“Монгол кино” нэгтгэлийн гадаа ХIX зууны автомашины үзэсгэлэн гарч байна гэсэн мэдээллийн дагуу сонирхохоор очсон юм. Гэтэл хожимджээ. Чимээгүйхэн гаргасан автомашинаа граш руу нь ийн хурдан буцаасан учрыг нь асуувал УИХ-ын НББХ-ны дарга З.Баянсэлэнгэ, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл тэргүүтэй Их хурлын гишүүд нийслэлийн соёл урлагийн салбарын 17 байгууллагын үйл ажиллагаатай танилцана гэсэн цуу үгийн ачаар олон жил агуулахад байсан алтан үеийн киноны баатрууд гадаалсан нь энэ гэв. Хажуугаар нь харахгүй өнгөрөхийн аргагүй, харсан хүн хаана харсанаа бодохгүй байж тэсэхгүй эдгээр машиныг ганцхан өдөр грашаас сулласан нь бас цаанаа шалтгаантай юм.
“Монгол кино” нэгтгэл бол хальсаар кино зураг авдаг Монголдоо л уран бүтээлийн ганц томоохон байгууллага. Дэлхийн хэмжээний кино наадмуудад зөвхөн хальсны киног л хүлээж авдаг. Тиймээс дэлхийн стандартад нийцсэн кино бүр энэ л газрын гараас гардаг гэсэн үг. Хийсэн киноныхоо хальсыг өөрийнхөө лабораторт боловсруулдаг ч техник, тоног төхөөрөмж нь аль хэдийнэ хоцрогджээ. Одоо камерт нь тохирох хальсны олдоц муудсан, үнэд орсон гээд тоочоод байвал зовлон их. Бас нөгөө грашдаа хийчихсэн чийчануудаа бүгдийг нь явдаг болгохсон гэж хүсэвч мөнгө хөрөнгөний асуудал хана хэрэм болчихдог аж. Тиймээс төрийн түшээдийг ирэхэд нь явдаг хэдэн машинаа гаргаж анхаарлыг нь татаж, сэтгэгдэл төрүүлээд дараа нь дээрх асуудлаа хэлж дэлхийн стандартад нийцсэн кино хийхэд бидэнд туслаач хэмээн гуйх тактик боловсруулсан байж. Гэсэн ч хэн нэгэн хариуцлагагүй хүний цуу үгэнд итгээд арай л яарч хөдөлсөн бололтой.
Биднийг очиход ганцхан 5934 НАА гэсэн улсын дугаартай “шуудангийн” хэмээн нэрлэдэг байсан УАЗ 53 машин зогсоол дээр байсан юм. Хуучны машины үзэсгэлэн гарах сургаар түүнийг эзэмшигч нь унаж ирээд энд орхижээ. Хэрэв үнэ тохирвол “Монгол кино” нэгтгэлийн архивт панз үсэргэх санаатайгаар энд авч ирсэн, таван сая төгрөгөөр худалдана гэж эзэн нь дуугарсан гэдгийг сонслоо. Тэгээд “Монгол кино” нэгтэлийн архивт буй түүх өгүүлсэн зарим машины талаар ч гэсэн бага сага зүйл лавлав.
“Монгол кино” нэгтгэлийн грашид нийт 30 гаруй хуучны машин хадгалагддагаас зургаа нь хөдөлдөг гэнэ. Тэд бүгд л өөрийн гэсэн түүх агуулсан, тэр түүхээ цэнхэр дэлгэцэнд мөнхөлжээ.
1928 он. Шагж хамбын хүрээ буюу Ардын засгийн хэлээр Тайхар сумын төв. Шилэн форд хөлөглөсөн орос эмч олныг хуйлруулан ирлээ. Сумын дарга орос эмчид саймшран угтаж өөрийгөө танилцуулбал хэл нэвтэрсэнгүй. Бумаа авгай самбаачлан шилэн фордны жолоочоор хэлмэрчлүүлэх санал тавив. Жолооч хэлмэрчлэхийг зөвшөөрч сумын удирдлагуудыг танилцуулна. “Вот это, Сумын дарга аа”. Сумын даргыг дагалдагч өөрийгөө танилцуулна. “Би Хоршооны дарга байна” Орос эмч “Хорошо дарга аа?” Жолооч “Нээт нээт, монценковын дарга аа”. Сургуулийн захирал өөрийгөө танилцуулав. Жолооч “Booт, три дарга аа! За миний мэддэг орос хэл дууслаа шүү” гэнэ. С.Гэндэн найруулж, Л.Ванган зохиолыг нь бичсэн “Сэрэлт” киног үзээгүй хүн байхгүй л болов уу. Яг энэ хэсэгт гардаг шилэн форд машин одоог хэр нь кино үйлдвэрийн грашид хадгалагдсаар л байгаа аж.
Маршал Х.Чойбалсаны прадад оролцохдоо хөлөглөдөг байсан Сталины гарын үсэгтэй, дээвэргүй “Чайка”-гаас эхлээд “Хөдөөгийн баясгалан” киноны Болдод захиа зөөдөг шуудангийн УАЗ 53 маркийн машин, 1940-өөд онд дайнд оролцож явсан ЗИС 5 гээд хэрэв хэлтэй бол түүхийг бодитоор нь хүүрнэх машин энд л байна.
Өнгөрсөн үеийн түүхийг одоо үед бүтээхэд үзэгчдэд итгэл төрүүлэх нэг баримт бол эдгээр машин. Тэд энэ үүргээ одоо ч гэсэн биелүүлсээр л байна. Өнгөрсөн оноос зураг авалт нь эхэлсэн КУДС болон “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонгын найруулсан “Улаан тарианы хүүхнүүд буюу 505” хэмээх дайны дараахь үеийн Монгол, хэлмэгдсэн оросуудын талаар өгүүлэх түүхэн кинонд эдгээр машин гол дүрд нь “тоглож” байгаа аж.