Олон улсын кино наадамд хальсан дээр буулган хийсэн кино л өрсөлддөг. Монголд киноны зургийг хальсан дээр буулгадаг ганц л газар байдаг нь “Монгол кино нэгтгэл”. Сар бүрийн онцлох үйл явдлыг хальсан дээр буулгаж баримтат кино болгоод Кино, гэрэл зураг, дуу дүрсний архивыг баяжуулдаг. Энэ ажлыг хариуцаж, гүйцэтгэдэг ганц хүн бий гэхэд хилсдэхгүй л болов уу. Баримтат кино студийн ерөнхий оператор, Лабораторын цехийн дарга түүнийг баримтат киноны Ш.Ооёо гэхээр соёл урлагийнхан андахгүй юм билээ.
Түүнтэй сар бүр хийдэг “Түүхийн хүрд” кино сэтгүүлийн талаар болон хальсаар баримтат кино хийхэд тулгамдаж буй зүйл гээд олон асуудлаар ярилцлаа. Тэрээр биднийг очиход долоо, наймдугаар сарын кино сэтгүүлийнхээ тайлбарыг бичиж байв.
-Тантай уулзах гэж олон хоног хөөцөлдлөө. Ойрд зав муутай байв уу?
-Харин тийм ээ. Долоо, наймдугаар сарын кино журнал гаргах хугацаа маань болчихоод бас хичээл сургууль эхэлчихээд ёстой зав зайгүй байна даа.
-Долоо, наймдугаар сарынхаа “Кино сэтгүүл”-ийг ямар үйл явдлаар хийсэн бэ. Та тайлбарыг нь бичиж байна уу?
-Долоодугаар сарын онцлох үйл явдал бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтоны манайд хийсэн айлчлал, Улсын баяр наадам байлаа. Наймдугаар сард бол Белгийн Ерөнхийлөгчийн айлчлал. “Монгол кино нэгтгэл” чинь ганцхан баримтат кинон дээр л тогтож байна шүү дээ. Төрөөс өгсөн төсвөөр л нэг юм хийдэг. Нэг ёсондоо төлөвлөгөөт ажил.
-“Монгол кино нэгтгэл”-ийг сар бүр ганцхан үйл явдал оруулсан баримтат кино хийгээд, төрөөс их хөрөнгө мөнгө аваад идээд суудаг мэтээр ярьдаг л даа?
-Тэгж ярьж байхаар ирээд үзэх хэрэгтэй шүү дээ. Аль 1935 оноос хойш хуучирч муудсан тоног төхөөрөмжөөр баримтат киногоо зогсоочихгүй явж байгаад харин ч талархах хэрэгтэй. Одоо хэрэглэж байгаа хальс маань олдохоо больсон. Оросоос нэг метр хальсаа гурван ам.доллараар худалдаж авч байна. Төрөөс манайд жилд 120 сая төгрөг төсөвлөдөг. Жилд 10 мянган метр хар, цагаан хальс, 10 мянган метр дууны хальс хэрэглэдэг гээд бод л доо. Тэгээд үлдсэн мөнгөөр нь ажилчдынхаа цалин хөлсийг тавина. Аманд ч үгүй, хамарт ч үгүй байгаа биз дээ. Гэхдээ яаж ийгээд баримтат киногоо хийнэ ээ. Уг нь, Хятадаас авбал арай хямд юм билээ. Тэгээд үйлдвэртэй нь ярьсан чинь 150 мянган метр хальс авах юм бол танайд үйлдвэрлэж өгье гэсэн. Тийм их хальс авчихвал хэрэглэж бараагүй байтал хадгалах хугацаа нь дуусчихна.
-Хальсан дээр уран сайхны кино хийдэг байхад зураглаачид нормтой хальс олгодог байсан гэсэн. Хэрэв нормоос илүү хэрэглэвэл өөрсдөө төлөх учраас зураглаачид маань ур чадвар сайтай байсан гэх юм билээ?
-Илүүг хэрэглэвэл гурав дахин нугалж төлнө шүү дээ. Социализмаас өмнө нэг минутын дүрсийг хэдэн кадраар авах вэ гэдгээсээ хамаараад хангалттай нормтой байсан. Жишээлэхэд, хүүхэдтэй хэсгийн зураг авалтад арай илүүг өгнө. Социализмаас хойш бол ямар ч дүрс авсан хамаагүй нэг минутын бичлэгт нэг метр хальс л өгдөг болсон.
-Тоног төхөөрөмж хуучирсан гэснээс камер тань нэлээн нүсэр харагдсан?
-Энэ чинь дангаараа 17 кг, хөлтэйгөө нийлбэл 60 кг хүрнэ.
-Баримтат кино гэдэг онцлох үйл явдлыг алдалгүй авах ёстой. Энэ олон хуучирсан тоног төхөөрөмжийг ийш тийш нь зөөнө гэдэг хүнд биз?
-Өө, тэгэлгүй яахав. Уг нь, сурвалжлагад авч явдаг жижиг гар камер бий. Тэрийгээ аваад явдаг л юм. Гэхдээ тэрэнтэй явахаар ад үзэгдээд болохгүй ээ. Асахаараа трактор шиг дуугарна. Видео камераар бичиж байгаа хүмүүс муухай хараад л ёстой хэцүү. Засгийн газрын хуралдааныг бичиж байхад гишүүдийг эргэж хартал дуугардаг.
-Хальсны камераар зураг авахад гэрлийн тусгалаас эхлээд асуудал их байх, тийм ээ?
