Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.НЯМДОРЖ: МИНИЙ ЦУГЛУУЛГАД ГАРААР ХИЙСЭН ГИТАР ОДОО Ч БИЙ

Монголд эстрадын урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хамтлагийн нэг яах аргагүй “Айзам”. Энэ удаад “Дөмөн”, “Айзам” хамтлагийг үүсгэн байгуулагч, ая зохиогч, хөгжимчин Т.Нямдоржтой ярилцлаа.

-1970-аад онд Монголд эстрад урлагийн суурь тавигдсан гэдэг. Гитар тоглож чаддаггүй хүүхэд гэж байдаггүй байлаа хэмээн алтан үеийнхэн дурсдаг. Анх гитар тоглож сурсан дурсамжаас тань яриагаа эхэлье гэж бодлоо?
-Манай ах Шаравчогдог Барилгачдын соёлын ордонд “Тагшаа” найрал хөгжимд баянхуур тоглодог байлаа. Тэгээд 1968 онд хамтлагаараа хөдөө тоглолтоор явж байгаад автобус нь цасанд сууснаас болж тэнд явж байсан хүмүүс хөл, гараа хөлдөөчихсөн. Үүнээс болж ах маань нэг хөлөө тайруулаад босч чадахааргүй болсон. Тэгэхэд би жаахан хүүхэд байсан хэрнээ л ахыгаа асарна. Манайх тэр үед одоогийн Баянзүрхийн товчооны ард зусланд гардаг байв. 1969 оны үед л дээ. Зусландаа гарсан хүмүүсийн дунд ах маань баянхуур тоглоод бүжиг явуулчихна.  Би 35 төгрөгийн үнэтэй нэг гитартай. Тэрийгээ бариад л ахыгаа дагаад тоглож гарна. Сүүлдээ оройн бүжгэн дээр ганц, хоёр ая тоглодог болсон. Тэгж л гитар сурсан даа.

-Намар хичээлдээ ирэхдээ гитар тоглоод сурчихсан байсан болохоор ангийнхандаа гайхуулна биз?
-Тэгэлгүй яахав. Манай ангид Эрдэнэчимэг гэж нугардаг охин байсан. Ангийнхаа хоёр хүүтэй хамтарч ард нь гитар тоглоно. Эрдэнэчимэг нугараад л...Ер нь бол 50 мянгатын 23 дугаар байрны орцонд л гитар тоглож, дуу зохиож дуулан өнждөг байлаа шүү дээ. “Айзам” хамтлагт байсан Зандраатай хамт гитар их тоглоно оо. Бид гитар тоглох гээд хааяа хичээлээ тасалчихдаг байж билээ.

-Тухайн үед хөгжим хэрэгсэл хомс байсан болохоор өөрсдөө гитар хийгээд тоглодог байсан гэдэг. Энэ үнэн үү?
-Энд тэнд гитар хийдэг хүн байсан л даа. Миний мэдэхийн Модны заводад ажилладаг 120-ийн Дамчаа, хар Лхагва гэдэг залуутай хамтарч гитар хийдэг байсан юм. Мебелийн үйлдвэрийн дэргэдэх хамтлагийн ахлагч Буянаа өөрөө гитар хийдэг байлаа. Сүүлд “хужаа” Гантөмөр гэдэг залуу сайн гитар хийчихсэн байсан. Миний гитарын цуглуулгад гараар хийсэн гитар одоо ч бий.

-Орцноос тайзан дээр тоглох болсон үе тань хэзээ байв?
-Намайг дунд сургуульд байхад 1974 онд Цахилгаан шугам сүлжээний дэргэд “Эрчим” хамтлаг байгуулагдаад Зандраа, Төрмөнх, Төмөрбаатар бид хэд тэнд тоглодог байсан юм. Тэр үеэс л соль гитар тоглож уран бүтээлийн гараагаа эхэлсэн дээ. “Эрчим”-д байхдаа Монголд анх удаа пидаль буюу гитарын пүүзээр тоглож байлаа. Төрмөнх маань тэр пүүзийг хийж өгсөн юм. Сүүлд “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхан миний тэр пүүзийг гуйж авч тоглож байсан түүх бий шүү.

