Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ЭНХБАТ: ТВ9 ТЕЛЕВИЗ БОЛ МОНГОЛЫН “БАРСЕЛОНА” ЮМ


Энэ удаагийн зочноор ТВ9 телевизийн захирал Ц.Энхбатыг урьж, ярилцлаа.

 ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН БҮРДҮҮЛСЭН НЬ ХАМГИЙН ТОМ АМЖИЛТ

-ТВ9 телевиз есөн нас хүрчээ. Энэ телевизтэй ажил, амьдралаа холбосон тэр үеэс хоёулаа ярилцлагаа эхлэе?

-МҮОНТ-ийн даргаар дөрвөн жил ажиллаж байтал улс төрийн шийдвэрээр дараагийн даргыг томилсны маргааш надад ТВ9 телевизийг авч яваач гэсэн санал ирсэн. Ингээд л ТВ9 телевизийн удирдлагаар ажиллаад найман жил болж байна. Тухайн үед телевиз маань 60-70 ажилтантай, хэвлэлийн зах зээлд дөнгөж хөл тавьж байсан. МҮОНТ, 25 дугаар суваг, UBS, ТВ5-ын дараа ТВ9 Монголын тав дахь телевиз болж байгуулагдсан.

-Удирдлагаар нь ирэхэд телевиз ямархуу байсан бэ. Ямар бодлого, зарчим баримталж ажилласан бэ?

-Телевиз бол олон жилийн хөдөлмөрийн үр дүнд тогтдог. Санхүүгийн хувьд хүнд, бүх зүйл эхлэлийн чанартай байлаа. Одоогийнхтой харьцуулахад мэдээж өөр. Телевизийн байдалд дүгнэлт хийсэн. Санхүүжилтээ сайжруулах, бие даахад чиглүүлэх, нийтлэл нэвтрүүлгээ шинэчлэх, баг хамт олны хүчийг зөв хуваарилах, телевизийн бодлогыг хараат бус, бие даасан болгох чиглэлийг юуны өмнө баримталсан.

-Олон жил хамтдаа байсан телевизийнхээ баг хамт олноо дүгнэж хэлэх зүйл их бий байх?

-Өнгөрсөн хугацаанд залуу, чадварлаг, маш сайн багийг бүрдүүлж чадсан нь том амжилт. Манай телевиз өнөөдөр хүчтэй, нөлөөтэй байж, үзэгчдийг өөртөө татаж байгаагийн гол онцлог бол чадварлаг баг бүрдсэнд байгаа. Бие биеэ маш сайн ойлгодог. Харцаараа л ойлголцдог нь бидний давуу тал. Тиймээс телевизийнхээ хамт олныг Испанийн “Барселона” хөл бөмбөгийн багтай зүйрлэнэ. Энэ баг сүүлийн жилүүдэд маш олон цом авч байгаа. Маш чадварлаг, үр дүнтэй сайхан тоглолт үзүүлдэг. Телевизийн уран бүтээлчдийн нэг хэсэг нь далд фронтод ажилладаг бол нөгөө хэсэг нь олны өмнө телевизийнхээ нүүр царай болдог. Тухайлбал, “Барселона”-гийн довтлогч үр дүнтэй сайн гоол хийдэгтэй адилхан манай телевизийн мэдээний алба маш сайн ажилладаг.

-Тэгвэл таныг “Барсело­на”-гийн дасгалжуулагчтай зүйрлэж болох нь ээ?

-Би өөрийгөө “Барселона” клу­бын дасгалжуулагч гэж бод­дог шүү дээ. /инээв/. Дас­галжуулагч бол том хүн шүү дээ. Сайн баг бүрдүүлэх, үр дүнтэй тог­лолт хийх бүх тактикийг боловс­руулдаг. Тэрэнтэй адил­хан би ТВ9 телевизэд маш сайн баг бүрдүүлж чадсан. Ер нь, өөрийгөө сайн менежер гээд хэлчихвэл яадаг юм бол.

-Танайхтай өрсөлдөгч олон телевиз гарч ирлээ. Техник технологийн хувьд тэдний хаана нь явна вэ?

-Телевизийн гол амжилт бол ямар баг ажиллахаас хамаардаг. Ямар тоног төхөөрөмж байх вэ гэдэг нь хоёрдугаар асуудал. Мөн­гө байвал ямар ч тоног төхөө­рөмжийг хэзээ ч авч болно. Тех­ник технологийн хувьд ма­найх Монголын теле­визүүдийн дунд тэргүүлэгчдийн дунд нь яваа. Хүн амын хувьд ч МҮОНТ, UBS-ийн дараа ордог “том гү­рэн”. Аливаа тоо сүүлдээ чанар руу шилжинэ. 

-Танай “том гүрэн”-ий хүн ам яг хэд юм бэ?

