“Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг хууль ёсны хугацаанд мэдүүлэг өгөөгүй, хилийн чанадаас оргон зайлсан байж болзошгүй гэх үндэслэлээр гадаад паспортыг нь хүчингүй болгожээ. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар хууль хүчний байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ "Гэмт хэрэгт сэжиглэгдсэн, холбогдсон этгээдүүд мөрдөн байцаалтын шатанд оргон зайлах, хэргийн мөрдөн байцаалтын явцыг удаашруулах зэргээр хэрэгт нөлөөлж байгаа тул гэмт хэрэгт сэжиглэгдсэн, холбогдсон үедээ хил гарч зугтсан иргэдийн гадаад паспортыг хүчингүй болго" гэж үүрэг чиглэл өгсөн байдаг. Энэ дагуу Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгосон байна.
Ингэснээр “Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан өөрөө ирэх, эсвэл тухайн нутаг дэвсгэрээсээ хөөгдөж буюу баривчлагдаж ирэх, эсвэл бүр нуугдаж амьдрах нөхцөл бүрдээд байна.
Хэргийг сануулбал, 2025 оны долоодугаар сарын 18–19-нд шилжих шөнө, Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Cante” шөнийн цэнгээний газрын гадна зодооны хэрэг гарсан. Тус зодооны хэрэгт “Таванбогд” группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, “GEM групп”-ийн эзэн, Улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, болон Л.Алтан‑Очир нар иргэн С-ийг зодсон гэх хэрэгт холбогдсон. Хохирогч С нь хүнд гэмтэл авч, нэг нүд нь харах чадваргүй болсон гэх мэдээллийг хохирогчийн аав Д.Дашзэвэг өгсөн байдаг. Улмаар хохирогч С-ыг эмчлүүлэхээр ар гэрийнхэн нь БНСУ руу авч яваад буй юм.
Хэрэгт холбогдсон Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан‑Очир нарыг 30 хоног цагдан хорьж шалгаж байна. Харин Б.Амарсайхан нь хэрэг гарсны дараахан буюу долоодугаар сарын 20-нд "Найз охины бие муу байгаа тул явчихаад 7 дугаар сарын 27-нд ирнэ" хэмээн мэдэгдээд хил давсан байдаг. Улмаар БНСУ-ын нутаг дэвсгэрээс ч цаашаа дамжин явсан явсан гэх мэдээлэл бий.