-“Дөмөн” хамтлагт орсон түүх тань их сонин шүү дээ. Тэр талаараа манай уншигчдад хуучлахгүй юу?
-“Эрчим” хамтлагт тоглож бай­тал Баянмонгол чуулгыг бай­гуул­сан анхны Соёлын тэргүүний ажилтнуудын нэг Даваа “Найрамдал” төв паркийн хажууд Цэдэнбал Филатова эстрад хөгжмийн хамтлаг байгуулах гэж байна. Бүх хөгжим нь шинэ. Чи манай хамтлагт хүрээд ир” гээд дуудсан. Тухайн үед хөгжмийг л шүтдэг байсан болохоор “Дөмөн” хамтлагт орж байлаа. Тэгэхэд надтай чадварлаг уран бүтээлчид хамтран ажилладаг байсан. Нямдаваа гээд маш чадвартай бөмбөрчин байсан. Гитар ч тоглоно. Манай хамтлаг 14 хоногт нэг удаа “Найрамдал” төв, парк дээр тоглолт хийж бүжиг явуулдаг байсан.

-Тэгээд хэдийнээс “Айзам” хамтлагийг байгуулсан юм бэ?
-1976 онд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв байгуулагдахад хамтлаг байгуулах хэрэг гарсан юм билээ. Уран сайхны удирдаач Донид гэж хүн Оросын мэргэжилтэн Сүрэнхажид Сүрэнтэй хамтран хамтлаг байгуулах үүрэг авч л дээ. Тэнд төрөл бүрийн дугуйлан хичээллэдэг. Тэдний нэг баянхуурын дугуйлангийн багш Доржгарам бид хоёр их найз. Тэгээд нэг өдөр очтол “Манай энд хамтлаг байгуулах гээд хөгжимчид шалгасан ч тэнцэх хүн алга. Чи нэг шалгуулаад үзээч” гэдэг юм байна. “Би чинь хамтлагтай юм чинь юу гэж тийшээ орох вэ дээ” гэтэл Доржгарам “Чи угаасаа тэнцэхгүй л дээ” гээд басаад байхаар нь шар хөдлөөд уран сайхны удирдаачийнх нь өрөөнд яваад оров. Тэгсэн Донид “За шалгуулах нь уу” гэхээр нь тэгье л гэлээ. Төгөлдөр хуур тоглоод “Песни мой песни” гэдэг орос дууг нэг бадаг дахилттай нь дуулж байтал зогсоогоод мэргэжилтэн чамайг шууд авахаар боллоо гэсэн. “Би хамтлагтай шүү дээ. Шууд орж чадахгүй” гээд гараад явчихсан. Тэгээд Доржгарам дээр ороод онгирдог юм байгаа биз дээ. Гэтэл Донид миний тушаалыг шууд гаргаад Доржгарамд намайг олж ирж ажилд нь оруул гэсэн үүрэг өгсөн байгаа юм. Доржгарам ирчихээд шалаад байдаг. Би “Дөмөн”-гөөсөө  гарч чаддаггүй. Тэгээд аргагүйн эрхэнд хамтлагийнхандаа хэлээд Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд очсон доо.

-Тушаал гарсан гэхээр орон тооны ажилтан болсон гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Хөгжимчин гэсэн орон тоон дээр ажилд орсон гэсэн үг л дээ. Бид чинь цалин авна. Би хамтлагийн ахлагч байсан болохоор 550 төгрөгийн цалинтай. Одоо ч миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичээстэй байдаг юм. Тэрнээс өмнө бас “Дөмөн”-д байхдаа 450 төгрөгийн цалин авдаг байсан. “Эрчим”-д сайн дураараа явдаг байсан болохоор цалин авдаггүй байлаа.

-Тэгээд л “Айзам” хамтлаг байгуулагдсан байх нь. Шалгаруулалтаа үргэлжлүүлж байж хамтлагийн гишүүдээ бүрдүүлсэн үү?
-Донид мэргэжилтэнтэйгээ хамт надтай уулзаад жаз хөгжмийн хамтлаг байгуулах гээд 40 хүн шалгасан боловч нэг нь ч тэнцсэнгүй. Тэгэхээр чи л хөгжимчид олж хамтлаг байгуул гэсэн. Тэгээд би Нийтийн ахуйн үйлчилгээний соёлын ордонд соль гитар тоглодог Ганболдтой уулзаад түүнийг хамтлагтаа элсүүлсэн. Бас Сайнбуян гэдэг даралтад хөгжимчнийг аваад гурвуулаа боллоо. Нэг өдөр манай ордонд “Ногоон гэрэл” хамтлагийнхан тоглоод, тэгсэн мэргэжилтэн надад “Энэ соль гитарчин Оросыг таних уу” л гэж байна. Тэр нь “Харанга”-ын Энхманлай л даа. Тэгэхэд би таньдаггүй байв. Тэгээд түүнтэй танилцаж хамтлагтаа авсан.

