Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Амар: Зөнөглөх өвчнийг анагаах молекул гаргаж авбал зургаан тэрбум ам. долларын борлуулалт хийнэ

Сүүлийн үед монголчууд уул уурхайгаас өөр зүйл ярихаа бас бодохоо больсон. Тиймдээ ч их мөнгөний үүр уурхай байдаг мэтээр сэтгэж, төсөөлж байна. Хэдийгээр уул уурхайгаас мөнгө олох боломж их ч түүнээс илүүг их ашиг олох, мөнгө босгох, эдийн засгийн эргэлтэд оруулах зүйл манай улсад бэлэн болоод эзнээ хүлээж буйг эрдэмтэд дэлгэж байна. Энэ тухай ХАА-н шинжлэх ухааны доктор Э.Амартай ярилцлаа.
-Уул уурхайгаас өөр чухам юуг эдийн засгийн эргэлтэнд оруулбал илүү их ашиг олох боломжтой юм бол?
-Эхлээд баялгийн талаархи ойлголтыг ярих нь зөв байх. Баялгийг оюуны өмчийн, байгалийн гэж хуваадаг. Хүн оюуны өмчөөрөө капитал бүтээгээд ямар ч ашиг олж болно. Тухайн хүн оюунаараа бүтээсэн зүйлээ эргэлтэд оруулж ашгаа хүртээд,  татвараа төлөөд баяжих эсэх нь өөрийнх нь л хэрэг. Сая л гэхэд АНУ-ын шүүхээс “Aplle” компанийн смартфон болон таблет компьютерийн заргын талаархи шүүхийн шийдвэр тэдний талд гарлаа шүү дээ. Энэ мэтээр оюунаараа бүтээсэн зүйлээ ашиглаж, хамгаалж ашгаа хүртэж болно. Гэтэл байгалийн баялгийг хэн нэг хүн бүтээгээгүй учраас түүнээс гарах ашгийг нийтээрээ тэгш хуваарилах ёстой. Гэхдээ байгалийн баялгаа бас дотор нь ашигт малтмал, ургамал, амьтан, бичил биетэн гэж хоёр ангилж болдог. Ашигт малтмалын тухайд НҮБ-ын “Байгалийн баялгийн халдашгүй дархан эрхийн тухай” 1952 оны 18 дугаар тогтоол гэж бий.  Энэ тогтоолд байгалийн баялгийг хүн бүтээгээгүй учраас хэн нэгэн давуу эрхээр ашиг олох нь зүй бус гэж зааж өгсөн. Түүнчлэн Биологийн олон янзын конвенцыг 1992 онд батласан. Энэ конвенц нь ургамал, амьтан, бичил биетнийг хүн бүтээгээгүй учраас хэн нэг этгээд ганцаараа давуу эрх эдэлж ашиг олохыг зогсоох зорилготой. Манай улс мөн эл конвенцод нэгдэн орсон. Энэхүү конвенцод генетикийн нөөцийг ашиглана, хамгаална, ашигласнаас гарах ашгийг тэгш, шударга хуваарилна гэсэн үндсэн гурван зарчим байдаг. Өөрөөр хэлбэл ургамал, амьтан, бичил биетэн гэсэн энэ гурван зүйлийг нэгтгээд генетик нөөц гэж нэрлэж байгаа юм. Шонхор шувуу, самар гэх мэт бүгд л генетик нөөц шүү дээ. Гэхдээ манай улсын хувьд харамсалтай зүйл их байна.
-Тухайлбал?
-Генетик нөөцийг хамгаална, ашиглана гэдэгтээ анхаарал хандуулахаас бус ашигласнаас гарах ашгийг хуваах талаар зохицуулалт хийдэггүй. Уг нь, манайх чинь тусгаар тогтносон улс боловч баялгийнхаа талаас аваад үзэхээр тусгаар тогтноогүй юм шиг харагддаг. Хэн дуртай нь ирээд баялгийг нь аваад гарч л байдаг,  яаж ч чаддаггүй. Үүнийг зохицуулсан хууль эрх зүйн орчин ч байдаггүй.
-Монголчуудын хувьд генетик нөөц гэдэг нэр томъёо шинэ байж болох ч түүнд агуулагдах зүйлийн тухайд мэддэг зүйл шүү дээ?
-Газрын хөрсөн дээр байгаа ургамал, амьтан, бичил биетнийг ашигласан тохиолдолд ямар нэгэн ашиг гарч л таарна. Тэр ашгийг Монголын ард түмэн тодорхой хэмжээгээр хүртэх ёстой юм. Үүнийг ч дээр дурдсан конвенцод тодорхой заасан байгаа. Харамсалтай нь, манай улс энэ заалтыг биелүүлэхгүй байна. Хэрвээ биелүүлэхгүй гэвэл энэ конвенцоосоо гарах хэрэгтэй л дээ. Тухайлбал, Хэнтий аймгаас самар түүгээд урд хөрш рүү экспортоллоо гэхэд тодорхой ашиг гарна. Түүний таван хувийг нөөц ашигласны татвар гэж улс авах хэрэгтэй. Дээрээс нь уул уурхайн нөөц ашигласны татвар гэж авдагтай адил генетик нөөц ашигласны татвар гэж тодорхой хэмжээний мөнгө төлөх ёстой. Мөн генетик нөөцийн хөгжлийн сан гэж байгуулаад тодорхой хэмжээг нь авч үлдсэнийг нь тухайн орон нутагт өгөх хэрэгтэй. Энэ санг заавал байгуулах учиртай юм. Учир нь, энэ сангаар дамжуулаад авсан баялгийнхаа оронд тухайн орон нутагт нөхөн сэргээлтээс эхлээд хийх зүйл их бий шүү дээ. Ер нь аливаа байгалийн нөөц баялаг болоод бусад зүйлийг хамгаалахдаа мөнгө хөрөнгөтэй байх хэрэгтэй. Юу ч үгүй байж байгаль хамгаалах талаар яриад ч хэрэггүй. Тэгээд ч манайхан ярихаас нэг их хэтрэхгүй байна.  Орон нутгийн иргэд тодорхой хэмжээгээр ашгаас нь хүртэх ёстой. Үүнийг ч Биологийн олон янзын конвенцод зааж өгсөн. Тухайн орон нутгийн хүн, уугуул иргэд ашиг хүртэнэ гэж. Биологийн олон янзын конвенцыг үндэс болгоод дэлхийн дөчөөд орон хууль гаргасан байна. Ашиг гэхээр 3000 ам. доллар биш шүү, уучлаарай. Үүнээс илүү их зүйл яригдах юм. Энэ бол нэг л жишээ. Үүнээс гадна ургамал, амьтан, микро организмаас маш их молекул ялгаж эм тан хийдэг. Өнөөдөр дэлхий дээр хэрэглэж байгаа нийт эм бэлдмэлийн бараг 70 хувь нь ургамал, амьтан, бичил биетний гаралтай. Үлдсэн 30 хувийг хүн өөрөө зохион бүтээсэн байдаг. Хамгийн наад зах нь пенициллинийг хүн бүтээгээгүй, харин хайж олсон. Хэрвээ манайх хууль гараад эдийн засгийн эргэлтэд оруулбал дэлхийн эм үйлдвэрлэлийн компаниудтай бид арай өөрөөр ярьж болно.
-Яаж?
-Хуулиараа. Бид Монголдоо маш эрчимтэй судалгаа явуулсан. Өнөөдөр манайд хууль байхгүй учраас эрдэм шинжилгээ гэдэг нэрийн дор хамаг зүйлээ хилийн дээс давуулаад алдаж байна.
-Яг юу улсын хил давуулаад гаргаад байна гэдгийг та тодорхой баримтаар хэлэхгүй юу?
-Аливаа дээжийг хилээр гаргахад хамгийн сүүлд Улсын мэргэжлийн хяналтын газраас экспортын зөвшөөрөл авдаг. Энэ дээжүүдээс эргээд манай улсад наалдаж байна уу гэхээр юу ч байдаггүй. Эндээс харахаар монголчууд бид баялгаа л гадаад руу гаргаад байгаагаас өөр юу ч хийж чадахгүй байна. Тийм учраас үүнийг хуулийн зохицуулалтад оруулаад гадаадын өндөр хөгжилтэй орнуудын биотехнологийн, эм үйлдвэрлэлийн компаниудтай энэ асуудлын талаар хуулийн хүрээнд шударгаар хайгуулын ажил хийж болно. Хайгуулын ажилд маш их хөрөнгө орно. Тийм болохоор хуулиараа зохицуулалт хийгээд мөнгөө гадаадынхнаар гаргуулах бололцоо байна. Оюу толгойг гэхэд л энэ чиглэлийн хууль байсан учраас л нээж олсон хэрэг. Хууль байхгүй бол Фрийдланд гэдэг тэр нөхөр манайд ирэхгүй, мэдэх ч үгүй биз. Яг үүнтэй агаар нэг адил Монгол Улсын ургамал, амьтан, микро организмыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй байна. Одоо дандаа хулгайгаар хилээр гаргаж буй болохоор эдийн засгийн ямар ч ашиг байдаггүй. Тиймээс л эдийн засгийн эргэлтэд оруулах хууль хэрэгтэй байна.   Гэтэл өнөөдөр манай улс уул уурхай руу хэт туйлширснаас болоод эдийн засгийн бүтэц алдагдаад байна. Эдийн засгийн энэ бүтцийг эрүүлжүүлэхийн тулд өнөөдрийн бидний ганц чадах зүйл бол ургамал, амьтан, микро организмыг эргэлтэд оруулах юм.
-Та хууль байхгүй гэлээ. Тэгэхээр энэ хуулийг хэн санаачилж батлуулах учиртай юм бэ.  Уг нь, мэргэжлийн хүмүүс та бүхний санал, санаачилга илүү их хэрэгтэй юм шиг санагдаж байна?
-Тийм учраас бид хуулийн төсөл боловсруулсан. Дэлхийн банкнаас манай улсын баялаг чимээгүйхэн гадагшаа гараад дууслаа шүү, дуусахаас нь өмнө арга хэмжээ авахгүй бол болохгүй нь ээ гээд хуулийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлсэн юм. Үнэхээр Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихээд байна. Өнөөдөр үүнийг ойлгож буй хүн бий ч юм уу даа. Үнэнийг хэлэхэд би өөрөө ч гэсэн 2006 онд биотехнологийн компани байгуулаад үйл ажиллагаа явуулж байна. Манай улсын бүхий л зүйл хуулийн дагуу явах ёстой гэдгийг бид сайн ойлгосон. Гэтэл түүнийг нь зохицуулсан хууль байгаагүй учраас үүнд анхаарал хандуулсан. Бид альчгеймер /зөнөглөх өвчин/ ч юм уу хорт хавдрын нэг молекулыг хаанаас ямар аргаар, яаж олох вэ гэдгийг дэндүү сайн мэднэ.  Санхүүжилт, хууль хоёр байхгүй учраас л болохгүй байна. Энэ ажлыг хийж эхлэхээр бид Монгол Улсаа зарчих гээд байна, хуульгүй учраас. Хэрвээ хуультай болчихвол манайхтай ижил маш олон гарааны компани бий болно.  Өнөөдөр уул уурхайн 400 гаруй компани байдагтай адил хууль гарвал эрдэм шинжилгээний их, дээд сургуулиудыг хувийн хэвшилтэй нийлүүлэх процесс эрчимжих юм. Жишээ нь, хүмүүс хойлогны мах сайн гээд л яриад байдаг. Үүнийг нь сайн гэдгийг бид мэднэ. Гэхдээ Шинжлэх ухааны академийн хүмүүсээс асуухад мэдэхгүй байсан. Үүнийг сайн судлахын тулд бас л хууль эрх зүйн орчин хэрэгтэй. Зохицуулах хууль  байхгүй учраас гадаадынхан биотехнологийн салбарт хөрөнгө оруулахгүй айгаад байна. Гэхдээ хуульгүй ч гэсэн их дээд сургууль, эрдэм шинжилгээний төвүүдэд судалгааны зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг л даа. Харамсалтай нь, манайд энэ талаар шинжилдэг лаборатор байдаггүй.
Харин шинэ Засгийн газар байгуулагдаад Япон улсад боловсрол эзэмшсэн залуу хүн энэ салбарын сайд болсонд миний хувьд баяртай байгаа. Энэ бүхнийг цогцоор нь нэг шийдэлд хүргэх боломжийг гаргах алтан боломж бий болж байгаа юм болов уу ч гэж бодож байгаа. Социализмын үед 20,30 хуультай, түүндээ зохицуулагдаад болдог бол одоо тийм боломж алга.
-Ургамал, амьтан, бичил биетнийг эдийн засгийн эргэлтэд оруулсан тохиолдол байдаг уу. Эргэлтэд оруулахаар боллоо гэхэд бэлэн болсон зүйл бий юү?
-2007 онд Шинжлэх ухааны академиас 4000 гаруй бичил биетний өсгөвөр Япон улсад явуулсан юм билээ. Түүнийг хүлээж авсан байгууллага нь NITE.  Энэ байгууллага судалгаа хийгээд түүнээс сайн борлуулагдах тараг гаргаж авах юм шиг байна билээ. Үүнд нь бид япончуудад талархах ёстой. Нэгэнт бид хөрөнгөө өгсөн учраас ашгаа авч эхэлнэ. Манайх лабораторгүй учраас өөрсдөө гаргаж авч чадахгүй. Түүнээс гадна мэргэжилтнүүдээ дорд үздэг. Энэ талаар Шинжлэх ухааны академи мэдэж байгаа. Ингэснээр Монгол Улс, ШУА, тэр өсгөврийг өгсөн Увс аймаг мөнгөтэй болно. Тэгэхлээр тодорхой хэмжээгээр амьдрал дээшилнэ биз дээ.
-Хорт хавдар, зөнөглөх өвчний талаар судалгаа хийж байгаа талаар цухас яриад өнгөрлөө. Энэ тухайгаа дэлгэрүүлэхгүй юу?
-Зөнөглөх өвчин, хорт хавдрын талаар судалгаа хийж байгаа. Төслөө ч боловсруулсан. Зөнөглөх өвчнийг анагаах молекул гаргаж авбал 15 жилийн дараа зургаан тэрбум ам. долларын борлуулалт хийнэ. Биотехнологи бол хөрөнгө оруулалт их шаарддаг. Хөрөнгө оруулалтыг бид хууль батлуулах замаар, гадаадын хөрөнгө оруулалтыг татах бололцоотой.  Ерөнхийдөө судалгаа хийхэд зарцуулсан зардлыг багадаа 6-25 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний борлуулалт хийдэг. Өөрөөр хэлбэл, нэг сая ам. долларын зардал гаргалаа гэхэд наад зах нь зургаан саяын борлуулалт хийнэ.
-Үр дүнгээ гаргаж чадвал ашгаа өгөх хамгийн том салбар болж таарч байна шүү дээ?
-Тийм ээ. Хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчинг нь боловсронгуй болговол энэ бол эхлэл нь. Судалгааны ажил 10-15 жил үргэлжилнэ. Молекулаа хайгаад олчихвол биотехнологи өөрийн гэсэн дэг жаягтай байдаг. Энэ талаар манай компанийн хүмүүс ном бичиж байгаа. 2012 ондоо багтаад хэвлээд гаргачихвал хүмүүст хэрэг болох байх аа.  

Б.Энхбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан