МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг АТГ-аас түр саатуулж, мэдүүлэг авсан талаарх мэдээллийг өчигдөр бид хүргэсэн. Тэгвэл түүнийг ийн шалгах болсон нь хэд хэдэн шалтгаантай аж. Эх сурвалжийн мэдээлснээр албан тушаал, эрх мэдлийн байдлаа увруулан ашиглаж бусдад давуу байдал олгож, худалдан авалтуудыг хувийн ашиг сонирхлоор хийсэн байж болзошгүй олон үйлдлээр шалгагдаж байгаа аж. Тодруулбал, МҮОНРТ-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа худалдан авалтын тухай хууль дүрмийг дагаж ажиллаагүй байна. ТБОНӨБАҮХА тухай хуулын 2017 оноос Үндэсний зөвлөлийн шийдвэрээр мөрдлөгө болгож байсан атал томилогдсон цагаас хойш тус хуулийг даган мөрдүүлэхийг болиулж, өөрийн шинэчлэн баталсан Худалдан авалтын тухай дотоод журам гээчийг мөрдлөгө болгож 500 орчим гэрээ хийжээ. Шууд гэрээ хийх үнийн босгыг 10 сая байсныг 20 сая, харьцуулалтын аргаар гэрээ хийхдээ үнийн босгыг 50 байсныг 70 сая болгож өсгөсөн байна. Энэ тухай ямар нэг зөвшөөрөл шийдвэрийг Үндэсний зөвлөлөөр гаргуулаагүй нь хууль зөрчсөн үйлдэл аж.
Хамгийн ноцтой нь албан тушаалын байдлаа ашиглан МҮОНРТ-д хандсан захиалагчийн захиалгыг өөрийн хамаарал бүхий студи, аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх гэрээ хийж, түгээлтийг MNB -ээр цацаж, удаа дараа дундаас нь ашиг хүртэх байдлаар хөрөнгөжсөн байж болзошгүй юм байна. Учир нь, тэрбээр улс төрчдийн захиалгын дагуу нэвтрүүлэг контент хийх бэлтгэх үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хувийн захиалгын хэд хэдэн контентыг хийх, хэвлэл мэдээлэлд нийтлэх, түгээх ажлуудыг биечлэн хариуцаж байсан бололтой. Энэ нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажилд харшилна гэж үзэж байгаа тухай мэдээлэл ч байна. Мөн улс төрчдийн нөлөөгөөр шалгалтуудад нөлөөлөх, удаашруулах, хойшлуулах оролдлого хийх хандлага гарч болзошгүй байгаа аж.