-Ямар ч зүйлд нэр өгөх хамгийн хэцүү байдаг. “Айзам” гэдэг нэр хэний санаа байсан нь сонин байна?
-Тийм шүү. Тохирох нэр олдохгүй байсан болохоор манай хамтлаг хэсэг нэргүй явсан. Нэг удаа хамтлагаараа манай гэрт очиж хоносон чинь үүрээр Ганболд маань намайг сэрээгээд “Айзам” гэж нэр өгвөл ямар байна вэ гэсэн. Ингэж л манай хамтлаг нэртэй болсон хэрэг.

-Гэхдээ нэг хамтлагт гурван соль гитарчин байсан хэрэг үү?
-Харин анхандаа анзаараагүй юм билээ. Тэгээд бид гурав шодож байгаад хэн ямар хөгжим тоглохоо шийддэг байлаа шүү дээ. Гурвуулаа соль, басс гитар, бөмбөр тоглодог байсан юм. Бид чинь их авьяастай, Ганболд маань их мундаг ая зохионо. Тэгээд өөрсдийнхөө зохиосон дууг дуулж эхэлсэн. Ганболдын зохиосон
“Алсыг зорьсон аяны шувууд шиг
Амраг чи минь холыг зориход
 Халуун зүрх минь хагацлаар шимширч
Харгуй зам дээр ганцаар хоцорлоо...” гэдэг дуу чинь “Айзам”-ын анхны дуу байсан юм.

-Түүнээс хойш үе үеийн чадварлаг хөгжимчин, дуучид “Айзам” хамтлагийг дамжсан байдаг. Та дөрөв “Айзам” гэдэг нэрийг хэр удаан авч явсан бэ?
-Миний хувьд “Айзам”-д нэг их удаагүй ээ. Хоёр жил уран бүтээл хийсний эцэст 1978 онд  хамтлагийнхан маань анхны тоглолтоо хийсэн. Дараа жилээс нь би Хууль цаазны дунд сургуульд шүүгч прокурорын ангид аав, ээжийнхээ шахалтаар сурахаар болоод хамтлагаа орхисон доо.

-Сургуульд сурч байх хугацаандаа уран бүтээлээ хойш тавьчихсан юм уу?
-Үгүй ээ. Хууль цаазын дунд сургуульд ороод “Сонор” хамтлагийг байгуулсан. Манай сургуулийн захирал Бүдханд шүлэг бичнэ. Шүлгэнд нь ая хийгээд л дуулна. Захирал ч биднийг дуртай дэмждэг байсан. Одоо дуулагддаг “Хоньчин, барилгачин хоёр” гэдэг дууны үгийг манай захирал бичсэн.

-Та бас МУИС-д сурч байсан байх аа?
-Хууль цаазны дунд сургуулийг хуульч прокурорын мэргэжлээр төгсөөд дараа нь МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Хэчнээн тухайн үед аав, ээжийнхээ шахалтаар сурсан ч гэсэн эзэмшсэн мэргэжилтэй хүн чинь сайхан л юм билээ. Гэсэн ч  яаж зүгээр байхав гээд МУИС-д сурч байхдаа “Эрдэм” нэртэй хамтлаг байгуулсан. Оюутнуудын дунд зохиогдсон урлаг соёлын арга хэмжээнд түрүүлээд тоглолтоо зохион байгуулдаг байлаа шүү дээ.

-1970-аад оны үед эстрад урлаг Монголд хөгжих болсон хамгийн гол шалтгаан нь дэлхийн нэртэй хамтлагууд байгуулагдсан явдал гэж үзэх хүмүүс бий...?
-Тэгэлгүй яахав. Тэднийг чинь л анх сонсч дагаж дуурайдаг байлаа. Гэхдээ тэдний дууг олж сонсох хэцүү. Сүүлд “Смоки” хамтлаг моодонд орох үед пянз нь олдоггүй. Шинэ жилээр “Смоки”-гийн дууг Оросын телевизийн сувгаар үзэх гээд л хүлээнэ. Шөнийн 04:00 цагаас хоёрхон дууг нь сонсох гэж тэр шүү дээ. Нэг удаа Оросын нэвтрүүлгээр “Смоки”-гийн “Мид найт лед” гэдэг дуу нь явж байдаг юм байна. Тэр дууг нь анх сонсчихоод шүтээд, дахиад сонсмоор байдаг пянз нь олддоггүй. Радио дээр очоод гуйж байж  нөгөө дууг нь хальсан дээр бичиж аваад сурч байлаа.