-Нийтдээ 150 уран бүтээлч нэг баг болон ажиллаж байна.

-Телевизийнхээ нүүр царай болсон хөтлөгч, нэвтрүүлэгчийнхээ хувцас, гоо сайханд хэр ан­хаардаг вэ?

-Энэ асуудлаа Монголынхоо бу­сад телевизийн жишгээр шийд­­вэрлэдэг. Ер нь, теле­ви­зийн нүүр царай болсон хүмүүстээ телевизийн зүгээс хувцаслалтад нь шаардлагатай зүйлийг шийдвэрлэж өгдөг. Мэдээж, нүүр царай, үс за­салтад нь анхаарна. Манай теле­визэд одоохондоо нүүр будалт хийдэг орон тооны гоо сайханч байхгүй ч энэ бүхнээ ажил­чид маань өөрсдөө зохи­цуулдаг.

-Хэвлэл мэдээллийн хэ­­рэг­­­сэл олон болсон учир мэр­­­гэжлийн ажилтнууд шил­­­жих нь ихэсчээ. Танай те­­­ле­визийн хувьд боловсон хүчнийхээ тогтвортой бай­далд анхаардаг нууцаас дурдвал?

-Байгууллагын до­тоод уур амьсгал хамгийн чу­хал. Хоёр­дугаарт, манай теле­ви­зийн уран бүтээлчдийн цалин бусад телевизийнхээс өндөрт тооцогддог. Нэг үгээр хэлбэл, манай телевизийн дотоодын ажиллах нөхцөл, хамт олны уур амьсгал, ца­лингийн төвшин зэрэг нь ма­най уран бүтээлчдийг шил­жихээс сэргийлж чаддаг гэж хэлж болно. Зарим нь өөр телевиз рүү явах нь бий. Манайд ажиллаж байсан сэтгүүлч, сурвалжлагч албан тушаал дэвших тохиолдолд хориглодоггүй. Өөр телевизийн захирал, мэдээний албаны даргаар очсон тохиолдол цөөнгүй. Энэ бол ТВ9 телевиз улам өргөжиж, ажиллаж буй хүмүүсийн туршлага зузаарч, чадварлаг болсны шинж. Манайхаас шилжсэн хүмүүс бусад телевизийн удирдах албан тушаалд очдог.

-Сэтгүүлч, сурвалжлагчаа албан тушаал дэвших гэж байгаа бол хориглодоггүй гэлээ. Тэгэхээр дургүйцэх тохиолдол бас байх нь ээ?

-Дээхнэ үеэс л хүнийг албан тушаалд дэвших, га­даад, дотоодод явах гэж байгаа бол дэмжих ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилж ирсэн шүү дээ. Хүн албан тушаал дэвшиж, сонирхлоороо юм хийе, оролдоё гэж байгаа бол дэмжих ёстой гэж бод­дог. Телевизээс телевиз рүү шил­жиж ажиллаж бай­гааг үгүйс­гэдэггүй. Харин теле­ви­зийн салбараас өөр, төрийн бай­гууллага, Засгийн газрын хэв­лэл мэдээллийн алба гэх мэтэд очихыг би дэмждэггүй юм.

-Яагаад?

-Сэтгүүлчдийн хувьд ухралт хийж байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч хүн 10 давхар байшин барина гэж бодоход, сэтгүүлчийнхээ ажлыг хийж байгаад төр засгийн хэвлэлийн албанд орсон тохиолдолд тэр барих ёстой байшингаа дутуу орхиж байна. Хоёр юм уу, гуравдугаар давхар хүртэл нь бариад хаялаа гэсэн үг.  Нэг телевизээс нөгөө телевиз рүү явсан тохиолдолд хамгийн гол нь, бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэн хийнэ шүү дээ.

-Телевизийн хөтлөгч, сэтгүүлчдийг монгол хэлний үгийн баялаг муутай гэх нь бий. Ажилтнуудынхаа бо­ловсролд хэр анхаардаг вэ?

-Сэтгүүлчидтэйгээ тулж ажилладаг. Хийсэн нэвт­рүүлгийг нь үзнэ. Үг хэллэгт нь анхаарна. Зааж зөвлөнө. Үе үе сургалт хийнэ. Ажлын хэл­бэрээр өдөр болгон уран бүтээлчдэдээ сургалт явуул­­на. Өдөр тутмын со­нинууд өглөө бүр шуурхай хурал хийдэгтэй л адил. Шуурхай бол сургалт. Тухайн сэтгүүлч, сурвалжлагчийнхаа алдаа, оноог нь хэлдэг шүү дээ. Телевизийн хувьд өдөр тутам орчинд нь сургалт явуулдаг учир ажилчид ч тогтвортой оролцдог. Ингэснээс манай сэтгүүлчид өөртөө их итгэлтэй болж байгаа. Өөртөө итгэлтэй болж байна гэдэг чинь чадвартай болж байна гэсэн үг. Өөрийнхөө ажлыг мэддэг болжээ гэсэн үг.