-Төрийн ордонд бол хэцүү. Гэрэл нэмж асаахаар видео камераар авч байгаа дүрс шарлаад байдаг юм. Хальсны аппарат гэрэлгүй бол харлаад байдаг. Ойроос авах юм бол гайгүй. Манайх угаасаа л төрийн мэдлийнх учраас хурлын зааланд орж зураг авдаг эрхийг нь өгвөл болохгүй юмгүй.
-Та дээр Монголд хийж буй дэлхийн улс гүрний удирдагчдын айлчлалын зургийг авдаг гэсэн шүү дээ. Монголынхоо төрийн тэргүүний гадаадад хийж буй айлчлалын зургийг яахав?
-2000 оноос хойш гадаад руу явж зураг аваагүй ээ. Нөгөө төсөв маань арай ядан хальсандаа хүрч байхад би ямар зардлаар гадаад явах вэ дээ. Уг нь олимп, Ерөнхийлөгчийн гадаадад хийсэн айлчлал гээд л баримтжуулах шаардлагатай үйл явдал олон байдаг. Өмнө нь олон орноор явж баримтат кино хийж байсан. 1990 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очирбат М.Горбачёвтай уулзахад ч нөгөө муу камераа бариад тачигнуулж л явлаа. Бас анхны Ерөнхийлөгч П.Очирбат Солонгост айлчлахад хамт явж л байсан. Том, жижиг камераа авч явсан л даа тэгэхэд. Тэгээд нөгөө төрийн том уулзалт дээр чинь дуутай камераа ажиллуулж байгаад араасаа өшиглүүлж байлаа. Бусад камерын бичлэгт тачигнасан дуу нь ороод байхгүй юу. Сандраад хамаг хөлс цутгаад л залуу ч байсан жигтэйхэн ичдэг байж билээ.
-Хальсны камераар зураг авахаар ямар дүрс авснаа шалгах боломжгүй биз дээ?
-Тэгэлгүй яахав. Үргэлж л догдлоно шүү дээ. За яасан бол гээд л. Тэгээд лаборатортоо ирээд хальсаа боловсруулж хараад сая нэг санаа амарна. Чи бод доо. Хаа хол Баян-Өлгий аймаг руу явж зураг аваад иртэл дүрсгүй хав хар юм гараад ирвэл хэцүү биз дээ.
-Хальс, тоног төхөөрөмжөө сайжруулахаар төр, засагт хандаагүй хэрэг үү. Хандаад таатай мэдээ авдаггүй юм уу?
-Гурав, дөрвөн жилийн өмнө манайх Засгийн газарт тоног төхөөрөмжөө сайжруулж, шинэчлэх гэж тухайн үеийнхээ ханшаар гурван сая орчим ам.долларын төсөл өргөн барьсан. Гэсэн ч эдийн засгийн хямралтай байна гээд шийдэж өгөөгүй.

-Архив шинэчлэгдэж байгаа. Нэг хэсэг орон байрнаас эхлээд бөөн зовлонтой байсан. Харин азаар энэ асуудал шийдэгдсэн.
-Та кино урлагтай холбогдоод…?
-Ах нь одоо 60 гарсан. 1968 онд оюутан байхдаа “Монгол кино нэгтгэл”-д хальс угаагчаар ажилд орж байлаа. Нэгдүгээр монтаж гэж байдаг юм. Зургийн хоёр хальсыг сахлын хутгаар хусч нимгэлж байгаад азтоноор хооронд нь наадаг. Өдий олон жил ажиллахдаа тэрийг л хийж сураагүй. Түүнээс энэ лаборатортоо угаагчаас эхлээд дарга хүртэлх бүх ажлыг нь хийсэн дээ.
-“Монгол кино нэгтгэл”-д танаас өөр оператор бий юү?
-Бий. Надаас гадна нэг залуу оператор байгаа. Ээлжлээд л камераа үүрээд гардаг юм.
-Баримтат киноны зурганд ер нь хэдэн хүний бүрэлдэхүүн явдаг юм бэ?
-Туслах, дууны найруулагч, оператор, гэрэлтүүлэгч явна.
-Найруулагч гэж байдаггүй юм уу?
-Бий. Гэхдээ ах нь олон жил өөрөө найруулж, зургаа авч байна.
-Та одоо 60 настай гэхээр тэтгэвэрт гарах дөхжээ. Таны ажлыг аваад үлдэх хүнээ бэлтгэчихсэн үү?
-Ах нь, КУДС-д зураглаачийн ур чадварын хичээл заадаг юм. Одоо үеийн залуус чинь ийм хүнд камер бариад зураг аваад явна гэхээр халшраад видео руугаа зүтгээд байх юм байна шүү дээ. Ганц хоёр хүн сургаж авах гээд үзсэн чинь сүүлдээ зугтаад яваад өгсөн.
-Таныг баримтат киноноос гадна хэд хэдэн уран сайхны кинонд ажиллаж байсан гэж сонссон?
-Дээхнэ үед “Эргүнэ Хунгийн домог” гээд кино хийж байсан. Тэрийгээ Монголд удаан гаргалгүй Буриадад зарчихсан юм. “Хуучин сүмийн нууц” гээд уран сайхны кино хийсэн. 2008 онд “Дурлалын ангууч”, 2009 онд “Чонын дурлал” гээд кинонууд хийж байсан. Ер нь, ажиглаж байхад уран сайхны киноноос баримтат кино хийх нь хэцүү. Эхнээс нь дуустал ажиглаж байхдаа бүтэн цагийн үйл явдлыг хоёрхон минутад багтааж бичнэ гэдэг амар ажил биш.