-Нээрээ хамтлагуудын пянзыг олох гэж их хөглөдөг байсан гэдэг юм билээ. Ховор пянзтай хүмүүс тухайн үед “од” байсан байх аа?
-1970-аад оны эхэн үед Монголын сэхээтэн айлын хүүхдүүд гадаадад их амьдардаг байв. Тэд л янз бүрийн пянз авчирдаг байсан даа. Миний хамгийн сайн найз Даваадоржийн аав, ээж хоёр Америкийн ЭСЯ-нд байсан болохоор тэр найз маань анх надад “Криденс” хамтлагийн пянз бэлэглэж байлаа. Тэрийгээ хүүхдүүдэд гайхуулаад л, шүтээд л... Тэр пянзаараа олон пянз сольж сонссон доо.
Уг нь би пянзны их цуглуулгатай байсан. Сүүлдээ үрэгдээд байхгүй болчихсон. Пянз цуглуулдаг олон ч хүн байдаг байлаа. Алтанхуяг гэж ёстой пянзны хоббитой залуу байж билээ. Гэхдээ пянзаа хүнд өгч сонсуулахгүй. Бид гэрт нь л орж сонсоно. Мөн Зоригоо гэдэг найз маань бас их пянзтай. Тэгэхэд пянз их үнэтэй байсан юм. Би “Шокин блю” хамтлагийн пянзыг 100 рублиэр худалдаж авч байсан.
-Хоёулаа түрүүнээс хойш соль гитарчин Нямдоржийн талаар ярилаа. Одоо ая зохиогч Нямдоржийн талаар яръя. Анх хэзээнээс дууны ая зохиож эхэлсэн бэ?
-“Дөмөн” хамтлагт байхаас л дуу зохиож эхэлсэн дээ. Өөрөө үгээ бичээд, аяаа хийгээд л дуулчихдаг байсан. Хамгийн анхны дуу маань “Хорвоогийн жаргалан” гэж дуу бий. Тэрнээс хойш олон дууны ая зохиосон. Одоо ч уран бүтээлээ хийсээр л байгаа.

-1970-аад оноос хийсэн уран бүтээлүүдээрээ анхны бие даасан тоглолтоо түрүү онд хийсэн байх аа. Тэр олон уран бүтээлийг ганцхан тоглолтод багтаана гэж байхгүй...?
-Тийм ээ. Өөрийн уран бүтээлүүдээрээ тоглолтоо хийсэн. Би бүх л уран бүтээлдээ хайртай учраас бүгдийг нь л оруулмаар байсан. Гэхдээ мэдээж тэгж болохгүй шүү дээ. Тоглолтоосоо өмнө уран бүтээлээрээ “Мөрөөдөл итгэл” нэртэй цомог гаргасан. Тэр цомогтоо орсон уран бүтээлүүд дээрээ нэмээд үзэгч, сонсогчдын хүртээл болсон дуунуудаасаа тоглолтдоо оруулсан.

-Хамгийн сүүлд хос цомгоо худалдаанд гаргасан байгаа шүү дээ?
-Өөрийнхөө зохиосон хамгийн анхны дуугаар нэрлэсэн “Хорвоогийн жаргалан” нэртэй нийт 21 дуутай хос цомог гаргасан. Бас тоглолтынхоо бичлэгээр DVD гаргасан байгаа.

-Таны уран бүтээлүүд дунд “Дуугий минь дуулаарай”, “Дөмөн шарга”, “Хайрлахсандаа” гээд л нэрлэж барахааргүй олон дуу бий. Эдгээр дууг сонсч байхад аянд нь гитарын гоцлол их орсон байдаг?
-Тийм шүү. Угаасаа гитарын гоцлолыг өөрөө зохиож тоглодог байсан болохоор миний зохиосон аянд гитарын гоцлол их ордог.

-Сүүлийн үед “Классик жем” хамтлаг, дуучин А-сооl, Мөнхбат гээд залуу уран бүтээлчтэй хамтарч уран бүтээл хийх болсон байна билээ?
-Үгээ бариад намайг зориод, Нямаа ахаа ая зохиогоод өгөөч гээд ирж байгаа хүүхдүүдэд үгүй гэж хэлж болохгүй биз дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан