Солонгосын реппер Пи Эс Вайн “Gangnam Style” дуу К-попыг жинхэнэ утгаар нь дэлхий нийтэд мэдрүүлж байна. Уянгын халил нь дэндсэн солонгос киноны араас хэтэрхий гэмээр стильтэй Солонгосын хамтлаг дуучид Азийн орнуудыг байлдан дагуулж, үүнийгээ К-попын давалгаа Ази тивийг нөмрөн авлаа хэмээн бахархан зарлаж байв. Гэтэл Пи Эс Вай “Gangnam Style” хэмээх ганцхан дуугаараа К-поп гэдэг чинь энэ шүү дээ гэдгийг дэлхий нийтэд харуулаад өглөө. Хошин өнгө аяс, цоглог хэмнэл, хөгжилтэй бүжгийн хөдөлгөөн, өнгөлөг хувцаслалтаараа “Ганнам Стайл” 100 гаруй сая үзэгчийг “Youtube”-д татаад байна. Энэ бол ердөө хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө гарсан шинэ дууны хувьд маш том амжилт. “Ганнам стайл” долдугаар сарын 15-нд анх үзэгчдийн хүртээл болсон бөгөөд эхний долоо хоногтоо л Солонгосын хит дууны жагсаалтыг тэргүүлж эхэлсэн юм. Үүгээр энэ дуу К-попоос “Youtube”-д хамгийн их үзсэн видео хэмээх рекорд тогтоогоод байна.
Түүгээр ч зогсохгүй Пи Эс Вай “Billboard Social 50” жагсаалтад долоо хоногийн дотор найман байраар үсэрч, Тэйлор Свифтийг хүртэл ардаа орхиж нэгдүгээрт бичигдлээ. Түүнээс өмнө ийм амжилтыг Жастин Бибер, Лэйди Гага, Аделе зэрэг дэлхийн хэмжээний есөн од л үзүүлж байсан юм.
Сөүлийн баячууд бас гангачуул амьдардаг Ганнам дүүргээр нэрлэсэн энэ дууны ерөнхий утга бол хэзээ даруу байх вэ, хэзээ галзуу байх вэ гэдгээ мэддэг төгс найз залуу, найз бүсгүйн тухай гэж хэлж болно. Дууны ая болон шүлгийг Пи Эс Вай өөрөө зохиосон бөгөөд найруулгыг нь түүнтэй нэгэн үе хамтран ажиллаж байсан Солонгосын алдартай продюсер Ёо Гун Хюн хийжээ.
Энэхүү клип солонгосчуудын сонирхлыг хамгийн түрүүнд татсан нэг шалтгаан нь Пи Эс Вайгаас гадна олон од клипэнд тоглосонд байгаа юм. Тухайлбал, “4 minute” хамтлагийн Хюна, хошин шогийн жүжигчин, телевизийн од Ёо Жэ Сук, мөн хошин шогийн нэртэй жүжигчин Но Хон Чол, “Big Bang” хамтлагийн гишүүн Сэюнгри, Дэесүн, “Авьяаслаг солонгосчууд” нэвтрүүлгээр танил болсон таван настай хүү Хуан Мин Вү гээд олны танил олон хүн клипэнд оролцсон юм.
“Ганнам Стайл” гарсан даруйдаа солонгосчууд дундаа хит болж, К-попын фэнүүд “Facebook”, “Twitter” зэрэг олон нийтийн сүлжээ сайтуудаар цацсанаар төдөлгүй интернэтээр дамжин дэлхий нийтэд тарсан юм. Зөвхөн олон нийтэд хүрээд зогсохгүй барууны одод ч энэ дуунд автаж байгаагаа “Twitter”-ээр жиргэцгээх болов. Дуучин Робби Уильямс, жүжигчин Саймон Пегг, рэппер Т-Пэйн нар “Энэ гайхамшигтай видеог үгээр илэрхийлэх аргагүй” гэсэн бол Бритни Спирс “Энэ дууны бүжгийг сурмаар байна. Заагаад өгөх хүн байна уу” гэсэн байх юм. Харин дуучин Кэти Перри “Туслаач, “Gangnam Style”-д бүр орчихлоо” гэсэн бол Жастин Бибер бүр гайхалтай мессэж бичсэн нь “Яаж энэ залуутай гарын үсэг зурахгүй байх билээ” хэмээн Пи Эс Вайтай хамтран уран бүтээл хийх тухайгаа цухуйлгажээ. Түүнийг ийн жиргэсэн хойш төд удалгүй Пи Эс Вай өсвөр үеийнхний шүтээн Жастин Бибертэй хамт ямар уран бүтээл хийж болох тухай ярилцахаар Лос Анжелосыг зорьсон юм. Зөвхөн энэ мэт жиргээгээр зогсохгүй дуучин Нелли Фуртадогоос эхлээд “Ганнам Стайл”-ыг дуулсан янз бүрийн хувилбарууд “Youtube”-д эх хувиасаа дутахгүй эрэлттэй видео болоод байна.
Дэлхий нийтээр ийнхүү хошууран үзэж буй клипний тухай “Billboard Magazine”, “Los Angeles Times”, “Times” бүр санхүү, эдийн засгийн “Wallstreet Journal” гээд даацтай томоохон хэвлэл, “BBC”, “CNBC”, “ABC” бүр спортын “ESPN” суваг хүртэл тусгайлан мэдээ нийтлэл хүргэж байна. Тухайлбал, “Los Angeles Times” сонинд “Gangnam Style”-ыг зогсоох аргагүй хүчээ авч байна” хэмээн бичсэн бол “Washington Post”-д “Тэнэг ч юм шиг харагдаж байсан энэ бүжиг гэнэт күүл болж хувирлаа” хэмээн Пи Эс Вайн морь унаж буй мэт бүжгийн хөдөлгөөний тухай өгүүлжээ. “Bloomberg” телевизийн мэдээний хөтлөгч Мэтт Миллер хөтөлбөрийнхөө дундуур хүртэл “Уг нь, та бүхэнд үзүүлэх нэг клип байгаа юм сан. Гэвч санхүү, эдийн засгийн мэдээн дундуур “Gangnam Style” явуулах нь зохимжгүй юм” гэж байснаа “Гэхдээ хамаагүй ээ, энэ жинхэнэ супер видео. Би гэртээ зөндөө дуурайж бүжиглэдэг юм. Энэ санхүүгийн хямралын үед ч гэсэн хүмүүс инээж наадах хэрэгтэй биз дээ” гээд үзэгчдэдээ дууны клипийг хүргэсэн байна.
Ирэх долоо хоногт “Ганнам Стайл”-ын клип дэлгэцээр цацагдсаны хоёр сарын ой болно. Гэтэл хоёр сар хүрэхгүй хугацаанд энэ клипийг 110 сая гаруй хүн үзсэнээс 47 хувь нь АНУ-аас, долоон хувь нь Их Британи, 6,8 хувь нь Канад, дөрвөн хувь нь Өмнөд Солонгос гэх мэтчилэн байна.
Өнөөдөр “Gangnam Style”-ийг өөр өөрсдийнхөөрөө элэглэн дуурайсан видеонууд бараг орон бүрт гараад байгаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромни залуу сонгогчдыг татахын тулд дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ “Ганнам Стайл” бүжиглэлээ хэмээх алдарт Жэй Леногийн хошин үзүүлбэрээс эхлээд манай “Мөрөөдлийн театр”-ын “Амьдрал өөрөө бэлэг” хэмээх шоу драмын сурталчилгаа болгож хийсэн бяцхан элэглэл гээд интернэтээр дүүрэн байна. Энэ хэрээр “Ганнам Стайл”-ын хөгжилтэй бүжиг олон нийтийн дунд хит болж, олноороо флэш моб хийх нь ч нэмэгдэж байна. Саяхан Сиднейд гэхэд ийм флэш моб болж АВС телевиз дамжуулсан юм.
“Ганнам Стайл” анх сонсогчдын хүртээл болмогцоо Солонгосын “Billboard” жагсаалтад зургаад бичигдсэн бол түүний дараах долоо хоногоос эхлэн нэг сарын турш жагсаалтыг тэргүүлсэн юм. Үүний зэрэгцээ iTunes-ийн жагсаалтыг тэргүүлсэн Солонгосын анхны дуучин болсон юм. Пи Эс Вай ийм өндөр амжилт үзүүлснээ бататгах гэж “Oppa is just my style” хэмээх эх хувилбараа бага зэрэг өөрчилж гаргасан нь эхний гурван долоо хоногтоо 25 сая үзэгчид хүрчээ. Одоо харин сэдвээ бага зэрэг өөрчилж, рэппер Пи Эс Вайн тухай товч танилцуулвал, тэрээр одоо 35 настай, эхнэр хоёр хүүхэдтэй. Хоёр охиноо төрөхөөс өмнө багагүй бужигнуулж явсан эр гэнэ. Пи Эс Вай биедээ марихуан авч явсан хэргээр 2001 онд 500 сая воны торгууль хүлээж байсан удаатай. Өмнөд Солонгосын эрчүүдийн хувьд заавал хамрагдах ёстой хоёр жилийн цэргийн албаа 2003-2005 онд бүрэн гүйцэд хаагаагүй нь илэрч, 2007-2009 онд дахиад л цэрэгт мордож байсан гэнэ. Энэ мэтчилэн 20 гаруй насандаа болчимгүй зүйл хийж явсан ч том охиноо төрөхөд гэрийн эзэн, аав хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өөрийгөө засч авсан хэмээн ярьдаг байна.
Тэрээр 2009 онд цэргээс халагдсаныхаа дараа уран бүтээлдээ шаргуу орсон ч 2000 оны эхээр гаргаж байсан амжилттай харьцуулбал өчүүхэн хэмжээнд л олон нийтэд хүрчээ. Тэрээр цэрэгт татагдахаас өмнө нэлээд амжилтанд хүрсэн цомгууд гараад байжээ. Гэхдээ түүний эхний хоёр ч цомгийг дууных нь ил задгай утга агуулгаар хүүхэд залууст муу үлгэр дуурайл үзүүлнэ гэсэн шалгаанаар худалдаалахыг хориглож байсан түүхтэй. Тэр үед Пи Эс Вайн бүжгийн хөдөлгөөн зохисгүй, хэтэрхий задгай гэсэн шүүмжлэл хүлээдэг байж. Харин 2002 онд Сөүлд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий дараа гаргасан түүний гурав дахь цомог “Champion” асар өндөр амжилт дагуулжээ. Түүнээс хойш “Ганнам Стайл”-аа гаргах хүртэл дорвитой хит дуутай болж амжаагүй ч “Сайн өдөр”, “Алтан загас” гэх мэт телевизийн хошин хөтөлбөрүүдээрээ эргээд үзэгчдийн таашаалд нийцсэн уран бүтээлч болж чаджээ. Тэрээр бас Солонгосын алдартай дуучдын цөөнгүй хит дуу зохиосны нэг нь Ли Сюн Кигийн “Яагаад гэвэл чи миний эмэгтэй” хэмээх дуу юм.
Пи Эс Вай өөрийнх нь дуугаар дэлхий нийт өвчилж байгаа тухай хэвлэлд ярихдаа “Анх барууны том одод миний тухай твиттердэж байгааг хараад бүр гайхаж хоцорсон. “Үгүй байлгүй дээ, тэд наргиж л байгаа байх” гэж дотроо бодсон. Ийм зүйл болно гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Энэ дэлхийн бүх дуучин л дуугаа Америкт хит болгохыг хүсдэг шүү дээ” хэмээн ярьжээ.