-Телевизүүдийг гадаа­дын зарим нэвтрүүлгийг хуулбарладаг гэж үзэгчид их шүүмжилдэг. Танай теле­визийн л гэхэд “Зүүд л биш байгаа даа” нэвтрүүлгийг нэрлэх нь бий?

-Ер нь, хуулбарлах гэдэг асууд­лыг яаж харахаас ха­маарна. Дэлхий нийтийн жиш­гээр бол гадаадад нэг улсад хийж буй сайн нэвтрүүлгийг нөгөө улсын уран бүтээлчид эрхийг нь авч хийдэг. Манай телевизийн “Зүүд биш байгаа даа” нэвтрүүлгийн хувьд хуул­барласан зүйл бага гэж бод­дог. Энэ нэвтрүүлгийг  Мон­голынхоо зарим иргэнд тус­лах, хүсэл мөрөөдлийг нь биелүүлж, байшин барьж өгөх зорилгоор хийж эхэлснээс хойш гурван жил өнгөрсөн байна.  Үүндээ зарим компани, аж ахуйн нэгжийг татан оролцуулдаг. Арилжааны телевизүүд мөн­гө олохоо өмнөө тавих нь бий. Тэгвэл ТВ9 телевиз мөнгө зарцуулж, нийгэмд тустай үйл ажиллагаа зохион байгуулдаг. Гадаадынхнаас хуулбарласан юм байхгүй.
 

СЭТГҮҮЛЧИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ОЛОН НИЙТ ҮНЭЛДЭГ

-Хэвлэл мэдээллийн сал­­­барыг улс төр, биз­не­сийнх­нээс хараат ажил­­­­ла­даг. Зарим томоо­хон ком­паниуд со­нин, телевиз­тэй хамтарч ажиллах гэрээ бай­гуулахдаа “Ма­най ком­панийг ямар нэг байд­лаар муу­лахгүй. Дандаа эерэг талын мэдээлэл гаргана” гэх мэт заалт оруулдаг гэ­сэн асуудал ч байнга сөхөгддөг. Тухайлбал, танай телевизтэй ийм гэрээ хийсэн компани байгаа юу?

-Манай телевиз бодит үнэ­нийг бодитоор мэдээлнэ гэсэн зарчимтай. Энэ зарчмаа хатуу баримталдаг. Тиймээс манай телевизэд “Шударга үнэний дуу хоолой”  гэсэн цолыг үзэгч олон өгсөн. Манай хамт олон шударга бус зүйлийн тухай дуугүй өнгөрөх ёсгүй. Бид гэрээндээ танай байгууллагыг дэмжлээ ч гэсэн улс орны эрх ашигт харшилсан, ард түмний эрх ашигт нийцэхгүй үйлдэл байвал ил тод мэдээлнэ гэдгээ тусгадаг.

-Сэтгүүлч шударга үнэ­ний дуу хоолой болж явахдаа ямар нэг халдлагад өртөх тохиолдол гардаг. “Детек­тив” нэвтрүүлэг бэлт­гэснээс сэтгүүлч Биндэръяа төдийгүй та хүртэл цаг­даа­гийн байгууллагад дуу­дагдсан. Ер нь, олон нийтийн эрх ашгийн төлөө эр зориг гаргасан сэтгүүлчийн хө­дөл­мөрийг яаж үнэлдэг вэ?

-“Детектив” нэвтрүүлэг манайд байдаг нэвтрүүлгийн нэг. Нэвтрүүлгийн хувьд сонин, сайтаар олон удаа гарсан баримт, мэдээллийг телевизийн хэлбэрт оруулсан. Хөтлөгчөөр нь Биндэръяа ажилласан. Уг нь, гайхаж, буруутгаад байх юмгүй. Цагдаагийнханд уулзахдаа хэлсэн. Олонд ил болсон баримт мэдээллээр яаж нэвтрүүлэг хийх нь телевизийн уран бүтээлчдийн асуудал гэж. Мөрдөн байцаагчийн ажлыг бид заадаггүй шүү дээ. Мэдээж, байгууллагын зүгээс бид хү­нээ хамгаална. Сэтгүүлчдээ өм­гөөлөгч авч өгч, хамгаалтад ав­сан. Зохих мэргэжлийн бай­гуул­лагад ч хандсан. Харин сэт­гүүлчийн хөдөлмөрийг бай­гууллагын дарга үнэлэхээс илүү олон нийт үнэлж дүгнэ­дэг. Тэр нэвтрүүлгийг хийснээр Биндэръяа олон үзэгчээс иргэ­ний зоригтой дуу хоолой болж чадсан гэсэн үнэлгээ ав­сан. Сэтгүүлч олон нийтийн тө­лөө ажилладаг учир тэр зү­гээс л үнэлгээ авдаг. Бин­дэръяа одоо “Эх орон” теле­ви­зийн мэ­дээний албаны дар­гаар ажиллаж байгаа. Энэ хүн ир­гэний дуу хоолой болж чад­на гэж тус телевизийн удирдлагууд үнэлж, мэдээний албаны даргаар тавьж байна л гэж би ойлгож байна.

-Хэвлэлийнхнийг хууль хяналтын байгууллагаар да­лайлгаж, эрхшээлдээ байл­гах гэсэн жишиг тогтсон гэхэд болно. Сэтгүүл зүйн салбар улс төр, бизнесийнхэнтэй хэт хутгалдсанаас ийм бай­дал үүсээд байна уу. Сэтгүүл зүйн салбарт олон жил ажил­ласан хүний хувьд үүнийг юу гэж ойлгодог вэ?

-Бидний хийж буй ажилд төрийн оролцоотойгоор саад хийх гэж байгаа бол энэ маш хортой. Хэвлэл мэдээллийн байгууллагын тэвчиж болох­гүй зүйл. Тийм учраас сэтгүүлч­дийн байгууллага хэвлэл мэдээллийн олон байгуул­лагатай хамтран дуу хоолойгоо нэгтгэсэн. Сэтгүүлчдийн хийж буй ажлыг төрийн зүгээс боомилж, хаагаад, хавчаад эхэлбэл, бидний ололт амжилт ухарна. Ардчиллын үндсэн гур­ван тулгуурын нэг нь хү­ний эрх, эрх чөлөө. Хүний эрх хаана байдаг вэ гэхээр үг хэлэх, хэвлэн нийтлэх эр­хэд тулгуурладаг. Хүний үгийг хэлүүлэхгүй, санаа бод­лыг нь илэрхийлэхэд саад хийвэл нийгэм тэр чигээрээ ялзарна. Энэ жишгийг халах шаардлагатай.

-Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж Хэвлэлийн эрх чө­лөө­­­ний тухай хуулийн тө­­­сөл өргөн барьсан. Та энэ хуулийн төслийг са­наач­лагчдын нэг. Хуулийг баталбал хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдал яаж өөрчлөгдөх бол?

-Ерөнхийлөгчийн санаа­чил­сан Хэвлэлийн эрх чөлөө­ний тухай хуулийн төслийг дэм­жиж байгаа. Энэ төсөл хү­ний эрхийг хамгаалах, Мон­голд чөлөөт, хараат бус хэвлэлийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ. Сэтгүүлчдийн ажиллах орчныг баталгаажуулж, эр­хийг нь хамгаалдаг гэх мэт олон давуу талтай хуулийн тө­сөл. Энэ хуулийг батлах ёстой. Тэгвэл Монголд эрүүл саруул нийгмийг хөгжүүлэхэд маш дөхөм болно. Хэвлэл мэдээллийг хаах, сэтгүүлчдийн үйл ажиллагааг боомилох юм бол нийгэм тэр чигтээ ялзар­на. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч хэчнээн хүчтэй, хараат бус байна, ний­гэм төдий чинээ  хурдан эрүүлжинэ. Өнөөдрийн яриад байгаа олигархийн, дарга нар дарга нартаа үйлчилдэг систем үгүй болно. Дарга нар нь олон нийтэд үйлчилдэг болно. Энэ механизмыг ажиллуулахад хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг нөлөө их. Өөрөөр хэлбэл, хэвлэлийнхэн энэ хүмүүсийг алхам тутамд нь дагаж, хянана. Хэв­лэлийнхнээр дамжуулж ард түмэн тэднийг, дарга на­рыг хянадаг болно. Тиймээс Ерөн­­хийлөгчийн санаачилсан хуу­­­лийг батална гэдэгт итгэж байна.

-Монголд хэт олон со­нин, сэтгүүл, телевиз, фм ра­дио бий болсон. Мөн­гөтэй бол­гон нь өөрийн гэсэн хэв­лэл мэдээллийн хэрэг­сэлтэй болохыг эрмэлзэж бай­на. Гэтэл хэзээ нэгэн цагт тоо цөөрнө, олонхи нь дампуурна гэх юм.  Таны харж байгаагаар цаашдаа яах бол?

-Зарим хүн хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслийн тоог хяз­гаар­лаж, хумих ёстой гэж ярьдаг л даа. Өмнө нь, бай­гуулагдсан телевизүүд сайн ажиллахгүй байж шинээр телевиз байгуулахыг хориглож болохгүй. Энэ нь шударга биш. Телевиз техник, технологийн хувьд тоон системд шилжихэд одоо байгаагаас илүү тоо нь өргөжинө. Цаашид онлайн радио, телевиз гарч эхэлнэ. Би ч гэсэн анх хэвлэл мэдээллийн хэрэгсэл ингэж олшрох нь дэмий юм даа гэж боддог л байлаа. Бидний реклам зар сурталчилгаанаас олох орлого хуваагдана. Ашиггүй. Зах зээл бага гэж.  Харин одоо бол тийм биш. Өрсөлдөөний зарчмаар хэн чадварлаг баг бүрдүүлж чадсан нь шинэ зах зээлд хөл дээрээ босч, хэн зөв бодлого баримталсан нь томорно гэж боддог.

-Уг нь, өрсөлдөөний зарч­маар бол тухайн теле­визүүдийн нийтлэл нэвт­рүүлгийн чанар сайжирч, тэр хэрээр үзэгчдийг татах учиртай. Гэтэл тийм биш байна. Үзэгчдэд хүргэж буй мэдээнийх текст нь хүртэл яг адилхан гэх мэтээр шүүмжлэх нь бий.

-Шүүмжилж болно. Хэв­лэл мэдээллийн хэрэгсэл олон байх нь үзэгчийн хувьд асуудал биш. Харин ч олон эх сурвалжаас мэдээлэл авч байвал сайн. Яг адилхан мэдээлэл өгч байгаа нь ч утга учиртай биш. Олон эх сурвалжаас мэдээлэл аваад үзэгч өөрөө дүн шинжилгээ хийх ёстой. Аль телевизийн мэдээний хөтөлбөрийг үзэх нь тэдний эрх. Мэдээж, өндөр шаардлага,  босготой үзэгч байдаг. Тэдэнд тухайн мэдээлэл, сэтгүүлч гологдож болно үүнийг ч үгүйсгэхгүй. Тиймээс тэр хүн тэр телевизийг үзэхгүй. Өөрийг сонгоно. Энэ бол байдаг л зүйл.

 
ЭЗДЭЭС ХАЯАГАА МАНАХ НЬ АМАР АЖИЛ БИШ

-Танай телевиз хараат бусаар ажиллаж чадаж байна уу?

-Хараат бусаар ажиллаж чадаж байгаа. Хүмүүс анзаарсан болов уу, сүүлийн дөрвөн жилд их хүнд нөхцөлд ажиллалаа. Хоёр том нам нэгдчихсэн. ТВ9 телевиз дангаараа Оюу толгойн гэрээ­ний асуудлыг сөхөж тавьж, төр засгийн буруу шийдвэрийн эсрэг дуугарч, хаана л ард түмний амьдралд болох, болохгүй юм байна тэрийг олон нийтэд хүргэнэ. Нэг талаар дэндүү хар зүйл гаргаж байна гэж харагдсан байх. Төр засгийн гаргасан шийдвэр зөв бол ард түмний амьдрал сайжрах байлаа. Өнгөрсөн дөрвөн жилд иргэдийн амьд­рал дээшлээгүйгээр барахгүй ирээдүйдээ итгэх итгэл буурсан. Эрх баригчдын хууль бус үйл ажиллагааг сөрж ТВ9 телевиз дангаараа шахуу шударга үнэний дуу хоолой болсон. Тэгээд ч сонгуулиар ард олон дүнгээ тавьсан.

-Зарим хүн танай телев­изийн хараат бусаар ажиллаж, ард түмний дуу хоолой болж чаддаг гэж дүгнэж байхад, зарим нь эсрэг бодолтой байгаа байх. Жишээлбэл, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тухай мэдээлэл авахыг хүсвэл ТВ9 телевизийг үз гэсэн яриа олны дунд байдаг?

-Н.Энхбаяр даргын шүүх хурлыг гурав хоног дам­жууллаа. Үүнийг зохион бай­гуулалтайгаар гуйвуулах нь байна. Бид шүүхийн процессыг олон нийтэд хүргэхдээ байгаа зүйлийг бодитоор нь мэдээлэхийг зорьсон юм. Бид шүүх биш. Прокурор ч биш. Тэр прокурор, шүүхэд нөлөөлж чадахгүй. Хэнийг, ямар учраас шүүж байгаа юм бэ гэдгийг олон нийтэд тайлбаргүйгээр харуулсан хэрэг. Монголын түүхэнд анх удаа ТВ9 телевиз шүүх хурлыг шууд дамжууллаа. Шинэ зүйлийг анх удаа хийлээ. Энэ бас л түүх.

-Нэг үгээр хэлбэл, шүүхийг ард түмний өмнө шалгалтад оруулсан?

-Тийм ээ. Шүүх анх удаа ард түмний өмнө өөрсдийгөө харууллаа.

-ТВ9 телевизийг Ц.Энх­­­­батынх гэхээс илүү Н.Энх­баярынх гэж тодотгодог. Н.Энхбаярын телевиз гэсэн хэвшмэл ойлголт олны дунд бий. Энэ нь танд төвөгтэй биш байна уу?

-Юу үнэн бэ гэвэл Н.Энх­баяр даргын гэр бүлийн хөрөнгө оруулалттай нь үнэн. Луйврын, гадаадын хөрөнгө оруулалтаар боссон телевиз гэж ярьдаг. Юу худлаа вэ гэвэл тэр худлаа. ТВ9 телевизийг япончууд бус, тус телевизэд ажилладаг уран бүтээлчид босгосон. Яахав, нэг шашны байгууллага хоёр камер өгсөн. Би энэ талаар цагдаа, АТГ-т мэдүүлэг өгч ч байлаа. Тэр камеруудыг аваад хадгалчихсан байгаа. “Энэ төхөөрөмж танд хэрэгтэй бол аваач ээ” гэж хамбад хандсан боловч  “Авахгүй” гэсэн.

-Шүүгч Н.Энхбаярыг ял­ласан шүүхийн шийтгэх тогтоолыг танилцуулахдаа “ТВ9 телевизийн хууль бусаар олсон орлогыг хураана” гэсэн?

-Хууль бусаар олсон орлого биш хууль бусаар олсон эд зүйл гэсэн юм билээ. Миний бодлоор хууль бусаар олсон эд зүйл гэж хоёр камерыг л хэлсэн байх. Энэ бол шүүхийн шийдвэрлэх асуудал мөн. Ер нь, бид Монголынхоо уламжлал, буддын шашны тухай нэвтрүүлэг их хийдэг. Үндэсний бөх, хурдан морины уралдааныг үзэгч олонд шууд дамжуулж хүргэдэг. Энэ бол ТВ9 телевизийн онцлог. Зөвхөн бурхны шашны тухай л гэхэд хэдэн арван мянган цагийн нэвтрүүлэг явуулсан. Бидний юу хийсэн тухай ерөөсөө ярихгүй, харин юу авсан тухай л ярьж байгаа нь дэндүү өрөөсгөл.

-Прокурор телевизийг Гандантэгчинлэн хийдэд шилжүүлэх тухай санал ч гаргасан шүү дээ?

- Телевиз гэдгийг хоёр камераар төсөөлж болохгүй. Мэдээж, телевиз зөвшөөрөл авна. Долгионы зөвшөөрөл, техникийн гэх мэтээр давхар олон зөвшөөрөл авдаг. Эфирээ бэлтгэнэ. Программаа зохионо. Хүмүүсээ ажиллуулна. Хөрөнгөө олно. Олон нийтэд нэвтрүүлгээ хүргэнэ. Тэгээд ч телевиз бол уран бүтээлчдийн  хөдөлмөрөөр босдог.

-Хөрөнгө оруулсан гэд­­гээрээ Н.Энхбаярын гэр бүлийнхэн ямар нэг байд­­­­­лаар телевизийн нэвт­­рүүлгийн бодлого, ажилд оролцдог уу?

-Өнгөрсөн хугацаанд оролцож байгаагүй. Харин сүүлийн үед Н.Энхбаяр дарга улс төрийн нам байгуулснаар сонгуулийн үед тодорхой хэмжээгээр оролцоо байсан. Гэхдээ телевизийн даргын хувьд телевизээ намаас нь аль болох ангид байлгахын тулд их ажилласан. Өнгөрсөн сонгуулиар хамгийн тэнц­вэртэй ажилласан теле­виз бол манайх. МАН, АН, ИЗНН, Эх орончдын нам гээд улс төрийн бүх нам, бие даагчидтай гэрээтэй ажилласан. Гэрээндээ тусгасан бүх зүйлээ мөрдсөн. Улс төрийн намуудын ихэнх нь манай телевизтэй гэрээ байгуулахаар хандсан л даа. Ийм шаардлага байна уу гэдэгт бид судалгаа хийсэн. Монголд гурван хүний нэг нь ТВ9 телевизийг үзэж байгаа. Өдөр болгон Монголын нэг сая үзэгч манай телевизийг үзэж байна. Энэ бол чамлахаар тоо биш. Манай телевизийн үзэгчийн тоонд татагдаж, нэг сая үзэгч­тэй телевизийг тойрох улс төрийн хүчин гарахгүй нь ойлгомжтой.   

-Сүүлийн үед “Н.Энх­бая­­рын эхнэр О.Цолмон нөх­­рийнхөө ажлыг үр­гэлжлүүлж, ТВ9 телевизийн захирал Ц.Энхбатын аж­лаас нь чөлөөллөө” гэсэн мэдээлэл түгэх боллоо. Ер нь, О.Цолмон телевизийн редакцад ирж суучихаад зааварчилгаа өгдөг гэх мэт яриа ч бий?

-Энэ бол ор үндэслэлгүй мэдээлэл. Би удирдлагынхаа ажлыг хийгээд өрөөндөө сууж л байгаа биз дээ. Одоохондоо намайг өөрчлөөгүй байна. О.Цолмон бидний ажлыг удирдсан зүйл ч байхгүй. Ямар санаатай ийм худал мэдээлэл түгээснийг мэдэхгүй юм. Зарим сайт ингэж бодитой биш мэдээлэл түгээхийн оронд ирж лавлаж болно доо.

-Ийм маягаар хэвлэл мэ­дээл­лийн хэрэгслийн эз­ний асуудал гарч ир­дэг.  Хэвлэлийн салбарт тулгар­даг гол бэрхшээл эздийн асуудал болсныг ч олон хүн хэлдэг. Үүнийг яаж шийд­вэрлэх ёстой вэ?

-Шийдвэрлэх ёстой асуудлын нэг яах аргагүй мөн. Эздийн асуудлын тухай Ерөнхийлөгчийн өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг зохицуулах гэсэн хэсэгт тусгасан байгаа. Энэ чухал хууль батлагдахгүй удаж байна. Хэн нэг хөрөнгөтэй хүн хэвлэл мэдээллийн байгууллага үүсгэн байгуулж болно. Гэхдээ өөрийн зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагыг ашиглаж, нөлөөлж болохгүй. Өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр даргыг баривчилж, саатуулахад гэр бүлийнх нь зүгээс энэ тухай мэдээлэхийг хүссэн. Болсон үйл явдлыг цаг тухайд нь, үнэн бодитоор мэдээлнэ. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, ТВ9 телевиз та нарын хөрөнгө оруулалттай болохоос танай гэр бүлийн өмч биш. Өмчлөлийн хувьд Монголын ард түмнийх. Хөрөнгө оруулсан гээд өмчлөлийн хувьд та нарынх болохгүй. Бид олон түмэнд үйлчилнэ гэж гэр бүлийнхэнд нь ойлгуулсан. Мэдээж, ойлгохгүй байх зүйл гардаг. Байдал хурцдах үед ийм асуудал илэрдэг юм. Үүнийг яаж зохицуулах нь телевизийн удирдлагын асуудал. Эздээс хаяагаа манах нь удирдлагын хийх ажил. Үүнийг хийх амар биш. Эзэд ойлгох, ойлгохгүй, зөвшөөрөх, зөвшөөрөхгүй асуудал гарна.

-Та Н.Энхбаяртай  хэр дотно найз вэ?

-Москвад нэг сургуульд сурч байхаас бие биеэ мэднэ. Дараа нь Зохиолчдын хороонд хамт ажиллаж байсан. Хэв­лэ­лийн хүрээлэн­гийн анх­ны захирлаар ажил­лаж бай­хад Н.Энхбаяр дарга тус байгууллагын анхны Удирдах зөвлөлийн дарга байсан. МҮОНТ-д на­майг Н.Энх­баяр дарга ажилд оруулж өг­сөн гэсэн яриа гарсан удаа ч бий. Н.Энхбаяр дарга биш Б.Ганболд дарга авч ажил­луулсан. Тэгээд ТВ9 телевизэд хамт ажиллах хувь заяатай байсан юм уу гэж боддог. Бид хоёрт адил юм бий. Хаана ч очсон бүтээсэн, босгосон. Магадгүй, энэ нь бидний төгссөн сургууль, ажлын гараагаа эхэлсэн Зохиолчдын хороотой холбоотой байх гэж боддог. Улс төрийн зорилгоор нэгдсэн хүмүүс биш шүү.


БИ Л.ГҮНДАЛАЙГ ЭРҮҮГИЙН ХЭРГЭЭС МУЛТАЛСАН

-Таныг МҮОНТ-ийн дарга байх үед 2004 оны сонгуулийн дараа АН-ынхан телевиз рүү дайрч, үймээн дэгдээсэн дээ. Тэд МҮОНТ тухайн үеийн эрх баригч МАХН-ын эрхшээлд байж, тэдэнд үйлчиллээ гэж бухимдсан. Найман жилийн өмнө болсон эл үйл явдалд ямар дүгнэлт хийж явдагийг тань сонирхмоор байна?

-Сонгууль болоод дууссан үе. Улс төрийн сонгуулийн дүн таалагдаагүй тохиолдолд бухимдах асуудал гардаг. АН-ынхан телевиз рүү дайрч, үймээн үүсгэсэн тэр үйл явдал бол 2008 оны долдугаар сарын 1-ний эхлэл байсан гэж боддог. 2008 оны сонгуулийн дараа жагсагчидтай тухайн үеийн МАХН-ын удирдлагууд гарч уулзаад, тэдний санал бодлыг сонссон бол таван хүний амь хохирохгүй байсан. Хэрэв би МҮОНТ-д байхдаа тэдэнтэй уулзахгүй зугтчихсан бол ямар зүйл болохыг мэдэхгүй. Хамгийн гол нь, уулзаж, учир зүйгээ олох нь чухал.

-Тэгэхэд жагсагчид­тай яаж эв зүйгээ олъё гэж бодож байв. Таныг маш тайван байсан гэх юм билээ?

-Жаг­сагчид телевиз рүү ирж байна гэдгийг Б.Ган­болд даргаас дуулсан. Ха­­руулын ажилтандаа “УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүс ирж байгаа. Тэднийг л оруулаарай” гэж хэлсэн. Харуулын ажилтан маань буруу ойлгосон уу, тэр хүмүүс хүч түрсэн үү, телевизийн нэг, хоёрдугаар давхар жагсагчдаар дүүрсэн байсан. Тэднийг тосч би ганцаараа уулзсан. Ийм зүйл анх удаа болсон учраас олон нийт ч цочирдсон байх. Би хувьдаа яаж эв зүйг нь олох вэ. Яаж энэ үймээнийг намжаах ёстой вэ. Хэрхэн хэл амаа ололцож, хурц байдал үүсгэхгүй байх вэ гэж маш их бодсон. Тэдэнтэй эвээр ярилцахыг оролдсон. Тэрнийхээ ч үр дүнд хүрсэн. Өдөр эхэлсэн үйл явдал орой 22:00 цагт дууссан шүү дээ. Бүтэн 10 цаг телевиз дээр үймээн бужигнаантай байсан. Би АН-ынхныг бүгдийг нь мэднэ. Тэд ч намайг мэд­нэ. Яахав, тухайн үед улс төрийн асуудлаар хоёр хэсэг бол­чихсон. Телевизийн дарга гэдгээр намайг эрх ба­ригч намын талд байгаа гэж үзэж байлаа. Тийм байдлаар ч хандсан. Тэгээд орой тэ­дэнд нэвтрүүлгийн цаг өгч, ярилцаад гаргасан л даа. Э.Бат-Үүл, Л.Гүндалай нарын хүмүүс байсан. Тэгээд тэдэнд “Би та нарт амлалтаа биелүүллээ. Одоо та нар амлалтаа биелүүл” гэсэн шаардлага тавьсан юм.

-Ямар амлалт билээ?

-Телевизийн нэг, хоёр давхарт цугласан жагсагчдыг гаргаж, манай байгууллагыг хэвийн ажиллах боломж ол­го гэсэн. Тэд ч хүмүүсээ гарга­­сан. Гарахдаа Э.Бат-Үүл, Л.Гүндалай хоёр “Бид буруу шийдвэр гаргалаа” гэсэн. Ямар буруу шийдвэр вэ гэсэн чинь “Бид маргааш гэрээ хэлэлцээр хийсний дараа хүмүүсээ гаргах ёстой байсан юм” гэсэн. Ийм л юм болсон. Тэгээд маргааш нь надтай ирж уулзаад асуудал намжсан даа.

-Дараа нь цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаагч ирж танаас мэдүү­лэг авсан гэдэг байх аа?

-Тэгсэн. Таны биед халдсан, хувцас хунар урсан, хүчирхийлсэн гэж цагдаагийн нэг офицер мэдүүлэг авсан. Би мэдүүлгээ өгч дуусаад “Хэн гомдол гаргасан юм бэ” гэж байцаагчаас асуусан ч хэлж өгөөгүй. Тэгвэл протокол дээ­рээ бичээрэй. Надад гом­дол байхгүй гэсэн. Улс төрийн үймээн самуун гарч байхад хүний цамц урах, цээж маажих гэх мэт байж болно. Би гомдолгүй гэсэн. Тэр үед би цоо шинэ цамц өмсөөд ажил­даа очсон. Гүндалайд заам­дуулснаас хамаг товч нь тасараад уначихсан. Тэр цамцыг одоо болтол хадгалж байгаа. Сүүлд Германы Элчин сайдын яаманд Л.Гүндалайтай уулзсан л даа. Тэгэхэд “Чамд их баярлалаа” гэж байна. “Юунд баярлав аа” гэсэн чинь Л.Гүндалай “Надад эрүү­гийн хэрэг үүсгэсэн байхад гом­долгүй гэж эрүүгийн хэргээс мулталсанд баярлалаа” гэсэн. Тэгээд Л.Гүндалай “Би чамд 10 цамц авч өгнө” гэсэн. Гэхдээ одоо болтол цамц авч өгөөгүй, амлалтаа биелүүлээгүй л байгаа. Уг нь, би Л.Гүндалайг эрүүгийн хэргээс мулталсан хүн байхгүй юу. /инээв/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан