“Мисс Монголиа” тэмцээн ес дэх удаагаа зохиогдох гэж байна. Тэмцээний талаар “Мисс Монголиа” холбооны дэд захирал Д.Баянцэцэгтэй ярилцлаа.
-“Мисс Монголиа 2012” тэмцээний бүртгэл эхэлсэн гэв үү?
- Юуны өмнө танай сонины уншигчдад “Мисс Монголиа” холбооны хамт олны өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн тэмцээний бүртгэл эхэлсэн байгаа.
-Тэмцээнд түрүүлсэн нь олон улсын миссийн тэмцээнийг зорьдог байх аа?
-Тийм ээ. Энэхүү уламжлалынхаа дагуу “Мисс Монголиа 2012” тэмцээний ялагч аравдугаар сард “Miss International 2012” тэмцээнд явна. Тус тэмцээнийг энэ жил Япон болон БНХАУ хамтран зохион байгуулахаар болсон. Тиймээс Хятадын Шанхай хотод эхлээд финалын ёслолын ажиллагаа нь Японы үзэсгэлэнт арал Окинавад болох юм. Мөн дараа дараагийн байрт шалгарсан охид манай холбоогоор дамжуулан олон улсын тэмцээнд хүч сорих боломжтой байгаа.
-Түрүү жил “Мисс Монголиа” наадам реалити хэлбэрээр зохиогдож байсан санагдана. Энэ удаагийнх ямар хэлбэрээр зохиогдох бол?
-Тэмцээний маань ялагч ирэх сарын 8-нд тодрох байгаа. Тэмцээнийхээ үйл явцыг цувралаар МҮОНТ-ээр хүргэхээр болсон.
-“Мисс Монголиа” наадмаас төрөн гарч, олон улсын тэмцээнд амжилттай оролцсон миссүүдийнхээ заримаас дурдахгүй юу?
-Анхны ялагч Содтуяа “Miss International 2004” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож шилдэг аравт шалгарсны зэрэгцээ “Miss Photogenic” өргөмжлөл хүртэж байсан удаатай. “Мисс Монголиа 2005”-ын тэргүүн мисс Б. Гантогоо нь “Miss Tourism World 2006” тэмцээнээс гуравдугаар байрын шагнал болон шилдэг үндэсний хувцас шагналыг хүртэж байв. 2006 оны дэд мисс Т.Ундармаа “Miss Intercontinetal 2006” тэмцээнээс тусгай байрын шагнал хүртэж, одоо БНСУ-д “Christian Dior”-ын гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн тэргүүн мисс И.Төгсөө “Miss International 2011” тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцон 79 орны миссээс “Second runner” буюу гуравдугаар байрын эзэн болж Монгол Улсын нэрийг дэлхийд гаргасан гээд дурдвал олон амжилт бий.
-“Мисс Монголиа 2011”-т хөдөө орон нутгаас охид ирж оролцож байсан. Энэ жил ч гэсэн өргөн хүрээнд зохиогдох уу?
-Тийм ээ. Манай холбооноос аймгуудын Засаг даргын тамгын газар, Залуучуудын холбоодод албан бичиг хүргүүлсэн байгаа. Тиймээс өргөн хүрээнд зохиогдоно.
-“Мисс Монголиа” наадамд загварын агентлагууд өрсөлдөөд байх шиг анзаарагддаг?
-Загварын агенлагаас охид оролцдог л доо. Тэд тэргүүн титмийг хүртвэл агентлагийнхаа нэр хүндийг өргөх нь мэдээж шүү дээ. Загварын агентлагаас оролцдог охид туршлагатай, амжилт үзүүлэх нь их байдаг юм. Гэхдээ тэмцээнд маань зөвхөн загварын агентлагаас оролцогч ирдэггүй бүх охидод нээлттэй байдаг юм шүү. Хувийн бэлтгэлээ сайн хангасан оролцогчид тэргүүн миссийн титмийг хүртэх бүрэн боломжтой.
-Монгол охид сүүлийн үед загварын чиглэлээр өндөр амжилт гаргах болж. Үүнийг юутай холбон тайлбарлах вэ?
-Загвар өмсөгч охидын хувийн амжилт гэхээсээ илүү манай дизайнеруудын дахин давтагдашгүй Монголын уламжлалыг орчин үетэй хослуулсан гайхамшигт загварын бүтээлүүд нь шууд нөлөөлсөн байх. Монгол төрхөө дотоод гадаадын загварын ертөнцөд таниулан сурталчилснаар гадаадын агентлагуудын анхааралд өртөх нь их.
-Тиймдээ ч амжилт арвинтай олон мисс гадаадад ажиллаж Монголынхоо нэрийг гаргаж байгаа байх?
-Гадаадын нэр хүндтэй загварын агенлагт харьяалагдан ажиллах нь ямар ч загвар өмсөгчийн мөрөөдөл. Манай загвар өмсөгчдөөс дэлхийд нэртэй агенлагуудад гэрээгээр ажиллаж байгаа нь үнэхээр бахархалтай. Монгол хүний бие бялдрын хөгжил, оюуны хөгжил, гоо сайхны хөгжлийг гадаадынхан үнэлж нэр хүндтэй агенлагууддаа урьж ажиллуулж байгаа нь сайхан хэрэг биш гэж үү.
-Дэлхийн мисс зэрэг олон улсын тэмцээнд оролцоход их мөнгө төлдөг гэх юм. “Miss International”-д оролцоход хураамж авдаг уу?
-Олон улсын нэр хүндтэй миссийн тэмцээнүүд болох “Мiss World”, “Miss Universe”, “Miss International” гээд бүгд л өндөр хураамжтай байдаг. “Miss International” тэмцээнийг Дэлхийн соёлын нийгэмлгээс зохион байгуулдаг юм. Манай холбоо гишүүн нь учраас хөнгөлөлт эдэлдэг.
-“Miss International”-д явахад танай холбооноос хувцас хунар, зардал мөнгийг нь даадаг уу?
-Олон улсын тэмцээний зардлыг спонсор байгууллагаас нь гаргадаг. Охидод хувийн бэлтгэлээ хангахад нь зөвлөгөө өгч, тусалдаг.