу гэхэд хал үзэж хашир суун нэлээд хэрсүүжээ. Үүнийг нь дэлхийн олон улсад аялан тоглож, шилдэг  театрууд болох Японы "Сантори холл", "Экрос", "Орчард холл", АНУ-ын "Карнеги холл", Нью-Йорк дахь НҮБ-ын их танхимд морин хуурын аялгуугаар эх орноо сурталчилж байсан нь батална.
Тэдний  гурван өдөр үзэгчидтэйгээ хамт тэмдэглэх 20 насны төрсөн өдрийн эхний тоглолт нь “Монголын сайхан орон” нэртэйгээр ийн эхлэхэд бэлэн болжээ.
Тоглолтын өмнө Морин хуурын чуулгын туулж өнгөрүүлсэн хатуу бэрх, амжилт, алга ташилтаар дүүрэн өнгөрүүлсэн 20 жилийн түүхийг өгүүлсэн баримтат кино гаргасан нь ёстой л нэг болдог бол суудлаасаа босоод тэднээр бахархан орилмоор байсныг нуух юун. Түүх дурдвал, 1992 оны долдугаар сарын 9-ний Монгол Улсын Засгийн газрын 123 дугаар тогтоолоор байгуулагдаж, 1994 оны тавдугаар сарын 25-ны Засгийн газрын 98 дугаар тогтоолоор Улсын филармонийн бүтэц бүрэлдэхүүнд орж байжээ. Мөн хамгийн анхны тоглолтоо 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд УДЭТ-т хийж байсан аж.
Морин хуурын чуулга үндэсний уламжлалт морин хуураас гадна ёочин, ятга, их хуур, өрнийн сонгодог төгөлдөр хуур, флейт, дунд хуур, цохивор хөгжмийн зэмсгүүдийг багтаасан өнөр бүрэлдэхүүнтэй. Энэ өнөр бүл 30-уулаа. Стэнфордын их сургуулийн профессор, удирдаач Жиндон Кэй өнгөрсөн зун тэдэнтэй хамтран тоглосныхоо  дараа “Морин хуурын чуулга дэлхийд цор ганц өвөрмөц бүрэлдэхүүнтэй. Ганц морин хуураар тоглох нэг хэрэг, харин чуулга болж бусад хөгжмийн зэмсэгтэй хоршиж тоглох нь онцлог, шинэ урсгал” хэмээсэн нь тэдний авьяас чадварыг илтгэх биз.
Тэд Монголын нэрт хөгж­мийн зохиолчдын уламж­лалт, сонгодог хөгжим, дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сонгодог болон орчин үеийн шинэ урсгал чиглэлийн хөгжмийн бүтээлүүдээр үргэлж урын сангаа баяжуулсаар байна.
“Монголын сайхан орон” тоглолтын тайзан дээрээс  сэтгэлд хоногшсон сайхан аялгуунууд эгшиглэсээр л. Монголын нэрт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” хөгжмөөр эхэлсэн концертын  хүндэт зочин нь Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, Ардын жүжигчин С.Лувсаншарав, Н.Жанцанноров, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав Ардын жүжигчин А.Долгор нар байсан.  
Энэ орой Монголын нэрт хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүд эгшиглэснээр үзэгчид морин хуур хөгжмөөрөө, Монголын хөгжмийн зохиол­чид, бүтээлээрээ бахархан, омогшиж суусан биз. Цэл залуухан Морин хуурын чуулга ийнхүү 20 нас хүрлээ.
Гэхдээ төрсөн өдрийн баяр дуусаагүй ээ. Маргааш тэд хүндэтгэлийн гала концертоо үзэгчдэд хүргэнэ.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан