Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Түвшинтөгс: Энэ жүжгийг тавих гэж үнэхээр шунан дурласан

Нийслэлийн Улаанбаатар чуулга намар цагийн нээлтээ “Гоолингоо” дуулалт жүжгээр хийх гэж байгаа билээ. Энэ талаар “Улаанбаатар” чуулгын дарга Ц.Түвшинтөгстэй ярилцлаа.

-Гоолингоо гэхээр хүн бүрийн л мэддэг өнөө алдарт дуу. Өвөл цагийн уран бүтээлээ нээж байгаа “Гоолингоо” дуулалт жүжгийн талаар...?
-Ардын дуунаас сэдэвлэсэн “Гоолингоо” дуулалт жүжигт манай чуулгын уран бүтээлчид оролцон тоглох гэж байна. Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Баярсайхан жүжгийнхээ зохиолыг барьж ирээд санал тавьсан юм. Яг үнэндээ манайд мартагдах  аюулд ороод байгаа дуулалт жүжгийг сэргээх гэсэн санааг нь олзуурхаад хамтран ажиллахаар болсон.

-Жүжгийн гол дүрд танай чуулгын уран бүтээлчид тоглоогүй гэсэн. Гол дүрүүдээ яагаад өөр театрын уран бүтээлчдээс сонгов?
-Энэ бол цэвэр найруулагчийн санаа л даа. Гол дүрийн эмэгтэйд УДЭТ-ын жүжигчин Отгонцэцэг, эрэгтэйд цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Ариунбаатар нар тоглож байгаа. Гэхдээ манайд тавигдаж байгаа уран бүтээлд ингэж өөр театрынхан тоглож байгаа нь бидний хувьд олзуурхууштай.
 Учир нь, уран бүтээлийн цэвэр өрсөлдөөн бий болгож байгаа хэрэг. Энэ хоёр жүжигчин маань нээлтээ хийснээс хойш таван удаагийн л тоглолтод оролцоно. Түүнээс хойш манай дуучид өөрсдөө дуулна.

-“Гоолингоо” дуулалт жүжгээр үзэгчдэд  хандаж юуг хэлэхийг зорьж байгаа вэ?
-Хамгийн гол нь энэ жүжгийг үзсэн үзэгчид өнгөрснөө эргээд нэг харах байх гэж бодож байна. Техник технологийн эрин зуун гээд л өдөр бүр шинэ гар утас гарч байна. Өнөөдөр шинээр гарч хөгжөөд байгаа техникүүд чинь хүмүүсийн харилцааг хөнгөлж байгаа ч гэсэн холдуулаад байна.
Тиймээс нэг орой ч гэсэн энэ бүхнээс тасарч ардын сайхан уран бүтээлээ үзээч гэж л уриалмаар байна. Урлагаас хүний авч болох тэр бүх мэдрэмжийг л өгөхийн тулд бид энэ уран бүтээлийг хийхээр шунан дурлан ажиллаж байгаа.

-“Улаанбаатар” чуулга ингээд өвөл цагийн ажилдаа орлоо. Дараа дараагийн уран бүтээл нь юу бол...?
-“Миний сайхан эх орон” нэртэй концерт тоглохоор  бэлтгэл ажилдаа орчихоод бас л дуншаад байна. Энэ концертоор дамжуулан хүмүүст эх орноороо бахархах сэтгэл төрүүлэхсэн гэж их анхаарч байгаа болохоор бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй байна л даа. Арваннэгдүгээр сарын эхээр тоглохоор төлөвлөж байна.

-Мэргэжлийн урлагийн хамгийн отгон чуулга болохоороо ч тэр үү  танай чуулга цомхон бүрэлдэхүүнтэй юм?
-Манай чуулга нийслэлийн харьяаны байгууллага л даа.  Тиймдээ ч нийслэлийн нүүр царай болж байх хүнд ачаа бидэнд ногддог. Гадаадаас албан ажлаар ирж байгаа зочид чинь удаан саатаад урлагийн тоглолт үзэх завгүй байдаг. Аль болох богино хугацаанд монголын урлагийг харуулах хэрэгтэй болдог. Тиймээс анх байгуулагдсан цагаасаа л уран бүтээлчдэдээ хэрэв чи дуулдаг бол бүжиглэдэг бай, хөгжимддөг бол хөөмэйлдэг бай гэсэн шаардлага тавьж ажиллаад байгаа. Ганцхан цагийн тоглолт хийх гэж наян уран бүтээлч байснаас найман уран бүтээлч байсан нь дээр шүү дээ.

-Сүүлийн үед “Улаанбаатар” чуулгыг циркийн багтай болох гэж байгааг сонссон?
-Улсын цирк маань хувьчлагдаад үйл ажиллагаа нь жаахан хэцүүдсэн шүү дээ. Тиймээс нийслэл цирктэй байх ёстой гэж үзсэн.
Одоохондоо бие даасан тоглолтоо үзэгчдэд хүргэх болоогүй ч чуулгынхаа тоглолтуудад циркийнхээ номероос хэсэгчлэн оруулж байгаа. Гэхдээ манай тайз зориулалтынх биш болохоор хэцүү зүйл гарах л юм. Хүнд жингийн үзүүлбэр гэхэд л нөгөө том туухайгаараа шал цөмлөхөөс эхлээд асуудал их.

-Циркийнхээ багийг хэрхэн бүрдүүлээд байгаа вэ?
-Манайд хэд хэдэн баг бий. Хүндийн өргөлт, уран нугаралтын гээд. Гэхдээ хэцүү байна гээд хойш сууж болохгүй шүү дээ.
Тиймээс цаашид циркийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэхэд  анхаарна. Нэгэнт л галт тэрэг хөдөлчихсөн болохоор болгох гээд л яваад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан